УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 91 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Хуулийн төслийн үндсэн агуулга нь малчдыг Нийгмийн даатгалд хамруулж, тэтгэвэрт гарах нөхцөл бололцоог хангахад чиглэжээ. Өнөөдрийн байдлаар НДШ-д хамрагдаж байгаа нийт иргэдийн ердөө зургаан хувь нь малчид аж. Нөгөө талдаа одоогийн үйлчилж байгаа хуулиар НДШ-ийг сар бүр тогтмол төлөхөөр заасан байдаг. Гэвч сум, орон нутгаасаа хол мал мал аж ахуй эрхэлдэг малчдад НДШ-ээ сар бүр тогтмол төлөх бололцоо бага аж. Энэ нь орлоготой нь ч мөн холбоотой юм байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, малчин нь НДШ-ээ жилдээ 2-3 удаа бөөнд нь төлж байх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд энэхүү төслийн гол зорилго чиглэжээ.
Мөн тэтгэвэрт гарах насыг нь таван насаар урагшлуулахаар төсөлд заасан байна. Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тайлбарласнаар малчдын насжилт төв суурин газар амьдардаг иргэдийнхээс 5-7 насаар богино байгаа нь судалгаагаар батлагджээ. Энэ нь хүнд нөхцөлд ажил эрхэлдэгтэй нь холбоотой гэнэ. Тиймээс Монголын төр малчидаа суурин аж ахуй эрхлэх хүртэл нь тэтгэврийн насыг нь харж үзэх шаардлага байна гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Үүнтэй байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгдэж, хуулийн төсөл дэмжигдсэн юм.
Онцлоход, хувиараа хөдөлмөр эрхлэгчид буюу тогтмол орлогогүй иргэд НДШ-ээ малчдын нэгэн адил төлөх боломжийг энэхүү хуулийн хүрээнд тусгаж өглөө.