Хорватын шинэ үеийн нэрт зохиолч Антун Шоляны “Нэгэн асуултын үр дүн” өгүүллэгийг хүргэе. “Хүйтэн дайн дэлхийн улсуудыг соёл нь харилцан нэвтрэлцдэггүй, дайсагнагч хоёр бүсэд хуваачихаад байсан тэр үед төв Европын сэхээтний ертөнцөд “жийнсний утга зохиол” хэмээх нэгэн өвөрмөц давалгаа гарсны тод томруун төлөөлөгч бол Шолян юм” гэж Г.Аюурзана “Дэлхийн сонгомол” бүтээлдээ тодотгосон байдаг.
-НЭГЭН АСУУЛТЫН ҮР ДҮН-
Хаалган цаана нимгэн нийлэг хүрэмтэй залуу зогсож байлаа. Хүзүүний ороолтоо эрүүндээ тултал татаж, сайргардуу хөл нь гандсан жийнсэн дотроо чичирч байгаа нь анзаарагдана. Гялгар цаасан хавтсыг эгээ л хүүхэд тэвэрч байгаа юм шиг зүүн гараараа биедээ нааж, баруун гартаа ямар нэгэн юм тэмдэглэж авахад бэлэн байдлаар харандаа бэлджээ. Катарина зүүн гараараа халуу дүүгсэн гэрийнхээ хагас нээлттэй хаалгыг барьж, баруун гараараа гоёмсог, зузаан халаадныхаа энгэрийг хумьж зогсов. Залуу эрүүгээ тачигнуулахгүйг ихэд чармайн байж: -Өршөөгөөрэй, би “Эмэгтэйчүүдийн ертөнц” сэтгүүлээс явж байна л даа. Бид… үгүй ээ… манай сэтгүүл нэг асуулга явуулж байгаа юм… Орчин үеийн эмэгтэйчүүдэд эрчүүдийн юу нь таалагдах тухай.. аа, бас юу нь таалагддаггүй талаар… Хэрэв та юу яах юм бол, би маш талархах байна… Ердөө ганцхан минут… ганц л минут л… Гэвч өмнө нь тогшсон бусад бүх хаалганы нэгэн адил энэ хаалга ч залуугийн өмнө алгуурхан нээгдэж эхлэв. -Юун асуулгад оролцох манатай. Би дөнгөж ажлаасаа ирээд байна. Дараа болъё гэж Катарина хаалгаа хаах зуураа хэллээ.
-Ганц, хоёрхон асуулт шүү дээ. Их амархан асуултууд… гэж залуу царайчлангуй зүтгэхэд харандаа барьсан гар нь аймхай атлаа шийдэмгийгээр хаалганаас зуурав. Магадгүй, тэр хөл дээрээ тогтож ч чадахгүйд хүрснээс дэм авах гэж хаалганаас барьсан ч байж болох юм. Катаринагийн цаана хотын шинэ хорооллын ердийн жижгэвтэр байр байгааг задгай үснийх нь дээгүүр өнгийн харж болохоор. Цэвэрхэн, дулаахан гал зуухных нь ширээн дээр аягалж тавьсан кофе энд үнэртэх аж. Кофены тэр хурц ааг, ажлаасаа ирүүт толгойгоо угаасан Катаринийн шампунийн үнэртэй холилдоно. -Үгүй, үгүй, уучлаарай, чадахгүй гэж Катарина татгалзав. -Би оюутан л даа. Оюутны үйлчилгээний товчооноос… гэнэт л аз болж… Ажил олдсон нь энэ. Тэгсэн чинь өнөөдөр ийм аймаар хүйтэн, хэн ч асуулгад хариулсангүй. Манай үеийн эмэгтэйчүүдэд эрчүүлийн юу нь таалагддаг, юу нь таалагддаггүй нь хэнд ч хамаагүй юм шиг л. Би тэгээд ганц ч хуудас бөглөж чадсангүй. Залуу арга барагдсан дуугаар ийн яриад, баталгаа болгож хавтаснаас цагаан хуудас гаргаснаа харандаагаар заав. Катарина цэвэр цагаан хуудас руу яахаа мэдэлгүй ширтсэнээ, дулаан байр руу нь горьдсон нүдээр шагайх залууг ажиглалаа. Даарсан царай, нулимс гүйлгэнэсэн нүд, улайсан чих нь түүнийг улам доожоогүй харагдуулсан аж. Хүрэм нь доторгүй бололтой. Дээр нь хамаг биеэ хурааснаас хариу ч үгүй чөрчгөр амьтан үзэгдэнэ.
-За, яахав, тийм байж. Орж аяга кофе уу л даа. Би яг гал зуух руугаа орох гэж байсан юм хэмээн Катарина итгэлгүйхэн дуугарав. Баярласандаа царай нь гэрэлтсэн залуу ширээний ард суугаад хавтсаа тавьж, бээрсэн гар руугаа амьсгалан Катаринаг кофе хийж өгөхөд хичээнгүйлэн тосч авлаа. Тэгтлээ баярлахыг нь хараад Катаринад ч тааламжтай болж, өөдөөс нь харан суув. Тагтнаас тусах нарны гэрэлд залуу бүхэлдээ бараан дүр болон үзэгдэнэ.
-Би харин танай сэтгүүл дээр нэрээ гаргахыг хүсэхгүй байна. Хүмүүс дооглоно. Намайг сексийн тухай ярьж байна гэх юм бол… Бурхан минь! гэж Катарина хэлэв.
-Нэргүй асуулга л даа. Та надад бүрэн итгэж болно. Намайг Младен гэдэг хэмээн залуу зөвхөн нэр нь л нууц хадгалах баталгаа болчих юм шиг ятгасан аясаар өгүүллээ. Дулаацаад тэр хүзүүний ороолтоо, хүрэмний товчоо тайлав. -Үнэнийг хэлэхэд, надад эрчүүлийн яг юу нь таалагддагийг би мэдэхгүй юм. Янз янз, тухайн үедээ л…гэж Катарина хэллээ. -Та хамгийн түрүүнд юуг нь анхаардаг вэ? л гэж асуух гэсэн юм л даа. Хэн нэгэнтэй танилцлаа гэхэд… биеийн ямар онцлогийг… Эрчүүд бол, жишээ нь эмэгтэй хүний хөл, хөх, гуя, тиймэрхүү зүйлсийг хардаг. Ингэж хэлээд Младен Катаринагийн “тиймэрхүү зүйлсийг” ширтлээ. Катарина зовонгуй инээмсэглэж, халаатныхаа энгэрийг улам хумив. Түүнтэй ярилцаж эхэлснээсээ хойш анх удаа гэртээ танихгүй эр хүнтэй хоёулхнаа байгаагаа мэдэрчээ. -Тийм л дээ… мэдэхгүй юм аа гэж мөн л итгэлгүйхэн хариулав.
-Би танд асуултаар тусалъя гэж Младен бүсгүйн халаадны хуниас бүр рүү нүдээрээ шургачих шахам ширтэнгээ хэлээд -Жишээ нь, та биеийн хүч чадлыг хэр үнэлдэг вэ? Булчинтай, хүдэр бадир эрчүүлд дуртай биз дээ гэлээ. -Үнэнийг хэлэхэд би… Би мэдэхгүй юм аа. -Заримдаа ч тийм л дээ, гэхдээ… -Тэгэхээр өндөр байх хэрэгтэй гэсэн үг үү. -Үгүй, заавал тийм байх албагүй л дээ… Младен хөмсгөө зангидаж, амандаа ямар нэг юм бувтнан, цаасан дээр нэгэн нууцлаг дүрс тэмдэглэчихэв. Ийн бичиж суух зуур нь Катарина түүний шувтан мөр, үхээнц цонхигор царайтай, туранхай гартай, өнгө алдсан шүдтэйг анзаарлаа.
-Танайх ямар гоё кофетэй юм бэ? гэж тэр аяган дахиа балгаад, -Тэгвэл бэлэг эрхтэн нь гэх нь тэр
-За боль доо гээд бүсгүй инээд алдав. -Үгүй ямар нь танд таалагддаг вэ. Том, бага, бүдүүн гээд л… -Та намайг юу гэж бодоо вэ. Намайг харьцуулаад яриад байхаар тийм олныг үзсэн гэж санаа юу хэмээн Катарина гоморхлоо. -Үгүй ээ. Энэ асуулгын тодорхой насны, тодорхой туршлагатай эмэгтэйчүүдийн дунд явуулахаар тооцсон юм. 22-оос дээш насны, ажил албатай эмэгтэйчүүд гэж байгаа юм л даа гэж Младен учирлав. -За зүгээр дээ, тэнэг юм гээд Катарина ахин инээд алдлаа. Младен тонгойж ямар нэгэн юм тэмдэглэв. “Тэнэг юм” гэж тэмдэглэсэн ч байж мэднэ. Эсвэл, зүгээр л харандаагаа хөдөлгөн юм бичсэн дүр үзүүлсэн ч байж болох юм. -Жишээ нь, та “стеатопиги” гэж юу болохыг огт мэдэхгүй ч энэ тэнэг жаал өөрөөр нь даажигнаад байна гэж бодсондоо Катарина нэлээд ууртай хариулав.
-Та өөрийнхөө дотно хүнийг, нөхрийг…найз залуугаа ч юм уу… төсөөлөөд бод доо… гэхчилэн Младен ер шантрах шинжгүй шалгаалаа. -Надад нөхөр ч, найз залуу ч байхгүй. -Юу? Та гав ганцаархнаа амьдардаг юм уу? гээд энэ үгсийн дараа орчин тойрон нь тэс ондоон болчихсон юм шиг, ийш тийш харав. -Тийм ээ, гав ганцаараа гэж батлаад мөн л эргэн тойрноо ажиглалаа. Гэнэтхэн тэр өөрийгөө жигтэйхэн ганцаардмал, ямар ч булчин шөрмөстэй залуугүй, ямар ч нөгөө юу билээ, аа тийм, стеатопиги ч үгүйг анзаарав. Ганц бие, ажил хийдэг, 22-оос дээш насны, тэгэхдээ эрчүүдийг цэгнэх туршлага суугаагүй эмэгтэй…Харин гадаа жигтэйхэн хүйтэн. Ийм хүйтэнд хүн хариулахааргүй балай асуултууд барьсан энэ жулдрай залуугаас өөр хэн л наашаа зүглэх билээ. Хэн ямар гэдэстэй, бие нь хэр үстэй, эрхтэн нь аль хэр том зэрэг нь тийм чухал юм шиг бодчихсон тэнэг амьтан. Эмэгтэй хүнд бол хажууд нь зүгээр хэн нэг хүн байж байх л хавьгүй чухал шүү дээ. -Таны энэ яриад байгаа биеийн үзүүлэлтүүд шал тэнэг юм аа. Хүн хүндээ жинхэнээсээ таалагдах гэж байдаг шүү дээ хэмээн тэр Младенд хэлэв. Младен ширээн дээр харандаагаа тавиад уртаар санаа алдахад нүд нь бүхэл оройжин эргэлдсэн асуултуудынхаа мананд живсэн мэт бүүдийлээ: -Эмэгтэйчүүд цөмөөрөө л ингэж ярьдаг. Гэхдээ…гэхдээ дандаа ярьснаасаа эсрэг байдаг. Хэрэв тийм л байсан бол, намайг хэн нэг эмэгтэй өөрийн болгох л байсан шүү дээ. Гэтэл тийм биш…Тийм биш нь тодорхой шүү дээ. Энэ үгийг сонсоод Катарина инээд алдаж. -Би бол муухай эр хүн байдаггүй гэж боддог. Хүн бүр өөрийг нь хайрлах хүнийг хайж явдаг. Хүн бүхэнд сайн тал бий. Түүнийг олж харах л хэрэгтэй хэмээн маргаан өдөв. -Үгүй дээ, жишээлбэл би хэнд ч таалагддаггүй, ямар ч эмэгтэй хүнд ялгаагүй. Аман дээрээ бол хүүхнүүд “Бие бялдар хамаагүй” л гэнэ. Цаанаа бол… Жишээ нь надтай юу яана гэж хэнийх нь ч санаанд багтахгүй..гэж Младен хариуллаа. Тэр аяган дээр, нөгөө асуултынхаа дээр, бараг л уйлахаа алдан бөгтийжээ. -Арай ч хэтрүүлж байна аа, гэхдээ би таныг анх удаа л харж байна шүү дээ гэж Катарина айсан шинжтэй бувтнав. -Би зүгээр жишээ болгож хэлсэн юм. Жишээ ч гэсэн дээ, та намайг анх удаагаа харж байхдаа ч сүүлийн удаагаа харж буй гэдгээ мэдэж л байгаа шүү дээ. Тэгвэл би эмэгтэй хүнд анх харахад нь л таалагддаг залуу байхыг хүсдэг. Ядахнаа ганц эмэгтэйд… Тэгээд ч нэмэр алга. Тэгэхээр бие бялдрын үзүүлэлт гол байгаа биз дээ. -Үгүй, та юунд гомдлоод байгаа юм бэ? Эрт орой хэзээ нэгэн цагт хүн бүр хэн нэгнийг олж авдаг шүү дээ гэж Катарина үгийг нь таслав. Тэгж хэлснийхээ дараа “ Үгүй, нээрээ, хүн бүхэн ханиа олдог гэж үнэн болов уу? Хүлээх л хэрэгтэй, гэтэл хэдэн зууны туршид хүмүүс ингээд л өөрийгөө хуураад явсан юм биш байгаа? Би ч гэсэн… Ингэж ярьж байгаа ч, өөрөө хэнийг ч олж чадахгүй, эцсийн эцэст, намайг тоож чангаасан эхний эрийн л эрхэнд орчих юм биш байгаа?” гэж боджээ. -“Эмэгтэйчүүдийн ертөнц” сэтгүүлийнхэн яагаад намайг ийм асуулга авахуулахаар явуулсныг та мэдэж байна уу.
Катарина түүн рүү хараад ярианы сэдвийг өөрчилсөнд нь баярлан инээмсэглэлээ: -Та л ийм ажилд яг тохирно гэж хэлэхэд хэцүү л байна. -Ийм асуулгад зөвхөн оюутан охидыг явуулдаг юм. Залуучуудаас ганцхан намайг л авсан. Намайг гэм халгүй амьтан, эмэгтэйчүүдээс асуулга авахдаа элдвийн юм хийчихгүй гэж үзсэндээ тэр байхгүй юу. Би хүссэн болохоор тэр биш. Огт чадахгүй учраас л тэр. Одоо та ойлгов уу? -За та боль доо гэж Катарина хэлэв. Оюутан улам атийснаа, сайхан залуус, сайхан хүүхнүүд нүцгэн зугаалах ширэнгэ ойг төсөөлөнгөө өрөөнийхөө хүйтэн буланд шигдчихээд, дүүрэн хиам шиг булчин, пүүгийн туухай шиг нударгатай болохыг ямар ч найдваргүй мөрөөдөн суудгаа ярилаа. -Сүүлдээ эр хүн гэдэгтээ ч итгэхээ байсан. Жишээлбэл, ямар нэгэн эмэгтэй намайг сонирхоно гэдэгт би ерөөсөө итгэдэггүй гэж тэр төгсгөлд нь хоолойгоо зангируулан өгүүлэв. -Хэн танд тэгж хэлсэн юм бэ? гэж асуухдаа Катаринагийн хоолой хачин бөглүү сонсогдлоо. Энэ үгнээс өөрийгөө ч, залууг ч өрөвдсөн өнгө дуулдав. Бүсгүй босоод аяга авах гэж байгаа юм шиг гараа сунгаснаа түүнийхээ оронд залуугийн толгойг тэврэн авч, хэн нэгэнд зориулагдах ёстой байсан төвгөр хөхнийхөө тушаа татан ойртуулаад нойтон хамар, чичирсэн уруултай тэр толгойгоор халаатныхаа энгэрийг үрэн задгайллаа. -Хэн танд тэгж хэлсэн юм бэ? Хэн танд тэгж хэлсэн юм бэ, хэн танд тэгж хэлсэн юм бэ… гэж тэрээр тас зуурсан шүднийхээ завсраар давтан өгүүлж, нарны гэрэлд гялбасан нүдээ анин, залуугийн хүйтэн нүүрийг бие дээгүүрээ хөтөлнө. Ийм маягаар нөгөө асуулга чинь хотын шинэхэн хорооллын, шувууны тор шиг жижигхэн нэг өрөө байранд, цэвэрхэн цагаан хэрэглэлтэй орон дотор, ажил тарсан оройн цагаар, тийм тэнэг асуултууд барьчихаад хүйтэн гудамжаар тэнэж явсан ямар ч эр хүн мөрөөдмөөр сайхан үргэлжилжээ. Гүнзгийрүүлсэн асуулгаар хэн хэн нь биенийхээ олон онцлогийг судалж таньсан нь лавтай. Асуулга ч бай, ер нь ямар ч ажил нэгтээ дуусдаг ёсоор дууссан нь мэдээж. Оюутан маань эм хүнээр бүр дэндүү цангаж явсан болоод ч тэр үү, хагссан хүсэл нь ханахдаа бүсгүйн хүлээж байсныг даанч гүйцэлдүүлсэнгүй. Асуулгын эцсийн үр дүнд эмэгтэй хүн, орчин үеийн ертөнц хоёр урьдынхаараа л үлджээ. Халууцаж, эгээ л сугалаанаас азтай тасалбар хожчихсон аятай сэтгэл ханасан Младен биеийнхээ төдий л түүртэмгүй жингээс Катаринаг чөлөөлснөө, эхлээд орон дотор, дараа нь өрөөн дотуур ам хуурайгүй чалчин сэлгүүцэж гарав. -Энэ ч ёстой зөгнөл гэсэн үг юм аа. Ийм юм надтай хэзээ ч тохиолдож байсангүй. Харин чамд тохиолдож байсан уу? Зөгнөлт зүүд ийм л байдаг байх. Хэдийгээр надад нөгөө үзүүлэлтүүд байхгүй ч гэсэн…За, тэр ямар хамаа байна. Тэгэхээр, бүхнийг анхны харцаар эхэлж болох нь байна. Бурхан минь, ямар гайхалтай юм бэ? Чамд надтай байхад сайхан байсан уу? Үнэхээр сайхан байсан уу? Сайхан байсан, тийм үү? Катарина, хэл л дээ, сайхан байсан уу, тиймээ? гэхчилэн дуустал нь ярьж амжихгүй байх вий гэж айсан юм шиг эцэс төгсгөлгүй ганцаараа ярина. -Тийм ээ гэж Катарина хариуллаа. Тэр өрөөн дотуур нь баяр хөөрт автан эргэлдэх залуугийн чөргөр биеийг ажиглав. Дараа нь юу яриад байгааг нь ч анхаарахаа болилоо. Гэнэтхэн түүнд ганцаархнаа байх адгуу хүсэл төрөв.
Гэвч залуу түүний бяцхан вант улсад аль хэдийнэ тухлаад гэрэл зургийн цомог сөхөж (Хонгор минь, энэ чинь одоо юун залуу байдаг билээ?), шүүгээнд байсан лонх шарзыг асуух ч үгүй авч хэдэнтээ балгаад, угаалгын өрөө рүү нь орж хаалгаа ч хаалгүйгээр давсаг суллах зуураа ам хуурайгүй ярьж, хүр хүр хийтэл биеэ маажих аж. Одоо ч тэр гал зуухны өрөөнөөс үе үе юм зажлан үгээ таслаад, мөн л ярьсаар. Катарина яаралгүй өндийж, халаадаа өмсөөд галын өрөөнийхөө үүдэн дээр зогслоо. Нүцгэн, нуруун дээрээ батгатай чөргөр залуу хөргөгчний өмнө явган суучихсан, өглөө идэхээр бэлдсэн хиамыг нь шууд гараараа аван идэж байв. -Чи хэвтэж бай л даа. Би одоохон… гэж тэр амнаасаа хагас зажлагдсан хиам цухалзуулан өгүүлээд: -Ахиад хоёулаа түрүүнийхийгээ хиймз гэлээ. -Ахиад бидний хооронд юу ч болохгүй гэж Катарина аяархан хэлэв. Младен аанай л нөгөө суусан янзаараа бүсгүй рүү асуусан харц өргөлөө. -Чи одоо яв гэж бүсгүй өгүүлэв. Цаадах нь тостой гараа нүцгэн гуяндаа яаран арчсанаа ухасхийн бослоо: -Тийм ээ, тийм. Тэгэлгүй яахав. Чи ажилтай шүү дээ. Би одоохон, одоохон. Үнэхээр гайхамшигтай байлаа. Тийм биз дээ? Бид ахиад уулзана тийм ээ? Катарина өмднийхөө шуумгийг олж чадахгүй байгаа чөрчгөр хөл, батгатай нүүр, өөрийнх нь байдлыг таамаглах гэж ядах аймхай нүд рүү нь ширтээд, өмнө нь яг манаач шиг зогссоор байлаа. -Маргааш чиний ажил хэдийд дуусах вэ? Яг өдийд …Юу яавал яасан юм бэ? Юу гэж бодож байна? За тэгье, маргааш шүү. Чи бид хоёр хэн хэндээ зориулагдсан хүмүүс байх аа. Маргааш харин, арай удаан цуг байвал ямар вэ? Би нааш номнуудаа аваад ирсэн ч болно шүү дээ. Хувцаслаж дуусалгүй тэрээр бүсгүйг тэврэх гэж оролдов.
-Үгүй ээ, үгүй гэж Катарина санаад оромгүй ууртай хүйтнээр түлхээд хүрэм, хүзүүний ороолт хоёрыг нь түүн рүү чиглүүлэн өмнөө бамбай мэт барьсаар үүд рүү түрлээ. -Бид хоёр таарах хүмүүс биш. Тэгэхээр маргааш ч, нөгөөдөр ч уулзалдахгүй. -Ингэхэд гэнэтхэн юу болчихов оо? гэж Младен асуув. -Анхны харцаар өдөөгдсөн гайхамшигтай сайхан юм ер байгаагүй. Энэ бол зүгээр л эндүүрэл. Чи цуг байхадсайхан эр ч биш, энд азарган тахиа шиг донгодоод байхаар юу ч хийгээгүй. Энэ бол ганцхан миний, миний л алдаа. Гэртээ амьд хүн хараагүй удсанаас л тэр. Өөр юу ч биш. Ажилдаа явах, ажлаас ирэхээсээ бусдыг мартсанаас л болж байхгүй юу. Хүмүүс бие биедээ таалагддаг тэр ертөнц рүүгээ чи явж үз. Ямар нэгэн хэсэг хэсгээрээ таалагддаг, зарим эрхтэн нь таалагддаг, тэр хэсгүүдээс бусад бүх юм нь хэвийн хүмүүс байх нь л дээ. Чиний тэр эмэгтэйчүүдийн ертөнцөд, эмэгтэй хүнд түүнээс өөр асуудал байхгүй юм байна. Ийм юм бодож олж л байдаг, түүнд чинь тэр сонин сэтгүүл чинь л итгэдэг юм байгаа биз? Тэгээд бас тэр тэнэг асуултуудаараа хүмүүсийг төөрөлдүүлэх санаатай. -Гэхдээ, хонгор минь сонс л доо…Катарина байз л даа…
-Бас юун “хонгор” вэ? Мөн бодож олов оо? Нэгэнт л хорвоо надад эмэгтэй хүний минь хувьд ийм зүйл оноож байгаа бол…, чамтай ч хамаагүй үзэх хэрэгтэй л гэж бодсон юм. Магадгүй, надад өөр тохиолдол таарахгүй ч юм бил үү гэж бодсон. Бие бялдар, эрхтэн нь таалагдахгүй болохоор л татгалзаж болно гэж үү? Магадгүй, би асар үнэтэй баялгаа гээсэн ч байж мэднэ. Баялгаа шүү, чөтгөр ав, гэхдээ би эд баялаг гэх мэтийг тооцсон биш л дээ. Зүгээр л надад аймаар байна. Надад дараа ийм санамсаргүй, ийм тэнэгээр хүрч ирээд, үе үеийн хүмүүс ийм л замаар дурлалцаад, эцэст нь бүх юм утгагүй төгсөж, урьдынхаасаа улам ч ганцаардмал үлддэг байх вий гэж айж байна. Тиймэрхүү хямд бэлгийн төлөө хорвоод баярлалаа. Бэлгэнд ийм морь ирэх болбол эхлээд шүдийг нь татаж харах хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол юуны өмнө сайн шүдний бахь хэрэгтэйг ойлгоно. Чи наад асуулгадаа ингэж бичээрэй! Катарина ийм үгс хэлээгүй ч байж магадгүй. Гэхдээ шаналж, эвгүй байдалд орсон залууг шат руу өршөөлгүйгээр түлхэн гаргахдаа яг ийн бодсон юм. Залуу хүрмээ товчилж ч амжаагүй байтал хаалга тасхийтэл хаагджээ. Эргэн тойрноо хараад хоосон гэртээ ганцаар үлдсэнээ ойлгуут Катарина ирээдүйн өмнө хоромхон зуур айн сүрдэх шиг болов. Гэвч угаалгын өрөөнд орж халуун шүршүүр доор зогсохдоо бяцхан тусгаар тогтнолоороо бахархаж, хувь заяаны ямар ч дэмий бэлгийг хүлээж авахгүй, хэнтэй ч санаа нийлэхгүй араншингийн өөртөө байгаа тэр жаахан хэсгийг таатайяа мэдэрлээ.