Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нийгэм, эдийн засгийн байдлын эхний дөрвөн сарын мэдээллийг гаргажээ. Тухайлбал, Хүүхэд оролцсон гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 39-өөр буюу 14.3 хувиар өсчээ. Харин эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 359 болж, өмнөх оны мөн үеэс 217-оор буюу 37.7 хувиар буурсан бол эхийн эндэгдэл дөрөвдүгээр сард тав болж, өмнөх оны мөн үеэс 12-оор буюу 70.6 хувиар буурчээ. Харин 100.000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл эхний дөрвөн сард 21.9 болж, өмнөх оны мөн үеэс 45-аар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Улаанбаатар хотод дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 236 болсон байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого 647.3 тэрбум төгрөг болж мөн оны өмнөх үеэс 111.1 тэрбум төгрөгөөр буюу 20.7 хувиар буурч зарлага 12.3 хувиар өсчээ.
Өрхийн сарын дундаж орлого 893.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 5.8 хувиар, тэтгэврийн орлого 14.8 хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
О.ӨНӨР