Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нефтийн ханш буурсан ч жижиглэнгийн үнэ өснө гэв


Уул уурхайн яамнаас өчигдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг хийлээ. Хуралд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Газрын тосны газрын дарга  Г.Өлзийбүрэн, “Эрдэнэс Таван толгойн” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нарын албаны хүмүүс оролцлоо.
Тэд дөрөвдүгээр сард зэсийн баяжмалын үйлд­вэрлэл 305.8 мянган тонн, молибдений баяжмалын үйлдвэрлэл 1.2 мянган тонн байгааг дуулгалаа. Мөн Алт 1.4 тонн, нүүрс 6.9 сая тонныг өнгөрсөн дөрөвдүгээр сард олборлон арилжаалжээ. Жонш 92.2 мянган тонн, төмрийн хүдэр 0.9 сая тонныг олборлосон бол газрын тосны үйлдвэрлэл хоёр сая 145 мянган баррель байгаа аж. Худалдааны хувьд 5.4 сая тонн нүүрс, зэсийн баяжмал 316.5 мянган тонн, молибдений баяжмал 1.4 мянган тонн, алт 2.5 тонн, жонш 83.0 мянган тонн, төмрийн хүдэр 1.6 сая тонн, газрын тос 2,094.6 мянган баррелийг тус тус экспортолсон гэнэ. Тэрчлэн Цагаан суваргын ордын 34 хувийг төр эзэмших тогтоолын төсөл өргөн барь­сан болоод ирэх сараас газ­рын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт шинэ үнийн томъ­ёоллоор хийгдэх болсныг дуулгав. Гэхдээ хямд үнээр шатахуун импортлох болсон ч жижиглэнгийн үнэ буурахгүй гэдгийг Уул уурхайн яамны удирдлагууд мэдэгдлээ. Ийн­­хүү мэдээлэл өгсний дараа сэтгүүлчид Газрын тосны газ­рын дарга Г.Өлзийбүрэнгээс дараахь асуултад тайлбар авсан юм.
-Шатахууны нийлүүлэлт шинэ үнийн томъёоллоор хийгдэнэ гэж  байна. Тонн шатахууныг хэдэн төгрөгөөр авах болсныг хэлээд байгаа юм бэ. Жижиглэнгийн үнэд ямар өөрчлөлт орох вэ?
-Бид яриа хэлэлцээр хийс­ний дүнд нэг тонн нефтийн бүтээгдэхүүнийг 960 ам.доллараар худалдан авахаар болоод байна. Өмнө нь 1300 орчим ам.доллараар худалдан авдаг байсан. Тиймээс л шинэ үнийн томъёолол гээд байгаа юм. Олон улсын зах зээл дээр нэг тонн нефтийн бүтээгдэхүүний үнэ ямар байна түүн дээр тээвэрлэлтийн үнийг нэмээд л Монгол Улсад импортлогдоно гэсэн үг. Гадаад орчны үнийг зохицуулж бараг 400 ам.доллараар буулгаад байгаа боловч хэрэглэгчдийн гарт хүрэх үнэ нь хэвээрээ байна. Шатахуун түгээх станцын буюу жижиглэнгийн үнэд дорвитой өөрчлөлт орж чадахгүй.
-Яагаад?
-Валютийн ханш нөлөөлж байгаа юм. Валютаар нефтийн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг учраас ийм нөхцөл байдал үүслээ. Гадаад орчинг тогтворжуулсан ч, дотоод асуудлууд ийм байгаа.  
-Гэхдээ цаашид шатахуу­ны үнэ нэмэгдэхгүй биз дээ?
-Үнэ нэмэгдэнэ. Гэхдээ улс орныг донсолгосон хэмжээний савлагаа гарахгүй. Яагаад гэвэл валютын ханш маань яах аргагүй нөлөөлөөд байна. Хөрш орнуудад нефтийн бү­тээгдэхүүний үнэ нэг ам.доллар 10 орчим центийн үнэтэй бай­на. Гэтэл бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй байж ийм хямдханаар борлуулж болох уу, үгүй юу гэдэг асуудал үүснэ. Эдийн засаг үүнийг даах уу, үгүй юу.
-Савлагаа үүсгэхгүй гэдгийг хэдэн төгрөгөөр тодотгож хэлээд байна вэ?
-Бид чинь 100-200 төгрөгөөр нэмэгдчихээр бөөн асуудал болдог биз дээ. Түүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Ийм хэмжээний донсолгоог бид оруулахгүй байя гэж байгаа.
-50 төгрөгөөр нэмэгдсэн ч асуудал шүү дээ?
-40-50 төгрөг нэг их асуудал үүсгэхгүй дээ. Бүгд харж байгаа шүү дээ. Угаасаа 100 ам.доллараар аваад 90 ам.доллараар зарахгүй нь ойлгомжтой. Хамгийн тогт­вортой байгаа ганц бү­тээгдэхүүн нь газрын тосны бүтээгдэхүүн.
-Жижиглэнгийн үнэ буухгүй, хэрэглэгчид хямд шатахуун авахгүй юм бол хилийн үнийг буулгаад ямар хэрэг байгаа юм. Та нар хилийн үнийг буулгалаа гэж яриад хэнд ашигтай юм бэ?
-Нэмэгдчихнэ гэж яриад байгаа юм биш л дээ. Гэвч валютын ханш нэмэгдээд байна шүү дээ. Ингэсэн тохиолдолд шатахууны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой.
-Хөтөлийн үйлдвэрт өргөтгөл хийж энэ жилээс нэмж нэг сая тонн цемент үйлдвэрлэхээр болсон. Гэтэл яагаад цементийн үнэ нь буурахгүй байна вэ. Ер нь та бүхний ярьснаас эсрэгээрээ бүх зүйлийн үнэ нь өсөөд байх юм?
-Цэвэр бизнесийн зарчмаар явах ёстой. Хэрэв Хөтөлийн цемент илүү үнэтэй байвал хэн ч авахгүй. Хажууд нь байгаа импортын цементийг л авна. Тэгэхээр үнэ нь буурах байх.

Л.МӨНХ