Categories
мэдээ цаг-үе

“Нэг ангийн хоёр” кинонд тоглож “Соёл-Эрдэнэ”-ийг шүтэж явсан сурагчид

“Нэг ангийнхан” буландаа эл удаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн тэргүүний 52 дугаар сургуулийг тэртээ нэгэн мянга есөн зуун далан таван онд төгссөн хамт олныг урьсан юм. Тавин хоёрдугаар сургууль бол Кубын тусгаар тогтнолын цогтой тэмцэгч, Латин Америкийн орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Хосе Мартийн нэрэмжит гэдгийг манайхан мэдэх билээ. Ачит багш Нанзадынхаа эрдэм оюуны үр шим, ээжийн дулаан сэтгэл, энэрэл хайранд нь өлгийдүүлэн аравдугаар ангиа дүүргэж, нүдэндээ нулимстай, сэтгэлдээ баяртай их амьдралын харгуйд хөл алхсанаас хойш эдүгээ 40 жилийн хаврыг үджээ.

Уг ангийнхан хэд хэдэн зүйлээр онцгой байсан нь хамт олны дурсамж дурдатгалаас бэлээхэн анзаарагдах аж.

Монголын орчин цагийн хөгжмийн урлагт тод мөрөө үлдээж, өнөөдөр домог мэт яригдаж буй “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” хамтлагуудыг шүтэн биширч, хаана л тэдний тоглолт болно тэр бүгдийг ангиараа, хэсэг нөхдөөрөө алгасахгүй үзэж, тухайн цагтаа залуусын мөрөөдөл болж байсан Зундарь, Галсанбат, “Цэнхэр залаа”-гийн Баатарсүх нарыг үлгэрлэн дуурайж явсан гэдэг. Мөн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Халтарын Дамдингийн бүтээл “Нэг ангийн хоёр” кинонд одоогийн гавьяат жүжигчин Б.Туяа, мөн Ч.Үржинбадам нарын тавин хоёрдугаар сургуулийнхан тоглоход тус ангийн хүүхдүүд болох Д.Энхбаяр, З.Оюунцэцэг, Дулмаа нар туслах дүр бүтээж, дэлгэцэнд мөнхөрсөн түүхтэй.

“Сурагч ахуй насандаа бид олон зүйлийн тухай мөрөөднө. Ирээдүйд нэр алдартай хүмүүс болохын төлөө хичээл номондоо шамдаж, бүгд их дээд сургуульд орцгоох тухай ярилцана. Гадаад дотоодын олон гоё сургуулийн сураг дуулдаж хорхой хүргэхийг нь яана. Манай ангийнхан хичээл номондоо шамдахын зэрэгцээ сургуулиас зохион байгуулсан соёл урлагийн ажилд идэвхийлэн оролцож, урлагийн үзлэгт цахилгаан хөгжмийн хамтлаг бүрдүүлэн жинхэнэ бут авч байсан үе бий. Цахилгаан хөгжмийн хамтлагийн маань соль гитарыг Г.Ганхуяг, ритм гитарыг Ч.Энхсайхан, басс гитарыг С.Ганхуяг, даралтат хөгжмийг И.Энхсайхан нар тоглож шуугиан дэгдээж байлаа. Р.Отгонбаатар бөмбөр нүдэж, цээл сайхан хоолойгоороо гайхагдаж байсан Б.Энхтайван, торомгор нүдэн Л.Цэрэндулам нар маань гоцлон дуулж, нарийн бүрээ хөгжмөөр сонгодог аязыг Г.Ганхуяг гоцлож, С.Туул шүлэг найргийг уран яруу уянгалуулж шилдгээр тодорч явлаа. Мэдээж бидний шүтээн бол Зундарь, Галсанбат нар. “Битлз”, “Смоки”, “АББА” –гийн дуунуудыг дуулж, “Манго” бүжгийг нийтээрээ бүжиглэн хөгжилдөн баясч явжээ” хэмээн 10Б-гийнхэн дөчин жилийн өмнөх нандин дурсамжаа хуваалцаж байна. Мөн “Манай ангийнхан тухайн үеийн залуусын дунд ихэд моодонд ороод байсан “Охидын бүжиг” гэх аялгууны бөмбөрийн цохилтыг цохиж сурцгааснаас хичээл дээр ширээгээ нүддэг хэргээр эцэг эхийн хурлаар хэд хэдэн удаа орж донгодуулж явсан тал ч бий” гээд инээлдэж байлаа.

Дуу хуур, хөгжим, бүжиг наадаанаас гадна спортын талбарт 10Б-гийнхэн манлайлж явсан гэнэ. Ангийн хөвгүүд завсар зай гарвал хичээлийн дундуур Намын дээд сургуулийн хөл бөмбөгийн талбайд очиж их тоглоно. Сургуулиас зохион байгуулдаг намрын спартакиадад чөлөөт бөхөөр Д.Энхбаяр, сагсан бөмбөгөөр С.Ганхуяг, Л.Отгонбаатар, Р.Отгонбаатар, Д.Туул, Л.Цэрэндулам нар хамт олноо төлөөлөн оролцож амжилт үзүүлдэг байжээ. С.Ганхуяг гурван метрээс гоол алддаггүй байсныг, Л.Отгонбаатар самбараас бөмбөг авахдаа гарамгайг, С.Энхжаргал буудлагын спорттой хувь заяагаа холбон улмаар олон улсын хэмжээний мастерын зэрэг хамгаалж, дасгалжуулагчийн алба эрхлэх болсныг нөхөд нь дурсч байлаа.

Арван таван хүү, хорин найман охинтой 10Б-гийнхэн бүгд дээд боловсрол эзэмшиж төр түмэндээ үнэлэгдсэн хүндтэй эрхмүүд болжээ. Тэднээс С.Баярсайхан ЗХУ-ын Иркутскийн их сургуулийг дүүргэн санхүүч мэргэжил эзэмшин төр захиргааны салбарт мэргэжлээрээ ажиллаж ирсэн нэртэй санхүүч юм.

Г.Ганхуяг ЗХУ-ын Волгоградын Цагдаагийн дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, дүүргийн прокуророор ажиллаж байсан. Монголын нэртэй өмгөөлөгчдийн нэгэн. С.Ганхуяг Польшид дээд сургууль төгссөн, гидрогеологич мэргэжилтэй. Усны хайгуулын төсөлд ажиллаж байна.

С.Ганбат ЗХУ-ын Иркутскийн бэлтгэлд суралцсан, УБДС төгссөн, хэвлэн нийтлэгч мэргэжилтэй. Чэйзийн детектив цувралыг орчуулан хэвлэгчээр ажиллаж буй. Л.Отгонбаатар мөн Польшид дээд сургууль төгссөн, механик инженер мэргэжилтэй, Барилгын цэрэгт офицер, “Монроуд” компанид хэлтсийн дарга, Р.Отгонбаатар ЗХУ-д Галын дээд сургуульд суралцсан, Улаанбаатар вагон депод мастер, бригадын даргын албыг тус тус хашиж байв. Д.Туул ПДС төгссөн, холбооны инженер мэргэжилтэй, Холбооны яам, “Хасу мегаватт”, “Өндөр буянт” компаниудад инженерээр ажиллаж байна. Б.Энхтайван ЗХУ-ын Ленинградын их сургууль төгссөн, холбооны инженер мэргэжилтэй НАХЯ-нд ажиллаж байжээ.

Тус анги олон амидай сурагчтай. Тэдний хоёр нь болох Ч.Энхсайхан Польшид дээд сургууль төгсч эдийн засагч мэргэжил эзэмшсэн бол И.Энхсайхан Германы Ростовын их сургуульд суралцсан байна. Тэрээр ЭНЭШТ-д эмчээр ажиллаж байгаад одоо хувийн эмнэлэг эрхлээд явж байгаа аж. Б.Энхтөр ХААДС төгссөн, ойн инженер мэргэжилтэй, Д.Энхбаяр Цэргийн ерөнхий дээд сургууль төгссөн, улс төрийн мэргэжилтэй, ардын цэргийн бэлтгэл ахлах офицер. Ж.Эрдэнэбат Германы Лейпцигийн их сургуульд суралцсан, инженер эдийн засагч, аж ахуйн менежер мэргэжилтэй, Улаанбаатар хотын Барилга засварын нэгдсэн трестэд дарга, “Шинэчлэл” хувьцаат компанид ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар ажилласан, одоо гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд зөвлөхөөр ажиллаж байна. Энэ бол 10Б-гийн хөвгүүдийн товч намтар юм. Эрмэг сайхан 15 хөвгүүнээс Р.Отгонбаатар, Б.Энхтөр нар нь бурхны оронд одож ангийнхаа олны сэтгэл зүрхэнд харууслын манан татуулсан байна. Тэр хоёрынхоо дурсгалыг үргэлж хүндэтгэж явдгаа нөхөд нь хэлсэн юм.

“Сурагч насны үерхэл нөхөрлөл хүмүүний амьдралд юунаас ч илүүтэй ариун нандин, хэзээ ч мартагдашгүй гэдэг ямар үнэн юм бэ. Манай ангийн хөвгүүд одоо ч холдоогүй. Бид үргэлж уулзалдаж, биесээ түшиж явдаг. Олуулаа цуглаж бага балчир насны хөгжилтэй хөөртэй дурсамжаа ярьж суух хамгийн жаргалтай. Дөчин жилийн уулзалтаа тэсч ядан хүлээж байна” хэмээн ангийн хөвгүүдийн төлөөлөл Жамсрангийн Эрдэнэбат хэлсэн. Харин ангийнхныхаа дурсамж дурдатгалыг цуглуулж, бичиж тэмдэглэх ажлыг хариуцлагатайгаар гүйцэтгэж, аливаад жинхэнэ сэтгэл зүрхнээсээ ханддаг хүн бол Д.Энхбаяр юм. Тэрээр ойн уулзалтдаа ангийн нөхдөө урихын ялдамд 40 жилийн босгон дээр багш нараа ийн дурсч байна. “Бидний зүрхэнд залуугаараа мөнхрөн одсон ангийн багш Нанзад, сургуулийн МХЗЭ-ийн хорооны дарга, Монгол хэл уран зохиолын багш Эрдэнээ, Банзрагч, физикийн Баатар, орос хэлний Хандсүрэн, Ядвига, химийн Чимид, Янжмаа, биологийн Бавуудорж, ургамал судлалын Жаргал, түүх нийгэм судлалын Ааяа, Намсрай, биеийн тамирын Дугарсүрэн нарын эрдэм оюун, их өглөгийн хүчээр бид өдий зэрэгтэй явна” гэв.

10Б-гийн охидыг төлөөлж ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга С.Сэргэлэнчимэг дурсамжаа хуваалцсан юм. “Бид хичээл номдоо жигд сайн сурдаг байлаа. Ялангуяа тооны хичээлд Р.Амарбаясгалан, Т.Бүжидмаа, Д.Оюунцэцэг, С.Туул, Б.Түмэнжаргал, Ц.Цэнгэлмаа болоод миний бие сайн байсан. Харин нийгмийн ухааны хичээлд Л.Гэрэлтуяа, С.Нэргүй, Б.Цэрмаа, О.Цэнд-Аюуш, Л.Цэрэндулам, Цэндмаа, монгол хэл уран зохиолд М.Аюурзана, С.Алтанцэцэг, С.Туул, Тунгалагхараа, У.Туяа, гадаад хэлний хичээлд Б.Долгормаа, Ё.Энхтуяа нар тэргүүлдэг байлаа. Цэвэр сайхан бичгээр ангийн дарга М.Аюурзана, Алтантариа нар бусдаасаа ялгарна. Зурах авьяасаараа С.Туул, Р.Амарбаясгалан нарыг нэрлэх хэрэгтэй” гэсэн. Ийнхүү 40 жилийн тэртээд тавин хоёрдугаар сургуулиас их амьдралын алтан харгуйд хөл тавьсан гэгээн сайхан нөхдийн тухай өгүүллээ.

Ө.МАНЛАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *