Хүүхдийг Ивээх Сан Японы Гадаад хэргийн яамны Төрийн бус байгууллагуудын хөтөлбөрийг дэмжих сангийн буцалтгүй санхүүжилтээр нийслэлийн Ерөнхий боловсролын 24 сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдэд гурван жилийн хугацаанд “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” хэмээх төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэх гол шаардлагын талаар тус төслийн зохицуулагч Г.Цолмон “Энэхүү төслийг Монголд хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага юу байсан бэ гэвэл сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо ихэсч, тэр хэрээр хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох байдал нэлээд асуудал дагуулсан. Төсөл эхлүүлж байх үед Улаанбаатар хотод сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийн эзлэх хувь 30 орчим байсан нь хүн ам цөөтэй манай улсын хувьд маш өндөр тоо. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт хамрагдаж чадалгүй сургуульд элсэж байгаа хүүхдүүд олон байсан. Сургуулийн өмнөх боловсрол болон тодорхой чадваруудад суралцаагүйгээс сургуульд орсныхоо дараа бэрхшээлтэй тулгардаг. Жишээ нь, хүнтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, сэтгэл зүйн бэлтгэлгүйн улмаас айдастай байх, сургуулийн өмнөх насны хүүхдийн эзэмшсэн байвал зохих наад захын дадал чадварт суралцаагүй хүүхэд сургуульд элссэнээр багш, сургууль, эцэг эх төдийгүй хүүхэд өөртөө сурах зан үйлийг хэвшүүлэхэд хугацаа алддаг. Энэ бүхэн зургаан настнуудыг сургуульд элсэхэд, сурах үйл явцад нь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг харуулж байсан” гэсэн юм.
Тэгвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэрэгжсэн энэхүү төсөл зорилтот бүлэгтээ ач тусаа өгч чадсан уу гэдгийг уг төсөлд хамрагдсан сургуулийн багш, эцэг эхчүүдээс сонирхлоо.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн захирал А.Цэцэгсүрэн:
– “Хүүхдийг Ивээх сангаас өнгөрсөн гурван жил манай сургуулийн багш, сурагчид төдийгүй эцэг эх, эмч, номын санч, нийгмийн ажилтан, сургалтын менежер нартай хамтран ажилласан үнэхээр үр дүнтэй, маш их зүйл сурсан, хамтран хэрэгжүүлсэн жилүүд байлаа. Төслөөс үлдэх хамгийн чухал зүйл нь их, дээд сургуульд заадаггүй багшлах арга зүйн зөв дадал хэвшил, ойлголт, эерэг хандлагыг зорилтот буюу бага ангийн багш нарт шат дараат сургалтаар төлөвшүүлсэн явдал гэж харж байгаа. Мөн сургуулийн бусад ажилтан ч хүүхдийг суралцахад оролцдог, нөлөөлдөг гэдгийг шинэ мэдлэгээр ойлгуулсан. Нэгдүгээр ангид элсэн орж буй зургаан настай хүүхдийг эцэг эхчүүд хэрхэн бэлтгэх, төлөвшүүлэх ёстойг модуль сургалтуудаар эцэг эх, хорооны нийгмийн ажилтан зэрэг холбогдох хүмүүст ойлгуулсан нь маш зөв зүйл болсон. Зургаан настай хүүхдийг сургуульд суралцахад сэтгэлзүйн бэлтгэлтэй болгоно гэдэг багш нарын тулгамдсан асуудлын нэг байсан бол манай сургууль төсөлд хамрагдсанаар энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж чадсан. Түүнчлэн багш нар сурагчийн хувийн мэдээллийн сан хөтөлдөг, түүгээрээ дамжуулан сурагчидтай хэрхэн харилцах, ажиллахаа тодорхойлж, онцлогт нь тохируулан ажиллах арга барилын үндсийг суулгасан гэж болно. Төсөл дууссан ч бид цаашид энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Үүнээс гадна төслийн хүрээнд нэгдүгээр ангийн Бэлтгэл хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг шинэчилж, төсөлд хамрагдсан сургуулиудад туршсаны үр дүнд Бэлтгэл хөтөлбөрт хэрэглэгддэг Дасгал ажлын дэвтрийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын материал болгохоор болсон. Тодруулбал, Дасгал ажлын дэвтрийг 2017-2018 оны хичээлийн жилд БСШУСЯ-ны улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлэх “Сурах бичгийн нэгдсэн жагсаалт”-д оруулж батлуулсан. Ингээд зогсохгүй цаашдаа энэ дасгал ажлын дэвтэр үндэсний хэмжээнд нэгдүгээр ангид элсэгчдийн байнгын сурах бичиг болох юм. Энэ бол зургаан настай сурагчдад оруулж буй оюуны маш том хөрөнгө оруулалт” гэсэн юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн 1б ангийн багш Б.Гэрэл:
-“Хүүхдийг Ивээх сангийн төсөл манай сургууль дээр хэрэгжихээс өмнө би цөөнгүй жил багшилсан байсан ч тус төслийнхний багш нарыг чадавхжуулах модуль сургалтад хамрагдсанаар өөрийгөө шинээр нээсэн. Зургаан настай сурагчидтай болон тэдний эцэг эхтэй хэрхэн хамтран ажиллах талаар их, дээд сургуульд, тэр тусмаа багш нарт явагддаг сургалтуудад ч төдийлөн тусгагддаггүй маш сонирхолтой, шинэлэг, бүх багш хэрэгжүүлбэл зохих модуль сургалтад хамруулсан. Энэ сургалтад хамрагдсан багш нарын заах арга зүй, сурагчид болон эцэг эхчүүдтэй харилцах ёс зүйд ихээхэн дэвшил гарсан гэдэгт итгэлтэй байна. Нэг жишээ хэлэхэд, багш хичээлийг олон арга хэлбэрээр шавь нартаа ойлгуулдаг. Тэгвэл зургаан настай хүүхдэд тоглоомын арга ашиглах нь илүү үр дүнтэй гэдэг нь энэ төслөөр батлагдсан. Өөрөөр хэлбэл, зургаан настай хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан хичээлээ заах аргыг бусад сургуулийн багш нараас арай өмнө бид шинэлэг аргаар суралцсан гэдэгтээ итгэлтэй байгаа” гэж ярилаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуулийн 2б ангийн сурагчийн ээж Б.Номин:
-“Миний охины сурдаг сургууль Хүүхдийг Ивээх сангийн хэрэгжүүлсэн төсөлд хамрагдсан юм билээ. Нөхөр бид хоёр хоёулаа ажилтай болохоор охиндоо гаргах цаг зав багатай байдаг. Охиноо нэгдүгээр ангид элсэхэд нь үнэнийг хэлэхэд хичээлийн хэрэгсэл, хувцсыг нь бэлдэж өгөөд л оруулсан. Гэтэл сургуульдаа дасах, ангийнхантайгаа ойлголцох, сууж сурах, хичээлээ ойлгохоос эхлээд асуудал нэлээд тулгарсан. Энэ байдлыг богино хугацаанд даван туулж, охин маань бусдаасаа хоцрохгүй, хичээлдээ сонирхолтой, дуртай болоход тус сангийн хэрэгжүүлсэн төсөл маш их тус болсон. Жишээ нь, бусад сургуульд байдаггүй хүүхдийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг энэ төслийн хүрээнд хэрэгжүүлсэн юм билээ. Үүнтэй холбоотойгоор багштай нь уулзаж, охиныхоо чаддаг зүйлс, давуу болон сул талыг нь хэлж тэмдэглүүлснээр багш нь мэдээлэлтэй уялдуулан хичээлээ зааж байсан. Түүнчлэн эцэг эхтэй харилцах дэвтэрт тухайн өдөр охин маань хичээлдээ ямар оролцсон, биднээс шалтгаалах юу дутуу байсан зэргийг багш нь бичиж үлдээдэг нь бидэнд маш их тус болдог. Байнга очиж уулзаад байхгүй ч харилцах дэвтрээрээ багштай нь тогтмол харилцаж байгаа нь маш их таалагдсан. Түүнчлэн сургуульд орохоос нь өмнө хүүхдийнхээ сэтгэл зүйг хэрхэн бэлтгэх тухай эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулсан. Мөн эцэг эхийн хурлаар хүүхдийн давуу тал, эерэг хандлагуудыг эцэг эхчүүд хэрхэн дэмжих тухай, хамтран суралцах тухай гэх мэт үр өгөөжтэй зүйл яригддаг болох эхлэлийг тус сангийнхны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа нь таалагдсан. Ирэх жил манай хүү сургуульд орно. Хүүхдийг Ивээх сангийнхны ачаар туршлагатай болсон” хэмээн ярилаа.
Гурван жилийн турш хэрэгжсэн энэхүү төслийн үр дүнд нийт 204641 хүн хамрагджээ. Үүнд давхардсан тоогоор 1523 бага ангийн багш, сургуулийн удирдах ажилтан болон туслах 135 ажилтан, нийгмийн ажилтан, эмч, номын санч гэх мэт боловсон хүчин 231, 12198 эцэг эх сургалт болон бусад үйл ажиллагаанд оролцон, тодорхой үр дүнд хүрчээ.