Categories
мэдээ цаг-үе

Нэг нь ч ангиасаа шилжиж зүрхлээгүй 8б-гийнхэн

1975 оны есдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Орхон сумын найман жилийн дунд сургуульд нэг анги болон нэгдэж амьдралын замналаа эхлүүлсэн эвсэг, нэгдмэл нэг ангийнхныг энэ удаа онцолж байна. 1970-аад оны үед өсвөр насны залуус Абба хамтлагийн дуугаар амьсгалж, Ала Пугачёвагийн дууг пянз хөгжмөөр сонсож, шүтэн биширч өссөн билээ. Тухайн үед орц бүрийн үүдэнд гитарын дуу хангинаж, өнөөх гадаадын хөгжмийг дуурайн дуулж өссөн байдаг. Тэгвэл энэ удаагийн зочин анги дуучин, бүжигчин тухайн үеийн шинэ соргогийг мэдэрсэн хамт олон байжээ. Жишээ дурдахад ангийн сурагч В.Дэлгэрмаа СУИС-ын элсэлтийн шалгалтад Ала Пугачёвагийн “Миллион алых роз” дууг дуулж Сосорбарам, Чаминчулуун нараас өндөр үнэлгээ аван тэнцсэн боловч, Санхүү эдийн засгийн техникумийг сонгон суралцсан байна. Энэ анги сургуулийнхаа хүрээнд урлагийн наадамд оролцон таван жил дараалан түрүүлж байж. Эдний ангийнхан 1983 онд наймдугаар ангиа төгсжээ. Ангийн багш нь Ж.Үржинлхам.

Эл анги 25 сурагчтайгаар анх Орхон сумын сургуульд элсэн орж байжээ. Ангийг нь Доржханд гэх залуухан бүсгүй дааж авсан байна. Багшийнхаа уншиж өгч байсан үлгэр домгийг одоо хүртэл тэд сэтгэл дотроо дүрслэн амьдралын харгуй замдаа мөрдлөг болгон амьдарч байгаа гэнэ. Тэдний бага насны гэнэн хонгор үе аль хэдийн дурсамж болон үлджээ. Алсран холдсон тэр цаг хугацаагаа ангийн нөхөд дурсан санаж хааяадаа жижигхэн хэмжээний уулзалт хийн бага насны гэнэн томоогүй үеэ дурсацгаадаг. Ээж аавынхаа өврөөс гараагүй балчир байх үеийн дурсамж нь үлдсэн ч одоо тэд өвөө, эмээ болцгоон Монгол Улсын өнцөг булан бүрт аж төрж байна. Энэ ангийнхан наймаа төгссөнөөс хойш үндсэндээ цацсан будаа шиг л талын нэг тарчихсан хамт олон. Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Өмнөговь, Могод, Дорноговь, Хөвсгөл, Тэшиг, Гурванбулаг, Хангал гээд ёстой л Монголын өнцөг булан бүрт үүрнээсээ ниссэн шувуухай шиг тархжээ. Эдний анги алдартан суутан хомсхон Монголын түм түм төгсөлтийнхний л адил эгэл жирийн нэг анги. Ангийн төлөөлөл болсон Хэл шинжлэлээр докторын зэрэг хамгаалсан ангийн бүлгийн дарга, таван онцын эзэн Д.Буянхишиг Дархан хотын ХААИС-д багшаар ажилладаг. Орхон сумын брэнд “Орхон” үүлдрийн хонийг насаараа малласан улсын аварга малчин Жигжиддоржийн охин Жаргалдалай төрөлх Орхон сумынхаа Засаг даргын тамгын газарт Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Түүнчлэн ангийн хоёрдугаар салааны дарга В.Дэлгэрмаа мөн л төрөлх сумандаа ЗДТГ-т Нийгмийн даатгалын байцаагч хийдэг. У.Гантөмөр, Б.Эрдэнэбаатар, Д.Мягмардарь нар хувь хувийн бизнесээ эрхэлж, салбартаа тэргүүлэгчид болсон гэж ирээд яривал дор бүрдээ амьдрал нь тэгширцгээжээ.

Сэлэнгэ аймгийн Орхон сум нь дөрвөн уулын дунд оршдог. Тиймээс өвлийн улиралд чаргаар гулгах нь нутгийн хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоом. Эл ангийнхан ч цасаар байлдаж, уулын орой дээрээс чаргаар гулгаж хөгжилддөг байж. Сумын төвийн урд уулын орой дээрээс ангиараа нэг том чарганд суугаад “Макарина” дууг орилон дуулж байснаа тэд дурслаа. Ангийн сэргэлэн хөвгүүн Батдэлгэр, том биетэй ч томоотой зантай Гантөмөр нар дөрвөн есийн хүйтэнд сургууль дээрээ хааш хаашаагаа дөрвөн метр урттай чарга авчирчээ. Тэр хоёр аахилж уухилсаар ангийнхаа эв нэгдлийн төлөө энэ чаргаар бөөнөөрөө уулын орой дээрээс гулгая гэж ангийнхандаа хэлжээ. Ангийн хүүхдүүд санал хуваагдаад тэрүүхэндээ хийсэн гэнэ. Ангийн хамгийн урт үстэй Бадамжав нүдээ бүлтийлгэн “Урд уулаас доошоо энэ том чаргаар гулгаж байгаад айлын хашаа цөмлөвөл яах юм бэ” гэтэл гэнэн цайлган Жаргалдалай охин “харин ч сонирхолтой юм биш үү. Тэгье л дээ” хэмээн ангийнхаа хөвгүүдийг дэмжсэн байна. Тэд санал хурааж эцэст нь уул өөд явахаар шийджээ. Чаргаа ээлжлэн чирсээр уулын оройд очиж л дээ. Энэ үеэр ангийн дарга Батдэлгэр “Бөөнөөрөө уруудахдаа макарина дууг дуулна шүү” гэж орилоод чарга руу үсрээд орчихож. Аажим аажмаар урагшилж байсан чарга руу ангийн хүүхдүүд нэг нэгээрээ үсрэн оржээ. Бүгд чарган дээр гараад “Ээе макарина…” гээд л дуулж гарсан байна. Удалгүй тэдний суусан гараа уулын бэлээр нутагладаг ууртай ах Хүрлээгийн хашааг зүглэж эхэлжээ. Бүгд сандран замаасаа үсрэн буусаар хамгийн сүүлд Гантөмөр үлдэн чаргаа зогсоохын тулд араас нь чирэгдсээр хашаа цөмлөн орсон аж. Маргааш нь багш нарын хурлаар ангиараа орсон ч одоо тэдний хувьд хамгийн сайхан дурсамжуудынх нь нэг энэ ажээ.

Ангийн 35 жилийн ойн уулзалтын үеэр

Ангийн охин В.Дэлгэрмаа ангийнхаа хөвгүүдийн талаар “Манай ангийн хөвгүүд их тусч хөдөлмөрч зантай хүүхдүүд байлаа. Тухайн үед манай суманд үйлдвэр, завод, хөдөө аж ахуй цэцэглэж байсан үе. Тэр үед нэгдлийн ажилд их тус болдог байлаа. Сагс волейболын мастерууд ч бий” гэсэн юм.

Тухайн үед Орхон суманд ажил өрнөж буцалдаг байж. Атаман ч их байсан цаг гэнэ. Тиймээс сурахын хажуугаар хүнд зодуулахгүй байхаас эхлээд амьдралын их тэмцэлтэй байлаа шүү дээ хэмээн Гантөмөр ярьсан юм. Энэ дөрвөн уулын дунд ёстой л амьдрал буцалж байжээ. Математикийн багш нь тэдэнд маш их даалгавар, давтлага өгдөг байж. Багшийнхаа хамгаалалтад байгаа хүүхдүүд рүү сургуулийн хэмжээнд хэр баргийн хүмүүс халдаад байдаггүй байсан гэнэ. Ангийн хөвгүүд тухайн үеийн нэгдлийн ажилд чадах чинээгээрээ л тусалдаг байснаа дурсав. Тахиан фирм цэвэрлэхээс эхлээд шуудайтай буудай үүрэх гээд хөвгүүдэд хийх ажил их байжээ. Үүнийхээ хөлсөнд нэг талх, ундаахан авах хэмжээний мөнгөтэй болж амттан аваад ангидаа найрладаг байсан гэнэ. Энэ мэтчилэн олон дурсамжийг бичиж болно. Нэг үеийн залуус нэг анги болон ижилдэн дасч, ээнэгшин дотносч нэгнээсээ холдох аргагүй дотно холбоо тогтоожээ.

Нэг намар, хоёр намар, гурван намар… Нэг л мэдэхэд бага насны хамгийн сайхан үе өнгөрчихдөг нь жам билээ. Цаг хугацаа гэж ийм л хурдан санж. 1983 онд найман жилийн сургуулиа төгссөн тэд нэг л мэдэхэд 35 жилийг ардаа үлдээсэн байна. Ойгоороо тус ангийнхны уулзалт Улаанбаатар хотод тунчиг сайхан баярлацгаасан гэдгийг ангийн хүүхдүүд дуу нэгтээ хэлж байлаа. Эдний ангиас нэг ч хүүхэд шилжиж, эсвэл шилжин ирээгүй нь содон. Нэгдүгээр ангидаа уулзалдсан нөгөө л 25 хүүхэд төгсөхдөө ч хамт байжээ.

Тус ангийн Буяндэлгэр ангийнхаа хүүхдүүдэд зориулж шүлэг тэрлэснээ сонирхуулав. Түүний шүлгийг сурвалжлагынхаа төгсгөлд хүргэе:

Ганган хээнцэр бас мода хөөсөн гадаадын дууг гайхалтай дуулдаг айл саахалт болж, дандаа хамт явсан ангийн дарга Батдэлгэр минь

Дуу хөгжмийн төрөлх сонсгол авьяастай, дотуур байранд хамт байсан цэвэр цэмцгэр найз Мягмардарь минь

Арын гуу, Сайхны аманд хамт тугал, бяруу хөөцөлдөж явсан дуучин бас цэвэрхэн охин Ариунболор минь

Урт сайхан үстэй, уян зөөлөн ааштай ухаалаг онц сурлагатан Бадамжаргал минь

Манай сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга онц сурлагатан шийрийн бригадад тоглож өссөн найз Уранцэцэг минь

Том сайхан нүдтэй, гоё дуулдаг, хааяа аав, ээжээрээ айлгадаг Энхзаяа минь

Орос хэлдээ онцгой сайн надтай адил малын эмчийн охин, ухаалаг сэргэлэн Сарангэрэл минь

Эргэлдсэн алаг нүдээрээ үргэлж инээмсэглэж явдаг хэзээ ч бусадтай маргалдаж үзээгүй гэмгүй сайхан охин Гэрэлтуяа минь

Ангийнхандаа хүндлэгдсэн гэм зэмгүй гэнэн томоогүй Батсайхан минь

Урт сайхан үстэй, цав цагаан царайтай, халуун дулаан сэтгэлтэй Дагва минь

Нэг ширээний найз, нэг ч удаа өөр ширээ рүү явж урваагүй Дээгий минь

Чихэр өгсөн ч дэргэдээ суулгаагүй, бие нь том, ухаан нь бүр ч том Гантөмөр минь

Голын захын хороолол руу өглөө оройгүй хамт алхаж, хорвоогийн бүхий л явдлыг хамт ярилцдаг, урлагийн үзлэгийн медалийг ээлжлэн зүүж явсан Дэлгэрмаа минь

10 жил нэг ангид хамт байж, хамт уйлж дуулсан Орхон руугаа гүйж, анхны хайрын түүхээ хуваалцаж явсан Жаргалдалай минь

Хамгийн жижигхэн нь мөртлөө, хамгийн адтай, сагч тоглодог, хичээлдээ онц Алтанцэцэг минь

Ангиараа бид Алтанбулаг руу Зил-130 машинд ачигдан зугаалж явахад хамт явсан, анхны хайрын захиа өгсөн сайхан хүү Бадрах минь

Сагс тоглохдоо тэргүүний, хов жив нэг ч ярьж үзээгүй, багш айлын охин Мөнхжаргал минь

Ажилсаг шаламгай, хүний төлөө сэтгэлтэй хөөрхөн охин Орхонцэцэг минь

Дээгийтэй хамт нэг ширээнд суудаг том ах хочтой, адуу малд хорхойтой, хурдан шаламгай Сүхбаатар минь

Гитар тоглоно. Дуулна. Бүжиглэнэ. Сагс волейбол тоглоно. Чадахгүй зүйлгүй Орхончимэг минь

Цагаан сайхан царайтай, дуу цөөтэй боловч царайлаг Мягмаржав минь

Өндөр сайхан биетиэй, буржгар гоё үстэй, сагс мундаг тоглодог ээжийн хайртай охин Цэцгээ минь

Сэргэлэн авхаалжтай, сайхан хүү Энхбаатар минь

Сагч сайн тоглодог, урт сайхан үстэй Энхмаа минь

Хамгийн дулаан сэтгэлтэй, ажилсаг, тусч Эрдэнэбат минь

Удаан тайван зантай уужим дэлгэр ухаантай, манай ангийн од Очирбат нар минь бүгдээрээ сайн байна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *