Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Нийгмийн захиалгат үйлчилгээ болсон нийтийн тээвэрт өнжлөө

Хотын дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар ний­тийн тээврийн зохион бай­гуу­лалтад том өөрчлөлт орсныг нийслэлийн иргэн бүр мэдэрч байна. Та, бид өдөрт хаашаа ч зорч­сон автобусанд ердөө 500-хан төгрөг зарцуулж байна. 

Аль 60 жилийн өмнөх сүл­жээ төлөвлөлтөөрөө ний­тийн тээвэр иргэдэд үйл­чил­сээр өнөөдрийг хүрэв. Тиймээс шинэчилсэн энэ марш­рут хүмүүст танин мэдэхүй болж буй нь ойл­гомж­той. Дэлхийн өндөр хөг­жилтэй орнуудын нийтийн тээврийнхээ салбарт хийсэн хувьсал, өнөөгийн хөгжлийн замд хүрсэн туршлага зэр­гийг манай нийслэлийн удирд­лагууд судалсны дүнд ийн хэрэгжүүлж байгаа нь мэдээж. Өнгөрсөн баасан гаригаас эхэлсэн автобусны буухиа төлөвлөлт арав хоног л мөрдөгдөнө. Хотын замын түгжрэлийг бууруулж иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэм­нэ­сэн энэхүү ажил цаашид үргэлжлэх боломжтой эсэхийг нийслэлчүүд шийднэ. Арав хоногийн дараа автобусны уг үйлчилгээний талаар иргэдээс санал авч эцсийн шийдвэрийг гаргах учиртай. Манайд анх удаа хэрэгжиж буй нийтийн тээврийн шинэ­чил­сэн маршрут иргэдэд хэр­хэн хүрч байгаа юм бол. Энэ удаагийнхаа “Танайд өнжье” булангаараа нийгмийн захиалгат үйлчилгээ болсон нийтийн тээвэрт өнжлөө.

Иргэд болон билет борлуулагч нар чиглэлийн автобуснуудын мэдээллээр хомс байв

2014.08.22.Баасан гариг. Буухиа автобусны маршрут энэ өдрөөс иргэдэд үйлчлэх болсныг  холбогдох албаныхан хэвлэлээр мэдээлж байсны дагуу хэрэгжлээ.  Автобусны буудал болгон дээр “Тасалбар борлуулагч” зогсчээ. Тэд иргэ­дийг автобусанд суухаас нь өмнө билетээ борлуулахыг бодохоос чиглэл маршрутын талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй байлаа. Телевиз, радио, сонин хэвлэлээр мэдээлэл авсан хүмүүсийн хувьд буудал дээр ирэнгүүтээ түүнээс бүтэн өдрийн турш үйлчлэх 500 төгрөгийн тасалбар худалдан авч байв.

Харин энэ үйлчилгээний тухай ямар ч мэдээлэлгүй хүмүүс ихэд гайхаж байсан юм. Байнга явдаг чиглэлийнх нь бус огт өөр, өөр хаягтай автобусууд ойр ойрхон ирэхээр иргэд тэр болгон суухгүй, төөрөлдсөн янзтай хүлээж авч байлаа. Тэд “Энэ хаашаа явах автобус вэ” гэхэд билет таслагч “Ганцхан чиглэлд явна, энэ автобусаар үйлчлүүлж байгаад чиглэлийнхээ автобусанд сэлгэж суучихаж болно шүү дээ” гэв. Харин ямар автобусанд хэрхэн сэлгэж суух боломжтой талаар тэд ямар ч мэдээлэл өгч чадахгүй байв. Автобусанд орсон зорчигчдыг гаднаас тасалбар авсан эсэхийг шалгах хяналтын ажилтан тэдний дундуур явж зогсч нягтална. Гаднаас тасалбар авч орж ирээгүй хүмүүс хяналтын ажилтнаас нэг удаагийн билет авах нь цөөнгүй байсан юм. 

Зорчигчдын хувьд шинэ үйлчилгээнд өөр өөрийн өнцгөөр хандаж байлаа.  500 төгрөг төлөөд бүтэн өдөржин нийтийн тээврээр үйлчлүүлж, мөнгөө хэмнэж байгаадаа таатай иргэдийн баярласан царай андашгүй. Ар гэрийнхэн рүүгээ залган “Гадаа буудал дээрээс билет авч суугаарай. Хаашаа ч хамаагүй өдөржин явж болно гэж байна шүү. Дотроос билет авбал нэг л удаа үйлчлэх юм байна” гэхчилэн ойр тойрныхон руугаа сануулж байлаа. Харин зорьсон газартаа ямар чиглэлийн автобусанд хэрхэн суухаа мэдэхгүй, мөнгө хураагч, хяналтын ажилтнаас энэ талаарх лавлагааг авч чадахгүй байгаа иргэд нийтийн тээврийнхэн рүү уурсаж байв.  “Ямар хачин юм бэ, ажлаасаа хоцорчихлоо ш дээ. Одоо ямар автобусанд суух юм бэ” гэхчилэн ам амандаа шаагилдана. Шинэ үйлчилгээний маршрут төлөвлөлтийн талаар хаа хаанаа мэдээлэлгүйн улмаас дэмий бухимдацгаана. Нөгөөтэйгүүр үйлчилгээнд явж буй автобусууд шинэ чиглэлийнхээ хаягийг тодорхой бичээгүйгээс иргэд төөрөлдөж байсан юм. Зарим нийтийн тээвэр нь хуучин хаяг дээрээ цагаан цаас наачихсан явж байх ч жишээтэй. 

Энэхүү нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлт нь автобусууд буухиа маягаар өртөөлөн явах учиртайг иргэд тэр бүр ойлгохгүй байх нь аргагүй биз ээ. Манай улсад ямар метро гэж байх биш. Бүхэл бүтэн 60 жилийн турш нэг автобусанд сууж явсаар хэдэн ч цаг хамаагүй түгжирсээр зорьсон газартаа очоод сурчихсан юм чинь. Гэтэл нэг л өдөр амьдралынх нь энэ хэв маяг автоматаар өөрчлөгдчихөөр хүмүүс тийм ч шууд дасан зохицохгүй нь ойлгомжтой. Баасан гаригийн орой ажил албаа тараад ар гэртээ харьж яваа хүмүүсийн сэтгэгдэл өглөөний бухимдлаас тэс ондоо өөрчлөгдсөн байв. Автобус доторх уур амьсгал нэг л өөр болжээ. “Өнөөдөр чинь 500-хан төгрөгөөр гадуур ажлаа амжуулчихлаа шүү дээ. Энэ чинь уг нь зүгээр юм аа. Даанч автобусныхаа чиглэлийг тогтоох болтол нэлээд толгой эргэх бололтой” гэж зорчигчид ам уралдуулж байв. Өдөрт дор хаяж 1000-2000 төгрөг автобусанд өгдөг байсан хүмүүсийн сэтгэл өег байв. 

Бямба гариг. Хичээл сургууль эхлэх цаг хаяанд ирж, хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Ялангуяа амралтын өдрүүдэд нийтийн тээврийнхэн нэлээд ачаалалтай ажиллаж байв.  Урьд өдөр нь автобусаар зорчсон иргэд ч учраа түвэггүй олж байгаа бололтой. Харин хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд их л будилж байгаа харагдана лээ. “Зах орох унаа ирэхгүй юм байх даа” гэж бие биенээсээ асууцгаана. Ойр ойрхон, ердөө хоёр минутын зайтай ирээд явах автобусанд тэр болгон суусангүй. “Зах орохгүй юм уу” гэж асуухад тасалбар борлуулагчид “500 төгрөг төлөөд хаашаа ч хамаагүй явах юм чинь суугаад яв л даа” гэж давхар таниулга хийнэ. Ерөнхийдөө автобусны маршрут хэрэгжиж эхэлсэн хоёр дахь өдөр иргэдийн дийлэнх нь мэдээлэлтэй болсон байлаа. Автобусаар зорчигчдын 65 хувь нь энэ үйлчилгээг сайшаан олзуурхаж байв.

Энэ өдөр хамгийн ачаалалтай ажиллаж байсан зам нь Энхтайваны өргөн чөлөө. Офицеруудын ордноос “Таван шар” хүртэлх зам нийт 39 автобусны буудал бий. Буудал болгон дээр хүн гэж пиг. Уг нь энэ төв замд “Тэнүү-Огоо”, “Автобус-1”, “Эрдэнэ-транс”, “Blue buss” компанийн нийт 100 автобус иргэдэд үйлчилж байгаа аж. Автобусууд хоёр хоёр минутын зайтай явж байхаар зохицуулалт хийсэн байна. Гэвч замын түгжрэлээс шалтгаалан автобусууд саатаж, буудал дээр хүмүүс оволзжээ. Автобуснууд нь ирэхээрээ бөөн бөөнөөрөө нэг дор ирэх юм. Тухайлбал, Саппорогийн буудал дээр Сонсголонгийн автобусыг 30 гаруй минут хүлээн зогсч байна гэж иргэд ярьцгааж байлаа. Тэнд дөрвөн тасалбар борлуулагч ажиллаж байсан бөгөөд иргэдэд чиглэлийнх нь талаар мэдээлэл өгч чадахгүй, зорчигчдод загнуулцгаах нь энүүхэнд ажээ. Буудал дээр автобус хүлээн зогсох иргэд хэсэг хэсгээрээ санаагаа нэгтгэж, сайн дурын “үйлдвэрчний эвлэл” байгуулчихсан зогсч байх жишээний. Тэд “Хуучин чиглэлээрээ автобусууд нь явах ёстой. Тэгээд бүтэн өдрийн турш 500 төгрөгөөр зорчвол болж байна” гэх нь тэр. Нийтийн тээврийн маршрут  төлөвлөлт задарч, метро схемээр шинэчлэгдэж байгаагийн ач холбогдлыг тэд ойлгохгүй байгаа бололтой. Ингээд иргэдийг удаан хүлээлгэсэн чиглэлийн автобусууд замын гацаанаас гарангуутаа буудал дээр шил шилээ даган ирж зогсоцгоох юм. Харин тэнд оволзож байсан хүмүүс ч яах ийхийн зуур алга болцгоов. Тиймээс зарим автобус нь хүнгүй шахам, нэг хэсэг нь хүнээ багтааж ядан явцгаах нь анхаарал татлаа. Мөн энэ их ачааллын үеэр троллейбуснууд суудлынхаа тоогоор зорчигчтой явж байсан юм. 

Мөн нийтийн тээврийн энэ төлөвлөлтөөр микро автобуснууд мэр сэр явж байгаа харагдав. Бүтэн өдрийн турш хүчинтэй 500 төгрөгийн тасалбар микроныхонд үйлчлэхгүй. Тиймээс иргэд тасалбараа дахин ашиглах гээд микрод тэр болгон суухгүй байлаа. 

Замын цагдаа нар ажлаа хийвэл хотын даргын санал амжилттай хэрэгжих боломж байна

Офицеруудын ордноос Таван шар хүртэлх Энхтайваны өргөн чөлөөнд зорчиход хэдэн минут зарцуулж байгааг сонирхлоо. Офицеруудын ордноос 13.16 цагт хөдөлсөн нийтийн тээвэр яг 40 минутын дараа Таван шар дээр ирлээ. Уг нь үүнээс богино хугацаанд туулах боломж байсан юм. Төв замын нэгдүгээр эгнээ нийтийн тээврийн зорчих хэсэг болсон. Хичээл сургууль эхлэх гээд ачаалал ихтэй болсон энэ өдрүүдэд төв зам их  түгжирч байгаа. Тээврийн хэрэгслүүд автобусны замаар зорчсоноос нийтийн тээврийн зорчих хугацаанаас хугаслаж байлаа. Уг нь автобус нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчвол иргэдэд л хэрэгтэй. Гэтэл автобусны урдуур машин орж түгжрэл үүсгэчих юм. Энхтайваны өргөн чөлөөнд замын цагдаа нар ойр ойрхон гарсан харагдав. Харамсалтай нь тэд автобусны урдуур орсон тээврийн хэрэгслүүдийг зохицуулж байгаа нь харагдсангүй. Харин ч дугаар нь явдаггүй машинуудыг хэд хэдээр нь нэгдүгээр эгнээнд зогсоож торгуулийнхаа ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байсан гэхэд болно. 

Офицеруудын ордноос Таван шар хүрсэн автобус бүх зорчигчоо буулгачихаад буцаад явчихаж байлаа. Орбит, Нисэх, Яармаг, Сонсголонгийн чиглэлийн автобусууд тэндээс хүнээ аваад цаашаа өртөөлж байв. Хотын төв шугам болсон Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал их байсан бол гэр хорооллын замд ямар байгааг сонирхохоор “Таван шар”-аас Орбитыг чиглэв. Автобусан дахь хяналтын ажилтан зорчигчдын билетийг нэг бүрчлэн шалгана. Өврөө байн байн ухаж, тасалбараа хайн зогсох арав гаруй насны лам хүү нүдэнд туслаа. Хяналтын ажилтан түүнээс тасалбараа авсан эсэхийг лавлахад “Би 200 төгрөгийн тасалбар авсан даа. Одоохон” гээд хамаг халаасаа нэгжсэний эцэст нандигнаж хадгалсан тасалбараа сая нэг юм гаргаж үзүүлэв. Тэр автобусанд зорчиж байсан иргэдийн дийлэнх нь тасалбараа гаднаас авчихсан байлаа. Хяналтын ажилтны ярьснаар хүмүүс урьд өдрийнхийгөө бодвол тасалбараа гаднаас аваад сурчихсан гэв.  Таван шараас автобусанд бөөнөөрөө суусан хүн Орбитын буудал болгон дээр буусаар бараг хоосон шахуу эцсийн зогсоол дээр очив. Бидний суусан автобус тэнд очингууд нэг автобус зөрөөд хөдөллөө. Эцсийн зогсоол дээрх тасалбар борлуулагч эмэгтэйгээс зарим зүйлийг тодруулсан юм. Түүнийг Я.Дуламсүрэн гэдэг бөгөөд “Тэнүүн-Огоо” компанийн ажилтан ажээ. Тэрбээр “Өдрийн тал өнгөрчихсөн байхад 200 гаруй мянган төгрөгийн тасалбар борлуулаад байна. Нэг тасалбараар тухайн гэр бүлийн хэдэн ч хүн үйлчлүүлж байгааг бид мэдэхгүй, хянах аргагүй. Гэрээсээ гарч ирсэн хоёр хүний нэг нь л тасалбар авч байх жишээний. Гадаа байнга зогсох жаахан хүндрэлтэй юм. Тоос шороо ихтэйн дээр зэврүү хүйтэн өдөр хэцүү юм шиг санагдсан. Үүний оронд автобусандаа явж байж болдоггүй юм байх даа. Иргэд 500 төгрөгөөр явж байгаад их таатай хүлээж авч байгаа. Миний бодлоор сургуулийн насны хүүхдүүдээс мөнгө авч байхын оронд оюутнуудаас авмаар байгаа юм. Тэд орой үдшийн цагаар голдуу халамцуу явж байдаг. Тэгээд биднийг загнадаг. Уг нь ямар ч орлогын эх үүсвэргүй жаахан хүүхдүүдээс мөнгө авч байхын оронд сардаа 70 мянган төгрөгийн тэтгэмж авдаг оюутнуудыг мөнгөөр нь явуулдаг болох хэрэгтэй” гэлээ. 

Цэвэрлээд хөдөлсөн автобус хэдхэн буудал яваад л шороонд дарагдчихав

Нийтийн тээвэр иргэдэд соёлтой боловсон үйлчилбэл замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо багасна гэх яриа бий. Энэ бол биелэх боломжтой асуудал. Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, маршрут төлөвлөлтөө задалснаар энэ асуудал түвэггүйхэн шийдэгдчихмээр. Харамсалтай нь өнөөдөр манай автобуснууд орлогын төлөө, цаганд баригдаж, даац хэтрүүлэн давхиж байна. Нийтийн тээвэрт бодлого дутаж байгаагийн бодит үнэн энэ юм. Харин энэ салбарынхан метро зураглалаар явж байгаа арав хоногтоо иргэдэд аль болох ая тухтай үйлчлэхийг хичээж байгаа нь илт. Автобуснуудын гаднах өнгө будаг, дугуйны обуд зэрэг нь өнгөлөг харагдана. Орбитын эцсийн буудал дээр ирсэн автобусуудад хяналтын ажилтнууд нь чийгтэй цэвэрлэгээ хийгээд хөдөлж байв. Тэндээс цэвэрхэн гарсан автобус хэдхэн буудал яваад тоос шороонд дарагдах нь тэр. Манай зам ч гэж зам. Орбитын зам маш их эвдрэлтэй болохоор автобус тарчигнаж, чихэнд чийртэй, зорчигчдын тав тухыг алдагдуулна. Үүний оронд намбалзсан цэвэрхэн автобус үйлчилгээнд явбал иргэд дуртайяа суух нь тодорхой. 

Зорчигчдоос нийтийн тээврийн шинэ үйлчилгээ, тав тухтай байдлын талаар лавлахад “Би автобусанд сууж явахаар хамаг цагаа алддаг юм шиг санагддаг. Өнөөдөр миний машин явдаггүй болохоор би автобусанд суучихлаа. Бас 500 төгрөгөөр хаашаа ч хамаагүй явна гэхээр хэмнэлттэй санагдаад зориуд суусан юм. Би өдөрт хамгийн багадаа 10 мянган төгрөгөөр шатахуун хийдэг. Автобусныхаа чиглэлийг тодорхой болгоод иргэд өөрсдөө хэд яваад  сурчихвал энэ боломжийн санаа байна. Мөнгөнд ч хэмнэлттэй. Манай хотын зам, орчин маань хэцүү л дээ. Тоос шороотой нөхцөлд хичнээн цэвэрхэн автобус яваад нэмэргүй. Дээрээс нь манай зорчигчид соёлтой боловсон байхыг өөрөөсөө эхлүүлэх ёстой. Гэтэл автобусанд хогоо хамаагүй хаядаг хүмүүс олон бий” гэлээ. Хотын жирийн иргэний үг ийм байна. 

Автобус таксины үүрэг гүйцэтгэхээ болив

Сүүлийн гурван өдөр нийтийн тээврийнхэн салхинд туугдсан юм шиг давхихаа больж, нэгэн жигд хурдаар хөдөлгөөнд цэгцтэй оролцож байгааг иргэд анзаарсан байх. Автобусанд өнжиж байхад иргэд ч энэ тал дээр ам сайтай байв. Өмнө нийтийн тээврийнхэн хоорондоо уралдаж, бие биеийнхээ урдуур дайран галзуу юм шиг л эрсдэлтэй үйлдэл хийдэг байв. Замд гараа өргөсөн хүн болгоныг авч, таксины үүрэг гүйцэтгэдэг байлаа. Харин арав хоногийн хугацаатай хэрэгжих шинэ маршрут төлөвлөлтөөр эдгээр асуудлуудад цэг тавьж чадлаа. Хамгийн гол нь нийтийн тээврийнхэн орлогын араас биш, үйлчилгээндээ анхаарвал энэ салбар хөгжих бүрэн боломж байна гэдгийг энэ цөөхөн өдрүүд харуулах биз ээ. Автобусны буудал дээр тасалбар борлуулагчид цагийн 4000 төгрөгөөр цалинжиж байгаа. Өдөрт 12 цаг ажиллалаа гэхэд 48 мянган төгрөгийн цалин авна. Дээрээс нь борлуулсан тасалбарынхаа үнийн дүнгээс 10 хувийг нь нэмэгдэл цалин болгож авч байгаа. Хэрэв өдөрт 500 мянган төгрөгийн тасалбар борлуулбал нийтдээ 98 мянган төгрөгийн цалин авчихаж байна. Сардаа бараг гурван сая төгрөгийн цалин авчихна гэсэн үг. Жолооч кондукторуудын цалингийн асуудлыг ингээд шийдчихвэл нийтийн тээвэр зөвхөн иргэд рүүгээ чиглэсэн үйлчилгээг үзүүлэхийг нийслэлийн удирдлагууд шаардах эрхтэй болох юм. Тэд иргэдэд ч соёлтой боловсон үйлчилдэг болно шүү дээ. 

Автобусны жолооч Н.Бат-Эрдэнийн ярьснаар “Жолооч бидний хувьд энэ маршрут төлөвлөлт таалагдаж байгаа. Бид замд гар өргөсөн хүн болгоныг өрсөлдөн авч, дүрэм зөрчдөг байлаа. Харин одоо орлогын араас явахгүй болохоор гараа өргөсөн хүмүүсийг авахаа больчихож байгаа юм. Ингэснээр иргэд ядаж автобусны буудал дээрээсээ сууж сурна. Манай иргэд бараг гэрийнхээ үүдэн дээр буух гэж уурлацгаадаг. Ийм хүмүүс автобус сэлгэж суухдаа залхуурах нь аргагүй. Эхэндээ арга барилаа олохгүй будилж байх шиг байна. Яваандаа болох байх аа” гэв.

Хуурамч тасалбараас болгоомжил

Автобусны буудлын ачааллаас хамаарч 1-4 тасалбар борлуулагч тэнд ажиллаж байгаа юм. Иргэд өдөр бүр өөр өнгийн билетээр зорчино. Гэтэл автобусны буудлууд дээр хуурамч тасалбар борлуулж байгаа гэсэн мэдээлэл Нийслэлийн цагдаагийн газарт иржээ. Тасалбар борлуулагчдын ярьж байгаагаар “Драгон”-ы автобусны буудал дээр ахмад настай эрэгтэй хүн хуурамч билет борлуулж байгаад нийтийн тээврийн ажилчдад баригджээ. Энэ дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн цагдаа ахлах, ахлагч Э.Бат-Ирээдүй тасалбар борлуулагчдыг овог нэр, хувийн дугаараар нь шалгаж явж байхтай таарлаа. Тэрбээр “Бэлэн мөнгө биедээ авч явж байгаа та бүхэн аливаа халдлагаас болгоомжтой байгаарай. Ямар нэгэн асуудал гарвал 102-т мэдэгдээрэй” гэж тасалбар борлуулагчдад захилаа. Иргэд тасалбар авахдаа борлуулагчийн таних тэмдэг, ажлын үнэмлэх зэргийг нягтлан харж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна лээ. 

Энэхүү сүлжээ төлөвлөл­тийг хийхэд хотоос 1.3 тэрбум төгрөг, нийтийн тээврийнхнээс 1.8 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа юм. Тэд хамаг эрсдлээ өөрсдөө хариуцаж алдагдалтай ажилласан ч хамаагүй сүлжээ төлөвлөлтөө сайжруулан иргэдэд хүрч үйлчлэхийг зорьж буй ажээ. 

“Нийтийн тээврийн чиглэлүүдийн мэдээллийг бүрэн таньчихвал Э.Бат-ҮҮл даргын санаачилгыг бүрэн дэмжиж байна” гэв

Ням гариг. Автобусны шинэ маршрут хэрэгжиж эхэлсэн гурав дахь өдөр буюу өчигдрөөс иргэдийн дийлэнх нь зүг чигээ олчихсон байсан гэхэд болно. Гэхдээ өндөр настай хүмүүсийн хувьд автобус дамжиж бууж суухад хүндрэлтэй байгаагаа нуусангүй. Арга ч үгүй биз. Тэд хагас зуун жил хэрэгжсэн нийтийн тээврийн хэв маягт дасан зохицчихсон байсан улс шүү дээ. 

Залуучуудын хувьд энэ төлөвлөлтийг маш их дэмжиж байгаагаа илэхийлж байсан. Автобусны буудал дээр зогсч байсан хэсэг залуу “Э.Бат-Үүл дарга зөв алхам хийлээ. Өмнөх хотын удирдлагууд иргэдийнхээ төлөө ингэж зоригтой шийдэл гаргаж байсан удаагүй. Бүтэн өдөржин 500 төгрөгөөр зорчиход үнэхээр мөнгөнд хэмнэлттэй. Даанч нийтийн тээврийн чиглэлүүдийн талаар иргэдэд мэдээллээр хангах ажил дутмаг санагдлаа. Ядаж тасалбар борлуулагчид нэг нэг маршрут бариад суучихаж яагаад болохгүй гэж. Хүмүүс билет зарахын хажуугаар та ийм автобусанд суувал зорьсон газартаа очноо гэх тайлбар бидэнд хэрэгтэй байна. Жишээлбэл, Саппорогийн урд буудлаас Сонсголон явна гэж бодоод 40 минут хүлээж зогслоо. Тасалбар борлуулагчдаас асуухаар мэдэхгүй гэх юм. Тэгээд нийтийн тээвэр рүү утасдаж асуутал замынхаа урд талын буюу эсрэг урсгалын автобусны буудлаас сууна гэж байх юм. Энэ бол иргэдэд хүндрэлтэй. Нэг буудал дээр бууж суухад түвэгшээж байгаа хүмүүс замын эсрэг талд гараад автобусандаа суухад юу гэж дуртай байв. Хүмүүс ямар автобусанд сууж явахаа мэдэхгүй байна. Манайхан нэг хэсэг будилах нь ойлгомжтой. Автобусны шугамд нэг өөрчлөлт гарахаар хүмүүс яаж төөрөлддөг билээ дээ. Гэтэл нийслэл даяар бүх чиглэлд өөрчлөгдсөн болохоор хүмүүс төөрөлдөх нь аргагүй. Автобусны шугамны талаар мэдлэгтэй болоод хэд яваад сурчихвал энэ бол гоё санаа” гэлээ. 

Анхандаа ямар нэгэн таних тэмдэггүй явж байсан автобусууд өчигдрийн байдлаар чиглэлээ бичээд хадсан байв. Мөн автобусны шилэн буудлууд дээр сүлжээ төлөвлөлтийн талаарх схемийг томоор байрлуулжээ. Тасалбар борлуулагчид ч тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байв. Иргэдэд чиглэлүүдийг нь зааж өгч, тухайн автобус ямар маршрутаар явахыг тайлбарлаж байгаа харагдав. Энэ мэт сувгаар мэдээлэл авсан иргэд нийтийн тээврийн метро төлөвлөлтөд ам сайтай байна лээ. Автобусны буудлууд ч сэлүүхэн болжээ. Энхтайваны өргөө чөлөөний замын ачаалал эхний өдрүүдийнхээс эрс буурчээ. Замын цагдаа нар нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажилд идэвхтэй ажиллаж байгаа нь ч нүдэнд тусав.

Нийслэлийн нийтийн тээврийн төлөвлөлтийг задалж шинэчилнэ гэдэг амар ажил биш юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ийм л замаар явж өнөөдрийн ололт амжилтдаа хүрсэн. Нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг хамгийн сайн хийсэн орон бол Солонгос гэгддэг. Өнөөдөр тус улсын нийтийн тээвэрт том том дарга нь зорчоод явж л байдаг. Хүмүүс нь чихцэлдэж, хөл гар дээрээ гишгэлцэх асуудал байдаггүйг кинон дээрээс та бид цөөмөөрөө харсан. Харин ч иргэд нь суудлаараа зорчоод явж байдаг шүү дээ. Манай улсад ч ийм өдөр ирэх л болно. Нийслэлийн хүн ам цаашид өсөн нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс нийтийн тээврийн хуучинсаг үзлээ халж, өөрсдөдөө таатай орчин бүрдүүлэхэд нийслэлийн иргэн бүрийн оролцоо чухал юм. 

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *