Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй DNN.mn

Монгол Улс анх удаагаа бүсчилсэн том тойргоор сонгуулиа явуулж, парламентаа 126 гишүүнтэйгээр байгуулах гэж байна. Сонгуулийг ямар дүрмээр яаж явуулах вэ гэдэг нь эрх баригч намын шийдвэр байдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Учир нь өнөөгийн эрх баригч нам сүүлийн найман жил үнэмлэхүй олонх болж төрийг жолоодлоо. Дахиад ч олонх болохын төлөө МАН ажиллах нь тодорхой. Энэ нь ч улс төрийн намын гол зорилго байдаг.

Тиймээс энэ удаагийн сонгуулийн дүрмийг эрх баригчид тогтоосон. Тэдэнд дахиад ч олонх болох шунал, тачаал туйлын их байгаа нь эргэлзээгүй. Том тойрог ашигтай гэж үзсэн учраас л тэд сонгуулийн тогтолцоог эрс өөрчилсөн гэж хэлж болно. Ард түмний хувьд тогтолцоо ямар байх нь хамаагүй, харин хэний төлөө саналаа өгөх вэ гэдэг л чухал. Тиймээс сонгууль дөхсөн энэ өдрүүдэд сонгогчид аль намаас хэн нэр дэвших бол, хэнийг нь сонгох вэ гэдгээ ойр тойрондоо ярилцацгааж байна. Энэ сонгуулиар “хуучин таньдаг хүндээ саналаа өгнө дөө” гэж байгаа хүмүүс таны ойр тойронд олон.

Гэтэл ийм хандлага нь ихэнхдээ амьдралдаа эрс өөрчлөлт хийж чаддаггүй, зориггүй, шийдвэр гаргахдаа байнга эргэлздэг, сонголт болгон нь бурууддаг, бусдын дарангуйлалд явах дуртай хүмүүсийг илэрхийлдэг аж. Тиймээс тэдний хувьд шинэ зүйл, эрс өөрчлөлтийг төдийлөн таашаадаггүй, урсгалаараа явах дуртай хүмүүс байдаг аж. Таньдаг гээд байгаа улстөрчид нь зарим сонгогчдын энэхүү хандлагыг ашиглан сонгууль болгоноор саналыг нь аваад сурчихсан, бүр системтэйгээр ажилладаг болсныг иргэд мэддэг ч таньдагаа л сонгох ёстой гэсэн хандлагаа өөрчилж чаддаггүй явсаар өдийг хүрлээ.

Нөгөөтэйгүүр таньдаг гэх өнөөгийн улстөрчдөөс өөдтэй яваа нэг ч хүн алга гэдгийг нийтээрээ бид харж, эмгэнэж сууна. Өнөөгийн парламентад тэр нь мундаг шүү, тэр нь ёстой ард түмэн, улсынхаа төлөө тийм зүйл хийчихсэн шүү гэж хэлүүлж байгаа хүн нэг ширхэг байна уу, та минь ээ. Байхгүй. Бүгд хулгайч, луйварчин, худлаа амлагч, бүлэглэл, мафи, авлигач, хүчиндэгч, дарангуйлагчид болцгоосон. Тэр ч утгаараа энэхүү парламентын бүрэн эрхийн хугацаанд хэд хэдэн удаа УИХ-ыг тараах санал, шаардлага, жагсаал зохион байгуулагдаж байсан удаатай.

Энэ парламентыг “…яах гэж сонгов, яах гэж саналаа энэ муу сайн хулгайчдад өгөв өө…” гээд толгойгоо шааж байгаа сонгогчид олон байна. Гэсэн ч тэдний хувьд энэ сонгуулиар дахиад л нөгөө хууччуулдаа саналаа өгөхөөр зэхнэ. Хуучин улстөрчдийн хувьд ард түмэн гэхээс илүү амиа л бодож өдийг хүрсэн. Цаашид ч амиа бодож, довоо шарлуулаад л явна.

Тэднээс хүлээх зүйл түй ч байхгүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд уг нь хангалттай ойлгууллаа. Гэхдээ л нэрд гарсан нөхдийгөө сонгоно гээд сууж байгаа таарсан таар шуудайнууд нийгэмд цөөнгүй байна. Иргэдээ халамжилж байгаад яаж дарлах уу, яаж дээрэлхэх үү гэдгээ хуучин цагийн улстөрчид андахгүй мэддэг болж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л эмийн сонсголыг хэлж болно. Монгол Улсын хилээр жилд хэчнээн мянган тонн эм орж ирдэг юм бэ. Түүнийг нь монголчууд бүгд хэрэглэдэг гэхээр энэ улс чинь ерөөсөө үхэцгээсэн ард түмэн л оршиж байгаа юм биш үү гэлтэй. Ёстой нөгөө зомби болчихоод монголчууд амьдраад байгаа юм биш үү гэдэг үнэн болох нь. Ядаж байхад тэр орж ирж байгаа хэдэн мянган тонн эм Монголыг өвчлөлөөс нь салгаж чаддаггүй. Бүр илүү өвчлүүлээд л…

Харин ганц ашигтай нь нөгөө л нэг хуучин улстөрчдийн бизнес бүлэглэл эмийн зах зээлээс хагартлаа баяжиж, монголчуудын эрүүл мэнд, амь насыг нь мөнгө болгон хараад шулж сууна. Ингэж л Монголын ард түмэн төр засагтаа шулуулж байгаа. Энэ бол зүгээр энгийн наад захын л “шулаа”. Боловсрол олж авахдаа шулуулна, боорцог талх дээрээ шулуулна. Малчин Монгол атлаа махнаасаа шулуулна. Төр засгийн хувьд шулаад дуусдаггүй баялаг гэдэг нь ард түмэн юмдаг уу даа. Тиймээс удахгүй сонгууль болох гэж байна. Одоо хэдүүлээ улстөрчдөд шулуулдаг байдлаа больцгооё. Яаж болиулах вэ гэхээр ёстой амархан. Нэр дэвшээд орж ирж байгаа нөхдүүдийг харж байгаад боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай гэхээс илүү ерөөсөө танихгүй шинэ залууг, эсвэл нэг шинэ хүүхнийг л дугуйлчих.

Өнөө цагийн залуу улстөрчдийн хувьд тэр мэдлэг боловсрол, хэл ус, төрийг удирдах төлөвлөгөө, түмнийг жолоодох сэтгэлгээ гэдэг нь гайгүй л байгаа. Тэрэнд нь эргэлзэх хэрэггүй. Саналын хуудсаа нээж хараад л таньдаг гишүүд буюу хуучин улстөрчид байвал бүгдийг нь алгасаарай. Тэр хууччуул чинь саналын хуудасны нэрсийн эхний хэдэд л тууж явна шүү. Тиймээс жагсаалтынх нь сүүл хавьд ямар хүмүүс байна, тэднийг л сонгочих. Эхний хэсэгт байгаа хуучин улстөрчдийг сонгох л юм бол өнөөдрийн амьдрал маргааш яг л хэвээрээ байна гэдгээ санаарай. Энэ утгаараа хуучин улстөрчдийг сонговол 100 хувь алдаатай сонголтыг та хийлээ гэсэн үг. Харин эсрэгээрээ залуу нэр дэвшигчдийг сонголоо гэхэд ядаж л 50 хувьтай буюу алдаа оноо нь тэнцсэн сонголтыг хийлээ гэсэн үг. Энэ нь муу ч байж болно, бас сайн ч хүн байж болно гэсэн гаргалгаа.

Харин 50 хувийн боломжтой гэхээр нэг нь улсаасаа мөнгө идээд явж байхад нөгөөх нь ядаж хариуцлага тооцоод явах боломжтой гэж үзэхээр байгаа юм. 100 хувийн алдаатай сонголтод бол бүгд л идэж, ууцгаана. Хөгжлийн банкийг хар, Нүүрсийг хар, Ногоон автобусыг хар, сургалтын зээлийг хар, одоо энэ эмийн сонсголыг хар. Тэд төрөөс хулгайлна, эцэст нь бүгд л хариуцлагаас мултарч нэр цэвэр үлдэцгээнэ. Яг л өнөөгийн улс төр шиг. Тиймээс ирээдүйгээ шинээр зурахын тулд бид энэ сонгуулиар сонголтоо ядаж 50 хувийн боломжтойгоор хийх шаардлагатай байна. Ингэхийн тулд нэрд гарсан хуучин улстөрчдийг бус нэр цэвэр танигдаагүй горилогчдыг сонгоорой. Энэ бол энгийн математик магадлал. Бас амьдралын туршлага юм.

2 replies on “Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй DNN.mn”

2 оос олон удаа суусан ус ч гарахгүй, тос ч гарахгүй нөхдүүдийг нэр дэвшүүлэхгүй байя.Үзээд өгье гэсэн олигтой амьтан үнэхээр алга даа.

Удам муутай, урвагчид, дээрэмчид, хулгайчууд, мафуудын гар хөл бологсдыг төрд бүү ойртуул….ойртуулбал Монгол мөхнө…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *