УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Эрүүл мэндийн салбартай холбоотой хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын багийн гишүүд өнөөдөр тус салбарынхантай Төрийн ордонд уулзлаа.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын ажилтай танилцах үүрэг бүхий ажлын багийнхан тус уулзалтыг цахимаар зохион байгуулсан юм. Тодруулбал, уулзалтад эрүүл мэндийн салбарын шат шатны байгууллагын төлөөлөл болох 35 хүн танхимаар, 275 хүн цахимаар оролцлоо.
Дээрх ажлын багийг Байнгын хорооны 2021 оны долоодугаар сарын 8-ны хуралдаанаар байгуулсан юм. Цахим уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ ажлын багийн зорилгыг тэмдэглэж, эрүүл мэндийн даатгал, санхүүжилт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, эмийн экспорт, импортын талаар болон тусгай зөвшөөрөл зэрэг өргөн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд санал, дүгнэлт гаргах чиглэлээр ажиллана гэв.
Мөн УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Батлут, ажлын багийн гишүүд эрүүл мэндийн зарим байгууллагын ажилтай газар дээр нь танилцах, улмаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооноос гадна шаардлагатай бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх учир УИХ, Засгийн газраас гаргах шийдвэрт чухал нөлөөлөх саналыг ажлын багийн дүгнэлтэд оруулах талаас санал хэлэхийг оролцогчдоос хүслээ.
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарын ажлын талаарх товч мэдээлэл хийснээр ажлын багийн зорилго, чиглэл, сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн, ажлын багийн гишүүн С.Чинзориг, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, П.Анужин, Б.Бейсен, Д.Өнөрболор нар эрүүл мэндийн салбарын удирдлагуудаас асуулт асууж, хариулт авав. Гишүүд хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага ямар байгаа талаар болон шинэчлэлийн менежментийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог шуурхай хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудал, мөн их эмч, сувилагч, ажилтнууд яг хэдэн төгрөгний цалин, нэмэгдэл авч байгааг, эм тариа, тоног төхөөрөмжийн дутагдал байгаа эсэхийг тодруулж, эрүүл мэндийн салбарын удирдлагууд хариулт өглөө.
Дараа нь оролцогчид Эрүүл мэндийн яамны харъяа болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эрүүл мэндийн байгууллага, аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо гэсэн дарааллаар санал хэлэхдээ салбартаа тулгамдаж буй гол гол асуудлыг хөндөн, шийдвэрлэх талаар хэлэв. Тухайлбал, төсвийн хүндрэл, гүйцэтгэлээр санхүүжиж байгаатай холбоотой тулгамдсан асуудлын талаар түлхүү санал хэлэв.
Мөн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, ажлын багийн гишүүн Ц.Сандаг-Очир, П.Анужин, М.Оюунчимэг нар цахим уулзалтын үр дүн, бусад асуудлаар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Батлут УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, эрүүл мэндийн салбарынхны хамтын ажиллагаа, ажлын багийн ажлын үр дүнд эрүүл мэндийн үйлчилгээний чанарт иргэдэд өгөөжтэй маш том өөрчлөлт, дэвшил гараасай гэж хүсэж буйгаа уулзалтын төгсгөлд тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.