Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нэрэнд учир бий

Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл нийслэлд өрнөж буй авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан билээ. Энэ үеэрээ “Бэрх зараа” гээд үйл ажиллагаа шигээ бэрх нэртэй газар байна шүү. Танайх харин “Тод газар” гэдэг сайхан нэртэй юм” хэмээн замын ажил хийж буй нэгэн компанийн төлөөлөлд хандан хэлж байв. Энэ яриа тухайн үед хошигнол болоод өнгөрсөн ч тэрхүү компанийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг дарга санал, бодлоо төвөггүйхэн илэрхийлчихсэн явдал байлаа. Үнэхээр ч аливаа компани, аж ахуйн нэгжийн нэр, хаяг гэдэг тухайн байгууллагыг хэн нэгэнд олон таван үггүйгээр шуудхан хэлчихэж байгаа хэрэг шүү дээ. 

Бодоод үзье л дээ, “Орж гарч бай л даа хө” гэсэн хаягтай дэлгүүрт ороход нэг л дотно мэдрэмж төрөх. Нийслэлийн 16 дугаар сургуулийн ойролцоо, энгийн л нэг жижигхэн подвальд байх тэр дэлгүүрт олон янзын барааны сонголт байхгүй ч хэрэг гарвал дахин дахин ормоор санагддаг юм.

Гэтэл бас “Хам хум” нэртэй хоолны газар байна аа. Энэ хаягийг уншсан хэн ч шууд орохгүй нь мэдээж. Яагаад ч юм элдэв янзын ногоо, өвс ургамал бас бус юу ч юм бүгдийг нь хутгаад, хам хум хийчихсэн хоол өгөх юм шиг бодогдоно. Аль эсвэл сэтгэл гаргалгүй яаран сандран хийсэн ч юм шиг.

Харин үүний оронд “Сэгсгэр цуйван, зантгар бууз” гэсэн хаягтай цайны газар байвал ямар санагдах вэ. Халдвартын эмнэлгийн ойролцоо байх уг цайны газрын хаягийг нь уншаад л бараг цадчихаар шүү.

Т.ГЭРЭЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *