Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн орлого 133,2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагас жилд 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 133.2 тэрбум төгрөгөөр буюу 13.1 хувиар нэмэгджээ. Үүнээс эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 23.7 тэрбум төгрөгөөр, Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 2.3 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарсан байна. Харин Тэтгэврийн даатгалын сангийн орлого 113.7 тэрбум, Үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 29 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь Нийгмийн Даатгалын сангийн орлого өсөхөд нөлөөлсөн хэмээн Үндэсний Статистикийн газраас мэдээлэв.


Энэ оны эхний хагас жилд Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 132.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 90.3 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 26.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь зарлага нэмэгдэхэд голлон нөлөө үзүүлсэн гэв. Харин Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 3.3 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн эхний хагас жилд 18 хүртэлх насны нийт 790 мянган хүүхдэд 94.8 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгосон байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлтөд эхний хагас жилийн байдлаар 362.9 мянган хүн хамрагджээ.
Тус иргэдэд 56.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.4 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар өссөн дүн аж. Үүний 71.4 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 23.3 хувь нь ахмад настан, 4.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0.7 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд байсан бол үлдсэн 0.1 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд хэмээн Үндэсний Статистикийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *