Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОМИЛОЛТ: Өнгөлөг, тунгалаг, элгэмсэг “Мөнгөлөг шагшуурга” DNN.mn

Хан Жаргалант хайрхны өвөр бэлийг ундаалан мэлтэлзэх Хатан Хар-Ус нуурын мөсөн дээр ховдчууд төдийгүй баруун бүсийн олон ястан, угсаатнууд цуглан цасны баяраа өнгөлөг тэмдэглэлээ. Яг л хаврыг угтан Цагаан сараа бэлгэшээн ёсолдог шиг. Дэлгэр зундаа дэнж толгодыг хотолзтол нааддаг шиг. Налгар шаргал намартаа найрын дуугаа сөгнөн уярдаг шиг. Өнөө жилийн өвлийг өнтэй ирлээ хэмээн бэлгэшээж, цас, мөсний баяраа Хар-Ус нуурынхаа тунгалаг тольт дээр харуй бүрий болмогц хаан тууль хайлуулан эхлүүллээ. Монголчуудын утга зохиолын гурван оргилын нэг хэмээгдэх Жангар туулийг ийнхүү бүтэн хайлуулж дуустал шөнө дунд болж, эхний өдрийн арга хэмжээ өндөрлөв.

Дараа өдрийн арга хэмжээ нээлтийн үйл ажиллагаагаар эхэлж, олон угсаатны өвлийн гоёл, урлагийн тогтолт, сумдын хүндэтгэлийн жагсаал, мөсөн сур харваа зэрэг тэмцээн, арга хэмжээнүүд шил шилээ даран үргэлжиллээ.

Ховд аймгийн төвөөс зүүн тийшээ 20 гаруй км яваад Хар-Ус нуурын хөвөөнд тулдаг. Хөвөө орчмоос дотогшоо нэг ч автомашин оруулахгүй байхаар зохицуулалт хийжээ. Хөвөөгөө дагаад гэр буудал, хоол, цай, үйлчилгээний газрууд их байв.

Хөвөөнөөс дотогшоо 2-3 км зайд баярын тайзыг задгай засчээ. Задгайлсан тайзны хойморт Хан Жаргалантын оргил сүндэрлэн үзэгдэхээр, хөшиглөөд Хатан Хар-Ус нуурын мөнгөлөг шагшуурга жаварт дөшин хөлдөж, болоршиж харагдахаар тайзаа зассан нь утга агуулга гүнзгий ажээ. Тайзны баруун хэсэгт ханагар том гэр барьсан нь олон угсаатны өв соёлыг илтгэх музей гэнэ. Энэхүү гэр музейн баруу талд угсаатны гэрүүд үргэлжлэн баригдсан нь зочид, гийчдийн хөлд дарагдаастай харагдана.

Угсаатны гэрүүдийн урдхан талд галын, эмнэлгийн, цагдаагийн зэрэг шуурхай албаны автомашинууд зэрэгцэн зогсоно. Тойрч урагшлаад харвал эгнэсэн буудал, гуанзны гэрүүдээс аргалын хөх утаа суунаглаж, орсон гарсан хүний хөлөөр уур савсах нь зэрэглээтэх шиг.

Зүүн тийш Хар-Ус нуурын уудам мөсөн хөндий чимээгүйхэн цавцайна. Цавцайсан хөндийн баруун хэсгээс мөнгөлөг шагшуурга болоршин эгнэсээр тайзны зүүн хэсэгт баригдсан арын албаны гэр хойгуур нуугдан алга болно. Тунгалаг мөсөн орны байр байдлыг тоочин хэлбээс ийм аж. Энэхүү баярыг Баруун бүсийн зөвлөлийн дарга бөгөөд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нээж үг хэллээ. Тэрбээр “Анх 2009 онд Чандмань, Манхан, Зэрэг, Буянт сумын дөрвөн багийн малчид байгаль орчноо хамгаалах зорилгоор энэхүү цас, мөсний баярыг эхлүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш энэхүү баяр жилээс жилд өргөжин тэлж өдгөө баруун бүсийн өвлийн аялал жуучлалын томоохон арга хэмжээ болж цар хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн жилээс эхлээд энэхүү арга хэмжээг жил болгон Засгийн газрын “Монголд тавтай морил” болон “Go Mongolia” уриан дор нэгдүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулахаар болж байна. Холын цэнхэр Ховд нутагт хол, ойроос зорин ирсэн та бүхэнд нийт ховдчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Байгаль дэлхийгээ хамгаалан шүтэж, бахархал түүх, өв соёлоо гайхуулан наадацгаая” хэмээлээ.

АЗ, ОДОО ҮЗЭЭД 10 МЯНГАН ТӨГРӨГ ХОЖСОН Ч АГААРЫН БӨМБӨЛӨГ ХАГАЛЖ ЧАДАЛГҮЙ АЛДЛАА

Засаг даргын үг дуусахтай зэрэгцэн өнгө өнгийн утаат салют уул, усыг доргитол, уригдсан зочдыг цочтол буудлаа. Ёслолын буудлагад сэтгэл нь огшсон үзэгчдэд хангайн нэг аймаг болон баруун таван аймгийн төлөөлөл урлагийн тогтолтоор мэндчилгээ дэвшүүлэн наадам, найрын буухиаг үргэлжлүүлэв.

Мөсний баярт ирсэн хүн бүхний нүүрэнд гэрэл цацарч харагдана. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, хамт олноороо, ах, дүүсээрээ хүрэлцэн ирж. Үнэгэн лоовууз, үстэй дээл, монгол гутал өмссөн хүмүүс дор бүрнээ ястан, угсаатныхаа онцлогийг шингээн гангарчээ. Нээлтийн өдрийн арга хэмжээнд нийт 40 гаруй мянган хүн оролцсон нь тус баяр наадам баруун бүсийн өвлийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болсоныг нотлох мэт.

Цар хүрээ нь тэлэхийн зэрэгцээ зохион байгуулалт, үйл ажиллагаа нь илүү чамбайрч, олширсон байна. Цан хүүрэг татсан мөсөн талбай дээр морин чаргаар зугаалж явах нэгэн ч байв. Мотоцикльтой, модон чаргатай хөгжилдөн уралдах хэсэг хүмүүс ч харагдана. Ширээ бөхтэй тэмээгээр гангарч зургаа авахуулах шинэхэн хосууд ч жаргалтайгаар хацар нь ягаарна. Шил толь шиг зассан мөсөн баримал, тоглоом дээр ч бяцхан хүүхдүүд бөөн баяр хөөр болон гулсана. Настайчууд нь наадмын төв хойморт урлагийн тоглолт үзэж, халуун цай уунгаа холоос ирсэн зочдын гоёлыг хэлэлцэн суух шиг. Хатан Хар-Ус нуурын тунгалаг тольт дээр зохион байгуулагдсан “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээний өөр нэгэн чимэг нь “Мөнгөлөг шагшуурга” гэрэл зургийн үзэсгэлэн байлаа. Энэхүү үзэсгэлэнг Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан санаачлан зохион байгуулан гаргажээ. Олон ястны өлгий Ховд аймгийн түүхэн дурсгалт газар, үзэсгэлэнт байгалийн өнгө толиог, өв соёлын өвөрмөц онцлогтой гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхох хүмүүс олон байв. Сүрлэг уулсын ноён оргилуудаас эхлээд сүр хүчит ан амьтан, сүлжилдэн ургасан цэцэгсийн төгөлдөр үзэмжийг энэхүү гэрэл зургийн галлерейгаас харлаа. Галлерей зассан газар нь өөрөө галлерей шиг уран шийдэлтэй юм.

Мөр мөрөө түшсэн мөнгөлөг шагшуурга дунд төгөл гарган энэхүү галлерейг хийжээ. Байгалийн үзэсгэлэнт гэрэл зургуудыг байгаль дээр нь байгаагаар нь харах шиг сайхан зүйл үгүй аж. Арга хэмжээ зохиогдож буй талбайн төвд баруун таван аймгаас ирсэн гар урчууд, худалдаачид, жижиг дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Сонирхвол нутаг нутгийн брэндүүд байх. Увсын чацаргана, Завханы загас, жимс Говь-Алтайн арвайн гурил, Ховдын шар тосоос эхлээд эмээл, хазаар, хутга, хөөрөг, нэхсэн оймс, цамц, малгай тэргүүтнүүд ирсэн зочдын нүдийг хужирлана. Сум, сумаас ирсэн үйлдвэрлэгчид өөрсдийн гараар хийсэн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн борлуулж байна. Зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ тийм ч өндөр биш юм. 3-4 настай хүүхэд өмсчих хөөрхөн хурган дээл 60 мянган төгрөг гэнэ.

Бага зэрэг яриад 55 мянган төгрөгт нэг дээл худалдан авлаа. Ооны эврэн иштэй ган хутга сонирхон асуутал 40 мянган төгрөг гэнэ. Бас жаахан яриад 35 мянган төгрөгөөр авчихлаа. Ингээд бодохоор энд тэнд гардаг үзэсгэлэн худалдаанаас л хямдхан, яриа хөөрөөтэй байв. Зарим газарт ч манай үндэсний үйлдвэрлэгчид тэнгэрт тултал үнэ хэлдэг дээ. Гэхдээ энэ удаа яриа хөөрөөтэй, хэн хэндээ ашигтайгаар арилжаа явуулж байх шиг. Бараа бүтээгдэхүүн үйлдвэр, худалдаалах боломжгүй малчид байгаа уналгын морьдоо хөтлөөд иржээ. Бүтэн өдөржин унахад 50 мянган төгрөг гэнэ. Ойр зуур явахад таван мянга. Тэмээ ч гэсэн адилхан үнэ ханштай байв.

Иймэрхүү задгай талбайн арга хэмжээний үеэр гардаг бичил бизнесүүдийн ихэнх нь л харагдана. Аз, одоо үзээд арван мянган төгрөгтэй ч боллоо. Агаарын бөмбөлөг хагалж чадахгүй арван мянгаа ч алдлаа. Цагийг хөгжөөнтэй өнгөрүүлэх цаанаа бас ашигтай байж мэдэхээр иймэрхүү жижиг, сажиг мөрийтэй тоглоомууд ирсэн олны уур амьсгалд эергээр нөлөөлдөг билээ. Яг үнэндээ хоолны газрууд нь хол байсан. Гэхдээ нөгөө морин чаргаар эсвэл дан морь таван мянган төгрөгөөр түрээслээд унаад очиход асуудалгүй. Харин зарим хоолны газрууд хоолоо дулаанаа барьдаг саванд хийгээд морин чаргатай явж зарж байв. Худалдаа наймаа, хөгжөөнт тоглоом, тэмцээнүүдийг сонирхож явах зууртаа хоёр хуушуур авч идлээ. Мах нь амттай, халуунаараа юм. Залгуулаад халуун цай, аарц уулаа. Гадаа хасах 20 гаруй хэмийн хүйтэн байсан ч ингээд халуун хоол цай идээд, энд тэндхийн арга хэмжээг сонирхон явахад даарч байгаагаа ч анзаарах юм алга. Цас мөсний иймэрхүү баяр, арга хэмжээнд гэр бүлээрээ очиж, оролцох нь илүү сонирхолтой санагдав. Хүүхдүүд мөсөн дээр гулгах, морь, тэмээ унахаас эхлээд баярлаж, тоглох зүйл ихтэй. Мөн өв соёл, уламжлалаа ч мэдчихнэ. Нэмээд байгальд, цэвэр агаарт нэг, хоёр өдрийг гэр бүлээрээ ингэж хөгжилтэй өнгөрүүлэх нь хүүхдийн сэтгэлд нэгэн нандин дурсамж үлдэх нь тодорхой биз. Малчдын санаачилгаар анхлан зохиогдсон Баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр өнгөлөг, тунгалаг, элгэмсэг, нөхөрсөг өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Фото: “Мөнгөлөг Шагшуурга-2024” 

 

One reply on “ТОМИЛОЛТ: Өнгөлөг, тунгалаг, элгэмсэг “Мөнгөлөг шагшуурга” DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *