Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Нэгэн сургаалыг уншаад бодохдоо…

Нэг лаа нөгөөгөө асаахдаа юугаач алддаггүй гэж нэгэн мэргэн хүн сургажээ. Харин үүний үр дүнд гэрэл л нэмэгддэг. Харанхуй өрөөнд нэг лаа гэрэлтэй, харин хоёр болбол бүүр илүү гэрэлтэх нь ойлгомжтой.

Мэргэд хэн нэгний оюун ухааныг гэгээрүүлэхэд ямар ч зардал гарахгүй харин үүний үр дүнд нийгэм илүү сайхан, илүү аз жаргалтай болдгийг л ингэж зүйрлэн хэлсэн байна. Тэгэхлээр мэддэг чаддаг зүйлээ бусдадаа харамгүй хэлж өгөх нь, мэдлэг туршлага дутмаг хүмүүст зааж зөвлөх нь та өөрөө өөртөө тусалж байгаа хэрэг аж.

Хүн болгон мэдлэг туршлагатай, ухаалаг амьдарч эхэлбэл нийгэм маань гэрэл гэгээгээр дүүрэн байх болно. Нийгэм илүү гэрэл гэгээтэй байвал танд л амар амгалан аз жаргалтай амьдрахад амар байна биз дээ. Орчин үед хүмүүс бүүр их нийгэмшсэн цагт амьдарч байна. Нийгмээс өөрийгөө тусгаарлах оролдлого бүр амжилтгүй болж ирсэн түүхтэй.

Иймээс хүн бүр өөрийнхөө амьдралыг ухаалаг, бас аз жаргалтай авч явах ёстой. Хүн болгон аз жаргалтай байвал энэ хүн төрөлхтөн тэр чигтэй аз жаргалтай байх болно. Тэгэхлээр яаж аз жаргалтай байх аргаа бусдадаа харамгүй хэлж өгөөрэй. Ингэлээ гээд хувь хүний нийгмийг бүрэлдүүлэх байр суурь чинь бүдгэрэхгүй шүү гэсэн сургаал юм даа гэж дээрх үгийг уншаад бодож байлаа.

Ж.САНДАГДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *