Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэйл Сакер: Монгол Улсыг бид өөдрөгөөр харж байгаа

-САНГИЙН ЯАМ, МОНГОЛБАНКНЫ ЗҮГЭЭС ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЗОРИГТОЙ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГААД ЯВНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА-

Өчигдөр буюу тавдугаар сарын 24-ний 15:00 цагийн үед ОУВС-гийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргаж, манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Сангийн яам болон ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер зэрэг албаны хүмүүс хамтран олон нийтэд мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас ОУВС-тай удаа дараа хэлэлцээр хийж, Монгол Улсын эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг даван туулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулах чиглэлээр өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсон талаар урьд нь мэдээлж байсан. Зөвхөн ОУВС-гаас гэхэд 314.5 сая ам.долларын зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих бөгөөд эхний ээлжийн 38.6 сая ам.доллар тун ойрын хугацаанд Монголд төлбөрийн тэнцлийн байдлаар орж ирнэ.

Ингэснээр төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдал, өрийн дарамтыг бууруулна. Цаашид нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарыг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэх, банк санхүүгийн салбарыг бэхжүүлэх бодлогын арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм.

ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер:Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Монголбанкинд эдийн засгийг эрүүлжүүлэх том төлөвлөгөө гарган ажиллаж байгааг сайшаамаар байна. Энэ хөтөлбөр маань амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын түнш байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө санал нэгдэн орж байгаад баяртай байна. Энэ хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой Монгол Улс бүс нутгийн түнш орнуудаас санхүүгийн дэмжлэг авч чадсан. Энэ нь хөтөлбөрийг батлахад маш их чухал үүрэгтэй байлаа.

Нийт дүнгээрээ энэ хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллартай тэнцэх санхүүжилт орж ирнэ. ОУВС-гийн энэ хөтөлбөр нь Монгол Улсын ДНБ-тэй нь харьцуулахад хамаагүй том санхүүжилт орж байгаа. Энэ төсөл нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлсэн байх ёстой. Цаашдын зорилт бол Монгол Улсын эдийн засгийг тогтвортой өсөлт буюу 8 хувийн өсөлттэй байх үндэсийг бүрдүүлэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршиж байгаа. Монголд ийм хөрс суурь байгаа гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг сайшааж байгаа. Хэдий биелүүлэхэд хэцүү зорилтууд ч боломжтой гэж үзэж байна. Төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байх хяналтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр түүхий эдийн ханш дахин сэргэснээр Монгол Улсад их хэмжээний орлого төвлөрнө. Тэр орлогоо үр ашигтай зарцуулахад энэ хяналтын товчоо үйлчлэх ёстой. Засгийн газраас төсвийн зөвлөл байгуулна. Монгол Улсын Сангийн яам, Монголбанкны зүгээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүнд бөгөөд зоригтой, шийдэмгий шийдвэрүүдийг гаргаад явна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-ОУВС-гийн хөтөлбөр зарим оронд амжилтгүй хэрэгжсэн байдаг. Амжилтгүй хэрэгжсэн орны жишээ дурдаж болох уу. Шалтгаан нь юу байв?

ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер: Улс орон бүр өөр өөрсдийн онцлогоор хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс эдийн засагтай холбоотой бүх асуудлыг нарийн судалдаг. Иж бүрэн тусгалаа олсон байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад байнга үнэлгээ хийж явдаг. Үнэлгээ хийх болгондоо эдийн засагт хийж байгаа өөрчлөлтийг тусгаж, холбогдох өөрчлөлтийг оруулаад явдаг юм. Үнэлгээ хийсэн даруй нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. Дэлхийн олон оронд хэрэгжсэн хөтөлбөрүүдийн тухайд Засгийн газрууд анх тохирсон ёсоороо хөтөлбөрийн бүрэн хэрэгжилтийг хангахгүй байсан.Монгол Улсыг бид өөдрөгөөр харж байгаа. Маш том зорилт дэвшүүлсэн ч хэрэгжүүлэх боломжтой. Сангийн яам, Монголбанкны зүгээс хүнд боловч зоримог шийдвэр гаргаад явна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хамгийн ойрын жишээ гэхэд энэ оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдал 17 хувьтай байсныг бууруулсан.

-Эхний ээлжийн 38.6 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: ОУВС-гаас олгож байгаа ямар ч зээл төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд биш төлбөрийг тэнцвэржүүлэхэд зарцуулагддаг.Тиймээс эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголбанкинд байршина.

-Арилжааны банкуудад активын үнэлгээ хийнэ гэсэн. Энэ хяналт, шалгалт явагдсан уу?

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: 14 арилжааны банкинд үнэлгээ хийх компанийн тендер явагдаж байна. Зургаадугаар сарын дундуур сонголтын процессоо дуусгана. Үүнээс хойш хөндлөнгийн актив үнэлгээний мэргэжилтнүүдтэй хамт арилжааны банкууд дээр ажиллана. Үнэлгээний үр дүн ирэх аравдугаар сарын сүүлээр гарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *