Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэхмэлийн шар байрнуудын дундах тохижилтын ажлыг эхлүүллээ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинээр барьсан. Тэгвэл энэ орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан билээ. Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж оршин суугчид нь Хотын даргад хандсан юм. Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд тус газарт очиж “Барилга бариулахгүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж барих уу, эсвэл хүүхдийн тоглоомын талбай барих уу гэдгийг иргэдийн саналыг үндэслэн шийдэх хэрэгтэй гэсэн юм. Үүний дараа дээрх газрын захирамжийг хүчингүй болгосон билээ. Тэгвэл өнөөдрөөс уг газарт тохижилтын ажлыг хийхээр газар, шорооны ажлыг эхлүүллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар өнөөдөр тус газарт очиж, иргэдийн төлөөлөл болон тохижилтын ажлыг гүйцэтгэх компанийн удирдлагуудтай уулзсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр “Иргэдийн саналыг үндэслэн чанар, стандартын шаардлага хангасан тохижилтын ажлыг хийж гүйцэтгээрэй. Хамгийн гол нь харилцан ойлголцож, хамтарч ажиллах ёстой шүү” гэлээ. Харин Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар өнөөдөр биелж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс иргэд, оршин суугчдын саналыг үндэслэн Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, баталсан. Даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон” гэлээ.

Харин “Асиан сити” ХХК-ийн удирдлагууд “Газар, шорооны ажилд хугацаа шаардлагатай байгаа. Гэхдээ аль болох хурдан хугацаанд тохижилтын ажил хийж гүйцэтгэнэ. Нийслэлийн удирдлагууд иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж өгсөн. Одоо бид иргэдийнхээ хүсэлтээр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Өнөөдрөөс газар, шорооны ажлаа эхлүүлж байна” гэв.

Мөн иргэдийн төлөөлөл газрын асуудлыг шийдэж өгсөн Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад талархсанаа илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *