Categories
мэдээ цаг-үе

Нэгэн үеийн андууд буюу 1987-1997 онд Дундговийн арван жилд суралцагчид, төгсөгчид

Жил бүр л үе үеийн төгсөгчдийн ой болдог. Энэ жил Дундговь аймагт 1997 онд төгсөгчдийн 20 жилийн ой тохиож байна. Тэдний энэ жилийн ой чамгүй онцлогтой. Төгсөгчид голдуухан ангиараа, эсвэл яг тухайн сургуулийнхаа нэг үеийнхнээрээ уулзаж баяраа тэмдэглэдэг бол Дундговийн 1997 оныхон тухайн жилд төгссөн бүх ангиараа уг арга хэмжээгээ зохион байгуулж буй аж. Бас зөвхөн төгссөн гэлтгүй ер нь л 1987-1997 оны хооронд Дундговь аймагт суралцаж байсан бүх л хүүхдүүдийн баяр болгон нижгэрхэн тэмдэглэж байгаа гэнэ. Мэдээж тэр жил төгссөн бүх хүүхдүүд уг арга хэмжээнд оролцож чадахгүй учир анги бүрийн төлөөллийг ямар нэгэн байдлаар хамруулах, аль болох олуулаа цуглахыг хичээж байгаа тухайгаа зохион байгуулах хэсгийн дарга Түмэнжаргал онцолж байлаа.

Дундговь аймгийн Мандалговь суманд сурагч насаа үдсэн нэг үеийнхний хорин жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд тэд сурч боловсорч, тус тусын амьдралаа зохиож, өөрийн биеэ, өрх гэрээ зассан нь мэдээж. Ид хийж бүтээх насандаа яваа эдгээр залуус аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө саналаа нэмэрлэх, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, бас хүүхэд насныхаа нандин сайхан дурсамжийг сэргээн эргээд багахан хугацаанд ч болов бага балчир насандаа буцаж очихоор энэхүү уулзалтыг хийж байгаа ажээ. Уулзалтад 1997 оны нийт төгсөгчид болон суралцаж байсан болон тухайн үеийн есөн бүлгийн зуун хорь гаруй залуус оролцож байгаа юм.

Тухайн үед буюу 1987-1997 онд Мандалговь суманд дөрвөн дунд сургууль үйл ажиллагаа явуулж байснаас нэгдүгээр сургуулийг дөрвөн бүлэг, хоёр, гуравдугаар сургуулийг тус бүр хоёр бүлэг, дөрөвдүгээр сургуулийг нэг бүлэг дүүргэжээ.

НЭГДҮГЭЭР ДУНД СУРГУУЛИЙНХАН

Нэгдүгээр сургуулийн Б.Цэгмид багштай 10А ангийг 39 хүүхэд төгссөн бөгөөд тэд өнөөдөр багш, инженер, эмч, сэтгүүлч, хуульч, эдийн засагч, мянгат малчин болжээ. Ангийн охин Д.Цогзолмаа “Манай ангийнхан бусдын л адил адал явдлаар дүүрэн, хөгжилтэй өнгөрсөн. Бие биедээ нэр хоч их өгнө. Ихэнх нь амьтны нэртэй. Тэр нэрээрээ одоо хүртэл дуудалцана. Хичээлээ тасалж энэтхэг кино үзнэ. Бас охидууд булагнаад хүнсний үйлдвэр явж зайрмаг авч иддэг байлаа. Манай ангийн Х.Үнэнхүү аравдугаар ангидаа зохион бүтээгчдийн улсын олимпиадад түрүүлж, алтан медальтай ирсэнд бид их баярлаж билээ. Тэгээд л Хар овоондоо очиж алтан медалийг нь угаасан юм. Болоогүй ээ, таван литрийн данханд сироп найруулчихсан, хэрэндээ л сүрхий угаасан юмдаг. Бид Б.Цэгмид багшаа гомдоодог муу хүүхдүүд байсан ч одоо бараг охидын 50 хувь нь багш мэргэжил эзэмшиж, багш хүний зовлон жаргалыг хуваалцаж явна даа” гэж дурссан юм.

Монгол хэл уран зохиолын Батхишиг багштай “Багш” сонгоны 10Б ангийг 28 сурагч төгсчээ. Тэдний анги ердөө дөрвөн хөвгүүнтэй. Дунд сургуульд хөвгүүд охидоо шоглодог бол 10Б-д эсрэгээрээ. Охид нь хөвгүүдээ гэнэ гэнэ хөөрхөн шоглочихдог байжээ. Багш сонгоныхонд шалгалт дээр хажуугийн хүүхдээ авч гарч байхыг ангийн багш нь дадал болгосон гэнэ. 1997 оны төгсөлтийнхөн анх удаа нийтээрээ зааланд сууж тестээр шалгалт өгөхөд 10Б-ийнхэн хажуудаа суусан олон хүүхдэд тусалж байсан талаар ангийн охин Д.Ариунчимэг онцолж байлаа.

Улсад анх удаа бүх сурагч нь улсын их сургуульд элсэн орж байсан математикийн сонгоны 10В ангийнхан мөн эдний төгсөлтийнх ажээ.

Харин биологийн Ц.Энхцэцэг багштай, М.Нарангарав даргатай 10Г ангид 38 сурагч бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. 10Г ангийнхан сурлага хичээлээр мундаг биш ч, сурагчид нь нэлээн хөдөлгөөнтэй дэггүй анги байсан гэнэ. “Ангийн хэсэг сурагчид хичээлийн эрхлэгч Энэбиш багшийн өрөөнд очиж сүнс дууддаг, түүнээсээ айж гүйлддэг байжээ. Эдний ангийн хөвгүүд гитар хачин сайхан тоглоно. Урлагийн үзлэг гэж сайхан юм болоход охиддоо гитар зааж өгөөд хамтлаг гаргаж байлаа” гэж ангийн соль гитарчин Ганаа дурссан юм. Мөн эдний анги хоёр Отгонцэцэгтэй. “Өндөр” Отгоо нь аймгийн гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин. Харин “жижиг” Отгоо нь сагс тоглоно. Ангийн хөвгүүн Мөнхбаяр бас ч гэж муугүй барилдчихдаг байсан гэнэ.

ХОЁРДУГААР ДУНД СУРГУУЛИЙНХАН

Хоёрдугаар сургуулийн физикийн Гаваадулам багштай 10А анги сурлагаар чамгүй сайн анги байжээ. Эдний ангийн сурагч Ц.Мөнхбат Дундговь аймагтаа анх удаа самбо, чөлөөт бөхийн улсын аваргаас хүрэл медаль авчирч, үеийн найзууд, багш нараа баярлуулж байжээ.

Монгол хэл уран зохиолын Цэцэгмаа багштай 10Б ангийг 35 сурагч төгссөн байна. 10Б ангийн дарга Н.Мөнхсоёл “Манай анги ес, аравдугаар ангидаа аймгийнхаа хэмжээнд анх удаа “Bas­ket show” амжилттай зохион байгуулж байлаа. Харин манай ангийн охид монгол хэлний олимпиадад чамгүй амжилттай оролцдог байсан” хэмээн дурссан юм.

10А-гийн Түмэнжаргал харин 20-н жил угтсан үйл ажиллагаануудын гол зохион байгуулагчаар ажиллаж, нэгэн үеийн хамт олноо уулзуулах гол ажлыг нугалж байгааг нөхөд нь ихэд бахархан ярьцгааж байлаа.

ГУРАВДУГААР ДУНД СУРГУУЛИЙНХАН

Ц.Түвшинтөгс багштай 10А ангид 28 сурагч бүрэн дунд боловсрол эзэмшин төгсчээ. Эдний ангийнхан урлаг, спортоор ч, дэггүй дүрсгүйгээрээ ч манлайлагч анги байжээ. Энэ тухай ангийн дарга Д.Алтанцэцэг, Манай ангийнхан хичээл тарсан хойгуур сургуулийн жижүүрийг “панаалдаж” ороод бужигнуулдаг байлаа. Зарим дискон дээр манай ангийн охид хөвгүүддээ заавал сурах арван бүжиг заана. “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн”, “Гурван тамир”, “Полько“ гээд ангидаа тоос таттал бүжиглэдэг байсан даа” гэж ярьсан юм.

Шугам зургийн Батсайхан багшийн хувьд 10Б анги анхны анги нь байсан юм. Эдний анги 23 сурагчтай, бүгд л урлаг, сурлага, спортоор алтан дундаж нөхдүүд байжээ. Ангийн охин М.Сувд-Эрдэнэ “Манай ангийн хөвгүүд жаахан намхан. Тэгээд ихэнх нь сумдаас ирсэн болохоор бүрэг ичимхий байж билээ. Би ч заримдаа ангийн хөвгүүдээ өмөөрч хөвгүүдтэй муудалцана. “10А”-ийнхан их авьяаслаг хүүхдүүд байсан. Манай ангийнхан бол язгуур урлагаар л сайн байсан даа” хэмээн дурсав.

ДӨРӨВДҮГЭЭР СУРГУУЛЬ-10 ААНГИ

Ардын боловсролын тэргүүний ажилтан, математикийн багш Д.Нямсүрэнгийн дааж байсан 10А ангийг 10 банди, 22 охин суралцаж төгсчээ. Ангийн дарга Ж.Цогтсайхан нь “Манай ангийн арван хөвгүүний гурав нь өнөөдөр аймгийн цагдаагийн газар ахлах офицероор ажиллаж байна. Мөн охидын ихэнх нь “Мандах” дээд сургуулийг дүүргэж нягтлан бодогч хийж байгаа бол хоёр сурагч нь математикийн багш болсноор бид бахархдаг. Арван жилд байхад манай ангийнхан нэгнийгээ дээш шидэж, бүгдээрээ тосож авдаг байлаа. Гэтэл нэг удаа ангийн охин Цэвээнжаргалыг дөнгөж шидтэл нэг багш гараад ирсэн. Бид сандарсандаа Цэвээнээг хаячихаад ширээ ширээндээ очоод суучихаж билээ” гэж ангийнхнаа дурсан ярьсан юм.

НЭГ ҮЕИЙНХНЭЭС ТӨРСӨН ХОСУУД

Нэг төгсөлтийнхөн ингэж амь нэгтэй байхаас аргагүй. Учир нь тэдний дундаас долоон хос төрснөөс нэгдүгээр сургуулийн 10А ангиас хоёр хос төрж, төгсөлтөөсөө хоёр бэртэй болжээ. Тодруулбал, 10А-ийн Х.Үнэнхүү, Мөнхсаруул нар, Оргилболд, Тогосмаа нар анги дотроо үерхэж, амьдралаа холбосон байна. Харин 10А-ийн Ганбаатартай 10Б-ийн Болор, 10А-ийн Эрдэнэсүхтэй гуравдугаар сургуулийн 10Б-ийн Алтанзул нар гэр бүл бололцож 10А-ийн бэр болсон түүхтэй гэнэ. Хоёрдугаар сургуулийн 10Б-ийн Мөнхсоёл, Баярмаа нар арван жилээсээ үерхэж, өдгөө дөрвөн хүүхдийн ээж аав болсон байна. Гуравдугаар сургуулийн 10А-ийн С.Ариунбямба нэгдүгээр сургуулийн 10Б-ийн Амарсанаатай үерхэж, анхны хайраа амьдрал болгожээ.

ХРОМЫГ КОВБОЙ БОЛГОСОН ХӨВГҮҮД, ХЯТАД ШААХАЙГААР ГАНГАРСАН ОХИД

Тэр үеийнхний гоёо ямар байсан талаар нэг үеийнхэн ам булаалдан ярив. Гуравдугаар сургуулийн “А”-гийн Ариунбямба, Алтаншагай, Нямка, Содко нар гэхэд л моодонд орж байсан ковбойгоор гангардаг байж. Гэхдээ жинхэнийг нь биш. Хромон гутлыг хоёр хажуугаас нь дарж махийлгаад яг ковбой хэлбэрийн болгоод өмсчихдөг байж. Бас болоогүй ээ, урдаа төмөр тоноглолтой. “Төмөр тоноглолоо молоконы лаазаар л хийсэн байх” гэж Д.Алтанцэцэг ярив. Тэр үед хичээл дээр сурагчийн дүрэмт хувцаснаас өөр хувцас өмсдөггүй байсан болохоор охид гутлаараа л гангарах боломжтой. Хятад хамба хилэн шаахайтай охин бол хамгийн ганган нь байж. Эхлээд өмсч ирсэн охин нь Өнөрөө гэнэ. Ангийнх нь Отгонбаяр бүр сүүлд “Өнөрөө шиг гуталтай охин тэр үед байгаагүй л юмдаг. Бараг өөрт нь биш гутланд нь дурласан байх аа” гэж ангийнхнаа хөгжөөж байжээ.

Хөвгүүдийн бас нэг гоёо нь пирамид гэсэн нэртэй өргөн жинс. Өргөн өмд олоогүй нь өмдөө задалж байгаад албаар өргөн болгож өмсдөг байж. Охид хөвгүүд чөлөөт цагаараа “Талын туяа” кинотеатрт гурван цагаас гардаг кинонуудыг үзнэ. Хойд Солонгосын киноноос гадна Энэтхэг кино их гардаг байжээ. Тэр үеийн охидын хобби нь чихэр, шоколадны цаас цуглуулах. Мөнгөлөг цаасыг тусад нь цуглуулж байгаад сүлжиж элдэв гоёл хийдэг байснаа ярьцгаав. За тэгээд марк, ил захидал, “дональд” бохины наадаг зураг гээд өчнөөн юм цуглуулж хадгалдаг байжээ. “А”-гийн Энхээ “Тэр үед хадгалж байсан марк, доналд бохины цуврал зураг одоо ч байгаа” гэж ярианд оролцов. Дурсамжийн дэвтэр аялуулдаг байснаа ч дурсан ярив. Сониноос ихэнх охидын дурсгалын дэвтэрт хөвгүүдийн нэр байдаггүй гэнэ. “Ичимхий байжээ” гэж охид өөрсдийгөө тодорхойлно лээ.

ХОНХНЫ БАЯРААС ҮНЭ ЦЭНЭТЭЙ СТУСМН

Тэр үед хонхны баяр гэж одоогийнх шиг сүйд болдоггүй байж. Хонхоо зүүж, дурсамж хичээлдээ сууж, зургаа татуулаад аймгийнхаа Хар овоон дээр алхаж очно. Орой тийшээ спорт зааландаа вальс эргэж, шогшоо хийгээд л хонхны баярын арга хэмжээ гүйцээ. Харин төгсөх жилийнхээ өвөл нь “Сургууль төгсөгчдийн уламжлалт сүлд модны наадам” гэж хийдэг байжээ.

Бас болоогүй ээ, тэр арга хэмжээгээ СТУСМН гэж товчлоод нэрлэчихсэн. Энэ үедээ л зад баярладаг байж. Зад баярлана гэдэг нь чимж гоёсон зааланд дуулж, хуурдаж, өвлийн өвөөгөөс бэлэг авах.

Хожим оюутан болж ирээд энэ талаар дурсахад, манай аймгаас өөр газарт ийм зүйл хийдэггүй байсан юм билээ гэж гуравдугаар сургуулийн 10Б-ийн Х.Үнэнбат ярив.

Гуравдугаар сургуулийн “А”, “Б”-гийнхэн энэ үеэр нийлж хэрхэн дүрсгүйтсэн тухайгаа ярьцгааж байна. Хонгороо Уянгаа Ундармаа Мөнхжаргал Баярцэнгэл дөрөв бол “Б”-гийн ХУУМБ. Нэрнийх нь товчлолоор ингэж дууддаг байж. Өнөө дөрвөө “а”-гийн дөрвөн хүүтэй үерхэх ёстой гээд найзлуулж хөглөж байснаа ярьж инээлдэв. “А”-гийн дөрвийг бас товчилсон үсгээр дууддаг байсан гэнэ.

Төгсөлтийнхөө хорин жилийн ойн арга хэмжээгээ угтаж нэг үеийнхэн 2017 оны шинэ жилээр уулзсан нь төгсөгчдөд сурагч ахуй үеэ дурсаж, нэг нэгнээ гэсэн сэтгэлийн галыг нь бадрааж өгчээ. Нэгэн үеийн, нэгэн төгсөлтийн найз нөхдийн тухай их л товчхон дурдахад ийм ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *