Categories
мэдээ улс-төр

Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.04.10) хуралдаан 14 цаг 31 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нэмэлт протоколыг соёрхон батлах хуулийн төслийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.

Дэлхийн шуудан холбоо (ДШХ) нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгон хөгжүүлэх, шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Өнөөгийн байдлаар тус холбоонд 192 орон гишүүнээр нэгдээд байгаа бөгөөд манай улс 1963 онд бүрэн эрхт гишүүнээр элссэн аж.

ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал 4 жил тутамд хуралдаж холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн баталдаг агаад уг өөрчлөлтүүдийг гишүүн орнууд дотооддоо хууль болгож батламжилдаг байна.

Монгол Улс анх 1964 онд Австрийн Вена хотноо болсон их хурлаас хэлэлцэн баталсан ДШХ-ны дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг 1968 онд БНМАУ- ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар соёрхон баталжээ. Улмаар 2003 онд уг дүрмийн 3, 4, 5, 6 дугаар нэмэлт протоколыг, 2006 онд 7 дугаар нэмэлт протоколыг, 2011 онд 8 дугаар нэмэлт протоколыг Улсын Их Хурлаас тус тус соёрхон баталсан байна.

ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 26 дугаар их хурал 2016 оны 9 дүгээр сард Туркийн Истанбул хотноо хуралдаж, холбогдох баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дүрмийн 9 дүгээр нэмэлт протокол юм. Иймээс Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу ДШХ-ны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Манай улс тус холбоонд элссэнээс хойшхи хугацаанд хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, тус холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2003 оноос “Олон талт” төслийг хэрэгжүүлсний зэрэгцээ Шуудангийн тухай хуулийн төслийг боловсруулах, салбарын боловсон хүчнийг сургах, чадавхижуулах зорилгоор Дэлхийн шуудан холбооны зөвлөх мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан. Мөн тус холбооны зардлаар олон улсын хурал, зөвлөгөөн, богино хугацааны сургалт, семинарт дотоодын мэргэжилтнүүдээ хамруулдаг болсныг төсөл санаачлагч дурдав.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, А.Ундраа нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд хуулийн төслийг соёрхон батлахтай холбогдуулж гишүүдээс санал гарсангүй. Иймээс Дэлхийн шуудан холбооны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө

Дараа нь “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийгзөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хэлэлцээрийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм.

Монгол Улс 1995 онд анх чөлөөт бүсийн үзэл баримтлалтай болж, 2002 онд Улсын Их Хурлаас Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан бол 2015 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгг ’”Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж хуульчилжээ.

Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-ийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоосны зэрэгцээ Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг бий болгож, орон тоог баталсан байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.11-д “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж. гадаад. дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана” гэж заасны дагуу чөлөөт бүсүүд, тэр дундаа Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллаж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдаад Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан. Өнгөрсөн хугацаанд уг төлөвлөгөөний дагуу тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.5 тэрбум төгрөг, 58.8 сая ам. долларын бүтээн байгуулалтын болон дэд бүтцийн ажлууд хийгдээд байгаа. Үүний зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 50 хувьд хүргэх”, 2019 оны үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 80 хувьд хүргэх” зорилтууд тусгагдсан.

Энэ үндсэн дээр Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд хийгдсэн бүтээн байгуулалтыг бодит ажил болгох, үндсэн чиглэлүүдэд дэвшүүлсэн бүсийн зорилтыг хэрэгжүүлэхэд сонирхогч талуудын хамтарсан эрх зүйн баримт бичиг байгуулах асуудал чухал бөгөөд энэ чиглэлд талууд анхаарч, тодорхой алхмууд хийгдэж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад 2014 оны 8 дугаар сард айлчлах үеэр Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санамж бичиг байгуулж, 2016 оны 5 дугаар сард Замын-Үүд, Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн Ерөнхий төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулсан гэдгийг онцоллоо.

Дээрх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 16 дугаар захирамжаар Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж ажиллуулжээ. Уг ажлын хэсэг Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хууль, эрх зүйн орчны угтвар нөхцөл бий болсон, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах техникийн болон эдийн засгийн бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр “Монгол, Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Хоёр улсын яамдын хооронд байгуулсан энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2018 онд Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг санаачлан боловсруулж, төслийг хэд хэдэн удаа Засгийн газрын түвшинд хэлэлцжээ.

Хятадын тал 2019 оны 2 дугаар сард манай Засгийн газраас хүргүүлсэн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, тодорхой санал ирүүлснийг Ажлын хэсэг дахин боловсруулж, холбогдох яамдын санал авч, төсөлд тусган 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хятадын талтай ойлголцлын зөрүүтэй зарим асуудлаар хэлэлцээ хийж, харилцан тохиролцохыг даалгасны дагуу хоёр талын Ажлын хэсэг энэ оны 3 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Бээжин хотноо хэлэлцээ хийсэн байна. Энэхүү уулзалтаар хоёр талын Ажлын хэсгүүд ойлголцлын зөрүүтэй болон тодорхой бус байсан зарим асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч, хэлэлцээрийн төслийг үзэглэснийг Засгийн газар 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа дахин хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэж үзжээ.

Энэхүү хэлэлцээрийн төсөл Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор дэмжигдсэн тохиолдолд энэ оны 4 дүгээр сарын сүүлчээр төлөвлөгдөж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр хоёр талаас гарын үсэг зурах боломжтой. Мөн энэ хэлэлцээр нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр болон БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын уялдааг хангах, харилцан ашигтай хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд ач холбогдолтой хэмээн Засгийн газар үзэж, ихээхэн ач холбогдол өгч буйг Шадар сайд илтгэлдээ онцоллоо.

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл нь 7 бүлэг, 24 зүйлтэй. Хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгааг хууль санаачлагч дурдаж байв.

Мөн уг хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбодуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Х.Баделхан, О.Содбилэг нар Шадар сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс аль тэртээ 1995 онд эдийн засгийн чөлөөт бүсийн үзэл баримтлалтай болж, улмаар энэ тухай хууль баталж шинэчлэн багагүй хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч хэлэлцээр байгуулах ажил удаан явагдаж, санамж бичиг байгуулах төдийгөөр хязгаарлагдаж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд энэ асуудалд тодорхой ахиц дэвшил гарч, хоёр талын Ажлын хэсгүүд идэвхтэй хамтран ажилласнаар хэлэлцээрийг үзэглээд байна.

Манай улс анх удаа хил дамнасан чөлөөт бүс байгуулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа учраас энэ ажлыг анхнаас нь зөв эхлүүлэх нь чухал гэж үзэж, ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэ үүднээс 2019 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөг суулгасан, цаашдаа жил жилийн төсөвт тодорхой хөрөнгө тусгагдаад явна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тодорхой асуудлыг шийдэхээр ярилцаж байгаа. Хэлэлцээр байгуулагдсанаар хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа бүрэн утгаараа хэрэгжих эрх зүйн боломж бүрдэнэ. Бүсийн ерөнхий төлөвлөлтийг эцэслэн гаргана. Цаашдаа бүсийн үйл ажиллагаа худалдаа-үйлдвэрлэл-аялал жуулчлал гэсэн үе шаттайгаар хэрэгжээд явна гэдгийг тодотголоо. Мөн гишүүдийн асуултад Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн болон Шадар сайдын ажлын албаны зөвлөхүүд, гааль, татварын байгууллагын холбогдох албан тушаалтнууд нэмэлт хариулт, тайлбар, тодруулга өгсөн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *