Categories
мэдээ цаг-үе

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний зардалд 30.7 тэрбум төгрөг баталснаас 18.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ

Төрийн аудитын байгууллага Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2021 оны хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд бодит цагийн аудитыг хийжээ. Энэхүү аудитын дүгнэлтийг үндэслэн, Шадар сайдад 10, Эрүүл мэндийн сайдад 7, НОК-т 1 зөвлөмжийг хүргүүлсэн хэмээн ҮАГ-ын дөрөвдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням мэдээлэв.

Тэрбээр “Бодит цагийн аудит нь үүсэж буй асуудал, алдаа дутагдлыг тухай бүрт нь холбогдох албан тушаалтнуудад зөвлөмж өгөх хэлбэрээр зөрчлийг арилгах зорилготой юм. Үндсэн гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд

  1. УОК, НОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр дүнтэй байгаа эсэх
  2. Санхүүгийн хөрөнгийн нөөцийг оновчтой зөв захиран зарцуулж буй эсэх,
  3. Шинжилгээ, оношилгооны ажил нь оновчтой зөв хэрэгжиж буй эсэхийг хянасан” гэв.

“Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд урьдчилсан гүйцэтгэлээр 442.3 мянган иргэнийг хамруулж, анхны шинжилгээгээр халдварын 56 тохиолдлыг илрүүлсэн байна.

Энэ үеэр гарсан нийтлэг гарсан зөрчлөөс дурдвал:

  1. УОК, НОК болон холбогдох төрийн байгууллагуудын батлан гаргасан төлөвлөгөөнүүдэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулах хариуцан, зохион байгуулах ажлын хэсэг, байгууллага нэгжийг томилохдоо Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын зохицуулалт, чиг үүрэгтэй уялдуулаагүй, хуулийн этгээд, иргэний оролцоог тусгаагүй, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд суурилаагүйгээс уг арга хэмжээний хэрэгжилт доод болон дунд шатанд хэрэгжүүлэх, биелэлтийг тооцоход хүндрэлтэй байдлыг үүсгэсэн.
  2. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээс өмнө хязгаарлалт тогтоох, шинжилгээ авахтай холбоотой ерөнхий мэдээллийг иргэдэд өгсөн ч зохион байгуулалтын талаарх нарийвчилсан, системтэй мэдээллээр бүрэн хангаагүй байв.
  3. Шинжилгээ авах байнгын цэг, явуулын баг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулсан боловч цэгүүдийн ажлын ачааллыг жигд зохион байгуулаагүй байна.
  4. Аудитын дүгнэлтэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хэрэгжилтэд МХЕГ, ЭМЯ, НЗДТГ-ын ХШҮХ-ээс хяналт тавьж, тодорхой зөрчлүүдийг арилгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг онцолж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 94.5%, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийн хөдөлгөөнийг 96.5% хүртэл хязгаарлан дэглэмийг сахиулж ажилласан байна.

Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн талаар Тэргүүлэх аудитор Я.Самбууням “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг арга хэмжээг зохион байгуулахад 57 тэрбумыг төлөвлөжээ гэх мэдээлэл гарч байсан ч Засгийн газраас 30.7 тэрбум төгрөгийн зардал гаргахаар баталсан. Үүнээс 18.4 тэрбум төгрөгийг зарцуулсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *