Хятадын коммунист намын улс төрийн товчоо даваа гаригийн хуралдаанаараа гэр бүл төлөвлөлтийн бодлогыг хэлэлцжээ. Хурлын төгсгөлд нэг өрх гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна. Энэ нь хүн амын хөгшрөлтийг бууруулж, насны бүтцийг сайжруулах, ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилготой аж. Тус улсын хувьд насжилтын асуудал гол тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Хятадын эрх баригчид хүн амын хэт өсөлтийг хязгаарлах зорилгоор 1979 онд “Нэг өрх-Нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлэх болсон. Энэхүү бодлогыг 2016 онд халж, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн ч төрөлт нэмэгдээгүй нь уг асуудлыг дахин хэлэлцэхэд хүргэжээ. “Нэг өрх хоёр хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тодруулбал, өнгөрсөн онд 12 сая хүүхэд мэндэлсэн нь 2016 оныхтой харьцуулахад зургаан саяар бага үзүүлэлт юм.
Хятадын шинжээчдийн тооцоолж буйгаар ирэх таван жилийн хугацаанд хүн ам нь дээд цэгтээ хүрээд буурах юм байна. 2020 оны тооллогоор нийт хүн ам нь 1.412 тэрбумд хүрчээ.
Өнөөдрийн байдлаар Хятадад төрөх насны нэг эмэгтэйд дунджаар 1.3 хүүхэд оногдож байгаа юм. Гэтэл хүн амын тоог тогтворжуулах үүднээс энэ нь 2.1 байх ёстой аж. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар хэрэв төрөлт энэ байдлаар удаашралтай байвал АНУ ирэх 30 жилийн дотор ажиллах хүч 50 сая хүнээр нэмэгдэн, Хятадыг гүйцэх гэнэ. Харин эсрэгээр Хятадын хүн ам 32 саяар буурч, ажиллах хүчний тоо төдий чинээ багасах юм байна.
Тиймээс Хятадын эрх баригчид цаашид тэтгэврийн насыг хойшлуулах, залуу үеийнхэнд гэр бүл, хамтын амьдралын үнэ цэнийг багаас нь ойлгуулах ажлыг боловсролын тогтолцоонд тусгах, хүүхэд асрах үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, амаржсан эхчүүдэд урт хугацааны чөлөө олгох, төрөлтийн даатгалын тогтолцоо нэвтрүүлэх зэрэг ажлуудыг ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаа аж.
Д.ЦЭРЭНДОЛГОР