Бельгийн нийслэл Брюссельд Умард Атлантын эвслийн бүрэлдэхүүнд багтах 30 орны Гадаад хэргийн сайд нарын уулзалт мягмар гаригт эхэлсэн байна. Хоёр хоног үргэлжлэх энэхүү уулзалтын хүрээнд оролцогчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй уулзах аж. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг даваа гаригт хэвлэлийн бага хурал зарласан. Тэрбээр “НАТО-2030” сэдэв дор уулзалтыг зохион байгуулж, оролцогчид байгууллагын хэмжээнд хийгдэх шинэчлэл болоод Афганистанаас цэргүүдээ татах асуудлыг хэлэлцэх болсноо мэдэгдсэн. Мөн НАТО-ОХУ-ын харилцааны асуудлаар өнөөдөр тусгайлан хуралдах гэнэ. Европын холбоо уг асуудлаар байр сууриа илэрхийлэх юм байна. Уг хуралд Европын дипломатч Жозеп Боррелиэс гадна Европын холбоонд багтах хэдий ч НАТО-гийн гишүүн бус Финлянд, Швед улсын Гадаад хэргийн сайд уригджээ.
Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Бээжин дэх Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүнийг дуудан уулзсан тухай мэдээлжээ. Учир нь Европын холбоо уйгаруудыг хавчин гадуурхсан хэргээр БНХАУ-ыг буруутгаж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсантай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлэв. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудаст бичсэнээр “Гуравдугаар сарын 22-ны үдэш БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Цинь Ган БНХАУ дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүнийг дуудаж уулзсан. Шинжаан-Уйгурт хүний эрхийг зөрчиж байна гэх нэрийдлээр Хятадын эсрэг нэг талт хориг тавьсныг хатуу шүүмжилж, эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Дашрамд хэлэхэд, Европын холбоо хүний эрхийг зөрчсөн Хятад зэрэг хэд хэдэн орны эсрэг шинээр хориг арга хэмжээ авч буйгаа даваа гаригт албан ёсоор мэдэгдсэн юм. Хятадын хувьд өөрийн улсын эсрэг тавьсан хоригийг эсэргүүцэн хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Тус улсын Европын 10 парламентын гишүүн, эрдэмтэн, улстөрч, дөрвөн хуулийн этгээдийн эсрэг Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны дотоод хэрэгт оролцсоных нь төлөө хариу хориг тавьснаа онцолсон байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР