Categories
мэдээ цаг-үе

Нэрт зохиолч Д.Даржаа, Гавьяат тамирчин Х.Доржжүгдэр нарт захиа бичиж явсан 10А ангийнхан

Сүхбаатарын талбайд. 2017 он

Монголын хөдөө нутагт соёлын үрийг хэрхэн тарьж байсан тухай энгүүн сайхан өгүүлэх “Шинэ үсгийн багш” киног мэдэхгүй хүн байхгүй. Яг л энэ кинонд гардаг шиг адал явдлаар дүүрэн арван жилийг хамт өнгөрүүлсэн нэг ангийнхныг энэ удаад онцолж байна. Тэд бол 1957-1967 онд Завхан аймгийн Нөмрөг сумын дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн 10А ангийнхан юм.

10А ангийг 39 хүүхэд суралцаж төгссөн бөгөөд тэд эрдэм номд шамдахын хажуугаар сургуулийн барилгын ажилд хүч нэмж тоосго хэвлэхээс эхлээд ууланд мод бэлтгэх, түлээ хөрөөдөж саж хийх, хавар чулуу “гүүп”-лэх, сургуулийн идэшний малыг тууж ирэх, намар овьёос хураах, өвөл бой хийх гэх мэт олон ажлыг нугалж байжээ. Сургуулийн захирал Б.Пүрэвжав хөдөлмөрийн хүмүүжил гэж цуглаан бүрт ярина. Үнэхээр ч хөдөлмөрийн хүмүүжлийг бид Нөмрөгийн арван жилийн сургуульд эрдэм ухаанаас ч дутуугүй авсаан. Энэ бүхэн бидний амьдралд үр өгөөжөө өгч, хүн бүр эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж явах үнэтэй туршлага болсон хэмээн ангийн хөвгүүн, хожим ХААИС-ийн багш болсон Ж.Батаа нь дурсан ярьж байлаа.

Эдний ангийнхан өнгөрөгч есөн сард 50 жилийн ойн уулзалтаа хийж, амьдрал туршид нөхөрлөсөн дурсамж бүхнээ хуваалцаж хоёр өдрийг хамт өнгөрүүлсэн юм. Энэ үеэр бүгд л ам нэгтэйгээр Нөмрөг сумын дунд сургуулийн ачит багш нарынхаа зааж сургасан бүхнийг дурсан ярьцгааж байв.

10А ангиас төрсөн гавьяат багш Б.Галиндэв “Манай орос хэлний Товуужав багш Ц.Дамдинсүрэнгийн “Буурал ээж” найраглалыг оросоор бүхлээр нь цээжлүүлэх зорилт тавьсан бололтой бидэнтэй их зууралдсан даа. Пүрэвжав багш маань цөмийн физикийн нэг зузаан ном барьж орж ирээд л атом, цөмийн ухаанаас заана. Ийм том агуулгатай сургалтанд мань мэт нь үнэхээр жижигдэж байсан байх аа. Шагдар багш бараг хамгийн ахмад багш байсан байх. “Советский писатель” гэсэн нэг номтой. Энэ номноосоо агуу их Горькийн зохиол бүтээлийн тухай сургийг анх дуулгаж билээ. “Эх”, “Салхич шувуу” гэх мэт зохиолуудын тухай их ярина. Толстой, В.Маяковский гээд суут зохиолчдын тухай ярьж, тэр үед орчуулагдсан бүтээлүүдээс нь уншуулдаг байлаа. Манай 8А, 8Б бүлгүүд хоорондоо уншсан зохиолуудаараа үе үе маргаан зохион байгуулж, бараг л зодолдохдоо тулна. Одоо бодоход Шагдар багшийн хичээлээ явуулж байсан энэ арга над мэтийн нөхдийг уран зохиол унших анхны дөртэй болгосон юм байна аа” гэж хөгжилтэйгээр ярьсан юм.

Ар Жанчивлан 2017 он

Нөмрөгийн арван жилд тэднийг сурч байх үед Намхай тэргүүтэй “Уранзохиолын дугуйлан” хичээллэдэг байжээ. Хожим ихээ том зохиолч болох мөрөөдөлтэй хэсэг сурагчид долоо хоног бүр цуглаж бичсэн шүлэг, өгүүллэгээ шүүн ярилцдаг байсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй Д.Даржаа, Б.Явуухулан, С.Эрдэнэ гээд нэр цуутай зохиолчдод захиа бичиж байсан удаатай. Зохиолч Д.Даржаа гуай тэднийг тоож хариу захиа бичсэнд бүгд тойруулж уншсан байна. Тэрхэн мөчид өөрсдийгөө Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн болчихсон мэтээр сэтгэж байсан гэнэ. Мөн 10А-ийн волейболчид спортын мастер, гавьяат тамирчин Доржжүгдэр гуайд захиа бичиж байжээ. Шилдэг волейболчин болохын тулд яах, юу хийх ёстой талаар зөвлөгөө хүссэн гэж байгаа. Энэ бүхнээс үзэхэд 10А-гийнхан болон тэр үеийн сурагчид хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, сурч мэдэхийн төлөө зогсолтгүй тэмүүлж байсныг гэрчлэх мэт. Үнэхээр ч ийм хүсэл эрмэлзэлгүй хүнээс сайн сайхан зүйл хүлээж, горьдохын хэрэггүй биз ээ.

Тухайн үед Завхан аймаг гуравхан арван жилийн сургуультай. Нөмрөг сумын сургуульд Баян-Уул, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргац сумын хүүхдүүд ирж суралцдаг байжээ. Байнгын цахилгаан гэрэлтэй, МААМС-тай Нөмрөг сум Ар Завхандаа том сумд тооцогддог байсан гэнэ. Бусад сумдын сурагчид хичээлийн шинэ жил эхлэхэд шуудангийн машинаар эсвэл замын унаанд суугаад сургуульдаа ирнэ. Харин шинэ оны арав хоногийн амралтаар гэр рүүгээ харих унаа олддоггүй байж. Аавууд нь хөтөлгөө морьтой ирж хүүхдүүдээ авах бөгөөд мориор салхи татуулан ижийдээ очих сайхан байдаг сан гэж ангийн охин Х.Дашцэрэн уяран ярьж байлаа.

Түүх газарзүйн багш Ж.Нацаг “10А” ангийг зургадугаар ангиас нь даан авч, төгсгөжээ. Ж.Нацаг багш нэгэнтээ “Би ганцхан удаа анги даасан. Тэд маань сайн явнаа” гэж шавь нараараа бахархан ярьж байсан талаар ангийн охин, ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Сүглэгмаа дурсан ярив.

Нөмрөгийн арван жилийн урлаг спортын “одод” 10А ангид суралцдаг байжээ. Цана, хөнгөн атлетикийн Д.Дайриймаа, волейболын Л.Банди, Ж.Дамдинсүрэн, бүжгийн олон авьяастныг нэрлэж болно. Мөн Ч.Дэчинпунцаг, Ж.Балдандорж, Д.Баавгай зэрэг физик математикийн тэргүүлэх сурлагатнууд, бүх хичээлдээ жигд сайн Б.Жамбалдорж, Д.Сүхбаатар, Н.Цогт-Очир, Ш.Гаябазар нар үеийн нөхдөө үлгэрлэн манлайлж байсан гэнэ. Тухайн үед дунд сургуулийнхны дунд ид яригдаж байсан “Соёлч нөхөрлөл”-ийн мандатыг 10А-ийнхан хүртэж, Ж.Батаа, Ё.Төмөр, Ө.Дашлхүндэв зэрэг номонд нэвчсэн сурагчид “Д.Нацагдорж” тэмдэгтний болзлыг хангасан байна. Мөн өөрсдийн найруулан тоглосон “Ламбагуайн нулимс” жүжгээрээ багш нараа уйлуулж байжээ. Тэдний яриаг сонсож суухнээ 10А ангийг бүх талаар, сайн сайхан ажил үйлс, үг хэлээрээ үеийнхнээ оройлж манлайлсан бөөн идэвхтэй сурагчид бүрдүүлж байжээ гэж бодогдсон юм.

1963 онд буюу тэднийг зургадугаар ангид байхад Монголын пионерийн анхдугаар чуулга уулзалт Улиастай хотод болоход 10А-ийн С.Гэлэгжамц үеийн нөхдийн хамт оролцож байсан нь түүнд мартагдашгүй дурсамж болжээ. Мөн 10А-ийн хөгжим, бүжиг, дууны их авьяастан Х.Дашцэрэн Польш улсын олон улсын сурагчдын форумд оролцож ирээд үзсэн харснаа сонирхуулан ярьж, ангийн нөхдөдөө “Шууваад вечкаа долоо сечка доозеляаныг аа хаа…” хэмээн сурсан дуугаа зааж байсан гэнэ. Ер нь ч эдний ангийн Б.Жамбалдорж, Р.Баярсайхан, Х.Дашцэрэн, Д.Галбадрах, Д.Чулуундаваа нар дуу бүжиг, урлаг уран сайхны авьяасаараа ангийнхнаа манлайлж байжээ.

Сургууль төгссөнөөс хойш найман жилийн дараахь уулзалтын үеэр

10А-ийн хөвгүүдээс юм юм гарна. Тэд сургуулийн контороос нэлээд зайтай нэгдлийн мужааны цех байсан байшинд хичээллэдэг байсан тул хичээлийн завсарлагаанаар үргэлж барилдана. Заримдаа охидуудаараа багш нарыг харуулж байгаад л барилддаг байж. Ангийн охид нь “Багш, багш” гэж хөвгүүдээ хуурч пийшэнд нүүрээ шаруулах шийтгэл авдаг байсан тухай ангийн хөвгүүн, цагдаагийн офицер Б.Даажинсүрэн дурсан ярьлаа.

Эдний ангийн хамгийн хөдөлгөөнтэй, сүйхээтэй сурагч нь “туулай” хочит Ц.Мондоон байжээ. Ангийн нөхөд нь “Мондооныг үргэлж инээд дагаж байдаг”, “Мондоон бүжиг наадмын манлайд хатирах хүн”, “Мондоон бяртай төрсөн бол бөх болж цоллуулж явах нэгэн” гэх мэтээр дурсан ярьцгаах нь түүнийг анги хамт олныхоо дунд нэр хүндтэй, эвтэй найрсаг, шулуухан гүндүүгүй нэгэн байсныг нотлоод өгөх мэт.

Тэднийг аравдугаар ангиа төгсдөг жил буюу 1967 онд Бадраагийн үг, Ш.Эрдэнэбатын ая “Багшаа дуулъя”, “Арав дахь хавраа үдье” дуунууд төрөн гарч, хит болж байжээ. Тавин жилийн ойн уулзалтаараа тэд гэгээн сайхан дурсамж бүхнийг нь агуулсан сайхан дуунуудаа дуулж, хүүхэд насны гэгээн дурсамжаараа аялцгаалаа.

10А-ийнхан сургуулиа төгссөнөөс хойш үргэлж уулзаж, улам дотноссоор байсан гэнэ. Төгсөлтийнхөө найман жилийн ойгоор 1975 онд Баянзүрхийн рашаан амралтанд уулзахад Дубнагийн цөмийн институтэд ажиллаж байсан ангийн нөхөр Ч.Дэчинпунцаг нь энэхүү уулзалтыг зорин ирж байжээ. Үүний дараа хорин жилийн ойн уулзалтаа ангиас төрсөн хурандаа Баярсайханыдаа тэмдэглэж байсан бол 30 жилийн ойгоо “Буриад монгол гутал”-ын үйлдвэр ажиллуулдаг Б.Жамбалдоржийнхоо гэрт уулзалдацгаасан байна. Мөн дөчин жилийн ойн уулзалтаа ангийн нөхөр, эдийн засагч, шинэ үндсэн хуулийг эх барилцаж явсан Т.Төмөрбаатарынхаа Гацуурт тосгонд цуглаж, энэ бүхэнд нэг насны нөхөрлөлөө бататгаж явжээ.

Мөн ч тавин жилийн дараа 10А ангийнхан эргэн уулзахад ангийн багш Ж.Нацаг болон ангийн анд Ж.Балдандорж, Ш.Гаябазар, Ж.Дамдинсүрэн, Г. Дариймаа, Д.Дариймаа, Б.Жамбалдорж, С.Цэрэнбүтэд нарын хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байсанд тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж мэхийн гашуудацгаасан юм.

Сургууль төгссөний 50 жилийн ойн бэлтгэл ажлын үед зааварлах зөвлөгөө өгөх ажлын хэсгийнхэн. 2017 он

10А ангийнхан эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсаар өдгөө гавьяаны амралтдаа гарцгаажээ. Энэ тухай ангийн нөхөр, гавьяат багш, философич Б.Галиндэв дурсан ярилаа. Тэрбээр, Ж.Дамдинсүрэн, Т.Төмөрбаатар, Б.Балгансүрэн нар маань хөдөө аж ахуйн нэгдлийн даргаар өндөр үр бүтээлтэй ажиллаж байсан тул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байлаа. Т.Төмөрбаатар, Н.Цогт-Очир нар анхны ардчилсан үндсэн хуулийг батлалцаж байснаар бид бахархахгүй байхын аргагүй. Д.Сүхбаатарын тэргүүлсэн нийслэлийн 28 дугаар дунд сургууль олон жилийн турш боловсролын салбарт нэр цуутай байлаа. Ж.Батаа ХААИС-д олон жил багшилж, төлийн өвчин судалж, нялх малын гарзны амыг хаасан. Д.Баавгай, Х.Дашцэрэн нар эмч болж хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд нэг насаа зориулжээ. Малзүйч Д.Мияадорж төрөлх нутгийнхаа мал сүргийн эрүүл энхийн төлөө хийсэн ажлаараа орон нутгийнхаа хүндтэй мэргэжилтний зэрэгт хүрээд байна. Ж.Балдандорж сургуулийн захирал, Ш.Гаябазар ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байхдаа хэд хэдэн ном бичиж байлаа. Ё.Төмөр хүнсний инженер, А.Сэрээтэрдагва агрономич, Х.Цэдэв, С.Цэрэнбүтэд, З.Энэбиш, Г.Пүрэвдорж, У.Содномбалжир нар ардын хүүхдийг сургах ажилдаа нойр хоолоо умартан зүтгэжээ. Дуугүй цагаан Мийгаа маань дулааны инженер Мийгаа болсон. Г.Гаадмаа, Л.Банди нар цаг уурч, З.Дамбий, Даажинсүрэн нар цагдаагийн офицер, Б.Балгансүрэн, Н.Дашзэвэг, Х.Цэдэв нар сум орондоо хүндлэгдэн тус тусын ажлаа эрхэлж байна. Мөн манай Сонгино сумын Г.Загдрагчаа, Р.Вандандорж нар хүнд огтын гэм хоргүй, сайхан сэтгэлийнхээ аясаар амьдарч явна” хэмээн ангийн нөхдөө дурссан юм.

10а ангийнхны хайр хүндлэлийг хүлээсэн Б.Жамбалдорж нь дулааны инженер мэргэжилтэй боловч дунд сургуульд байхдаа уранзохиолын амтанд орж улмаар хэд хэдэн өгүүлэл, шүлэг, номоо уншигдын гар дээр тавьсан байна. Үүгээр ч зогсохгүй “Шинэ үсгийн багш” кино зохиолыг бичиж, киноны нээлтэд ангийн нөхдөө урьж байжээ. Монголын ард түмний сэтгэлд хоногшсон энэ сайхан кино зохиолын санаа Нөмрөг сумын арван жилийн сургууль, багш нар, ангийн нөхдийнх нь дурсамжаас чухам төрөн гарсан биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *