УИХ–ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.
–Өргөдлийн байнгын хороо 100-аас дээш өргөдлийг онцгой анхаарна гэсэн. Яг яаж ажиллах юм бол?
-УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд нэг сонгуулийн тойргийн иргэдээс нэг сарын хугацаанд 100-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд тухайн тойргоос УИХ-д сонгогдсон гишүүдэд иргэдийн саналыг танилцуулан тухайн асуудалд дүн шинжилгээ хийн саналыг авч ажиллахаар боллоо. Харин нэг аймаг, дүүргээс 500-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд Байнгын хорооны гишүүд газар дээр нь очиж танилцах, 900-аас дээш иргэний гарын үсэг цуглуулсан өргөдөл ирүүлсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанаар шуудавч хэлэлцэх болно. Гэхдээ энэ нь Байнгын хороогоор асуудал хэлэлцэхэд хэдэн иргэний санал ирсэн байх гэсэн тоон шаардлага тавихгүй бөгөөд чухал асуудал байвал нэг хүний өргөдлөөр ч Байнгын хороо хуралдана. 2015 оны нэгдүгээр сард Архангай, Баянхонгор аймгийн иргэдээс 100 давсан тооны өргөдөл ирүүлснийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Б.Болор, Х.Баттулга, Д.Ганбат нарт мэдээлэл болгох үүднээс тоймлон хүргүүллээ. Тойргоос сонгогдсон гишүүн нь Өргөдлийн байнгын хороонд иргэдийнхээ ирүүлсэн санал хүсэлтийн талаар мэдэж байх нь зүйтэй бөгөөд шийдвэрлэхэд саналаа өгөх, хамтран ажиллах боломжийг нь хангаж өгч байгаа юм.
–Иргэдийн өргөдлийг саналын хайрцгаар авна гэж байна. Өөр ямар сувгаар иргэд санал хүсэлтээ гаргаж болох вэ?
-Өргөдлийн байнгын хорооны саналын хайрцгийг 21 аймаг, нийслэлийн дүүргүүд дэх иргэний танхимуудад байршуулж байна. Өргөдлөө бичээд шууд саналын хайрцагт хийснээр 14 хоног тутамд хариуцсан ажилтан манай байнгын хороонд нууцлалыг хангаж, тогтмол хүргүүлж байхаар журамлагдсан. Мөн он гарсаар манай байнгын хороо www.urgudul.mn цахим хуудсыг ажиллуулж эхлээд байна. Энэ цахим хуудсанд бүртгүүлснээр өргөдлөө ирүүлж болно. Хариуг цахимаар болон цаасан хэлбэрээр шуудангаар буцаан хүлээж авна. УИХ-ын бусад гишүүд, Байнгын хороод манай Байнгын хороо руу шилжүүлэн шийдвэрлүүлэхээр өөрт хаяглагдсан өргөдлөө шилжүүлж болдог. Энэ утгаараа тэдгээрт хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгч, саналыг тусгаж ажилладаг. УИХ-д суудалтай намын бүлгүүд, бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн зөвлөлд Өргөдлийн байнгын хороотой төлөөлөн харилцах нэг гишүүнийг томилуулан хамтран ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд иргэдээс ирүүлж буй өргөдлийг тоймлон долоо хоног тутам мэдээлэл өгч, Байнгын хороогоор хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналыг нь авч байхаар боллоо. Ийнхүү намын бүлэг, зөвлөлүүдтэй мэдээлэл солилцон хамтран ажилласнаар ард иргэдийн маань санал намын бүлэг, зөвлөлийн хуралд хүрэх боломжтой болсон.
–Өргөдлийн байнгын хороо ард иргэдийн ямар санал хүсэлтүүд дээр ажиллаж байна вэ?
-УИХ-д 2015 оны нэгдүгээр сард440 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 109 буюу 24 хувь нь иргэдийн санал, долоо буюу нэг хувь нь гомдол, 324 буюу 73 хувь нь ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан байна. Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлуудыг судалж, лавлагаа мэдээлэл авах, хэлэлцүүлэгт бэлтгэх, шаардлагатай зарим газарт хяналт шалгалт хийлгэх асуудлаар судлан ажиллаж байна. Дийлэнх өргөдлийг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг өөрчлөхгүй байх, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход нутгийн малчид, багийн нийтийн хурлын саналыг авдаг зохицуулалт бий болгох, газар, орон нутгаа унаган төрхөөр нь үлдээх, хариуцлагагүй уул уурхайг хязгаарлах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, шалгалт хийлгэх асуудлаар хандсан байна. Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачины голын ай сав газарт явуулж буй ураны хайгуул, Их тамир сумын Мөнгөт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Таван-Уулд явуулж буй ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг зогсоох, зөвшөөрлийг цуцлах, тусгай хамгаалалтад авах тухай асуудлуудыг тавьсан байна. Нэр бүхий 21 иргэн бэлчээр доройтож байгааг анхаарах, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийг ихээр сүйтгэж буй үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгуулах, мөн орон нутагт ус, худаг гаргах асуудлыг давхар шийдвэрлэх, бэлчээрийг хувьчлахгүй байх, бэлчээрийн тухай хуулийн төслийг санаачлах асуудлаар хандсан бол нэр бүхий найман иргэн малын хөлийн татварыг авсан тохиолдолд уг татварыг орон нутагт нь захиран зарцуулах зохицуулалт бий болгож, бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, үлийн цагаан оготнотой тэмцэх, малыг эрүүл мэнд, үржил шимийг сайжруулах зэрэгт зарцуулах, нэр бүхий таван иргэн малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг урагшлуулж, эмэгтэй 50, эрэгтэй 55 нас болгож өөрчлөх, залуу малчдыг дэмжих бодлогыг төрөөс явуулах, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, малчдын зургаан настай хүүхдийн хичээлийн хуваарийг өөрчлөх, алдарт эхийн одонгийн мөнгөн тусламж, хүүхдэд олгодог мөнгөн тусламжийг хэвээр үлдээх, хариуцлага алдсан, хуралдаа суудаггүй УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх зэрэг асуудлаар хандаад байна. Байнгын хороо энэ бүхнийг судалж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Үлийн цагаан оготнын асуудлаар судлаач эрдэмтэд, мэргэжилтнүүдийг оролцуулан хэлэлцүүлэг хийж, ХХААЯ, Ногоон алт төсөлтэй хамтран аргачлал, төлөвлөгөө боловсруулж хүргүүллээ.
Л.МӨНХ