УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 4-нд өргөн мэдүүлсэн юм
Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн нэгдүгээр зүйлд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5” болгохоор тусгажээ. Мөн Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгажээ.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Нийгмийн даатгалын шимтгэл бол татвар биш ажилтан, албан хаагчид ирээдүйгээ баталгаажуулан хуримтлуулж буй хөрөнгө юм. Нийгмийн даатгалын шимтгэл бол Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдэх зүйл тул УИХ, Засгийн газар оролцох ёсгүй. Хуулийн төслийг боловсруулахдаа МҮЭХ-ны саналыг тусгах ёстой” хэмээв.
Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “МҮЭХ болон түүний салбар зөвлөл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой удаа даруу уулзалт хийж, саналыг нь авсан” гэв. Мөн тэрбээр, “Уг хуулийг энэ долоодугаар сарын 1-нээс мөрдөхөд улсын төсөвт 94,6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхэд 33 тэрбум төгрөг буцаан олгох шаарлага үүсэх юм. Тиймээс долоодугаар сараас хэрэгжүүлэх нь зөв гэж УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо үзсэн” гэлээ.
Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.