Categories
гадаад мэдээ

НАТО-гийн 75 жилийн ой тохиож байна DNN.mn

Брюссельд НАТО-гийн 75 жилийн ойг тохиолдуулан гишүүн улсуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов. Уг уулзалтаар Украинд урт хугацааны цэргийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон ч Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн зарласан таван жилийн хугацаатай 100 тэрбум еврогийн сан байгуулах санал нэлээд маргаан дагуулав.

Сайд нар шууд ийм сан байгуулах нь амаргүй гэдгийг хэлж байв. Харин Столтенберг тэдэнд “Бид дэмжлэгийнхээ үр дүнг өөрчлөх хэрэгтэй. Бид Украинд урт хугацаанд найдвартай, урьдчилан таамаглаж болох аюулгүй байдлын тусламж үзүүлэх ёстой. Богино хугацааны саналууд багасч, олон жилийн тууштай тусламж үр дүнг нэмэгдүүлнэ” гэж уриалав. Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто “Эвслийг Оростой дайтуулахад ойртуулах, эсвэл хамгаалах эвслээс довтлох эвсэлд шилжүүлэх НАТО-гийн аливаа саналыг Унгар дэмжихгүй” гэж мэдэгдэв.

Столтенберг НАТО илүү хүчирхэг бүтэцтэй байх нь эвслийн хамгаалалтын шинж чанарыг өөрчлөхгүй гэж хариулаад Унгарын байр суурьтай холбоотой асуудлыг ойрын долоо хоногт шийдэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес хоёр талын тусламж бий болсноор Европын холбоо, НАТО-гийн тусламж давхардана гэж сэрэмжлүүлэв. Италийн Гадаад хэргийн сайд Антонио Тайаниз “Чөтгөр жижигхэн зүйлд нуугдаж байдаг” гээд “Энэ нь улс орон бүрт хэрхэн хэрэгжих, хэдэн хувийг хариуцаж чадахыг тодруулах хэрэгтэй. Иймээс бидэнд хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна. Энэ санал үнэхээр сэтгэл хөдөлгөм бөгөөд сонирхолтой боловч Украинд яг тодорхой тоо амлахаасаа өмнө хэрхэн, хэзээ, юу хийж болох, хэн юу хийх ёстойг үнэлж, судалж, ойлгох нь дээр” гэж хэлжээ.

Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Германчууд Украинд 32 тэрбум еврогийн иргэний болон цэргийн дэмжлэг үзүүлээд байгааг тэмдэглээд “Бид үргэлжлүүлэн туслах нь тодорхой” гэж хэлэв. Мөн тэрээр уг санд төвлөрүүлэх төлбөр маргаантай хэвээр байгааг тэмдэглэв. Харин Анналена Бербок Украинд үзүүлэх тусламжийн зохицуулалтыг АНУ-аас НАТО-д шилжүүлэх тухай Столтенбергийн саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж “зөв зүйтэй явдал” гэсэн байна. Латвийн Гадаад хэргийн сайд Крисжанис Каринс ч сан байгуулах саналыг талархан хүлээн авч байна гээд шимтгэл нь гишүүн бүрийн ДНБ-ний тодорхой хувьтай тэнцэх боломжтой гэсэн санал гаргав. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Брюссель хотноо НАТО-гийн холбоотнуудад хандан батлан хамгаалах, Украиныг дэмжихэд зарцуулах зардлаа нэмэгдүүлэхийг уриалав.

Тэрээр НАТО-гийн бүх орнууд ДНБ-ийхээ 2 хувиас илүүг батлан хамгаалахад зарцуулах ёстой гэж онцлоод “Орос түрэмгийлэл үргэлжилж, илүү аюул тулгараад байгаа энэ үед холбоотон орнууд батлан хамгаалахад хүчээ нэмж, илүү их мөнгө зарцуулах ёстой” гэжээ. Кэмерон холбоотнуудаас Украины зэвсэгт хүчинд зориулан НАТО-гийн стандартад нийцсэн пуужин, сум худалдан авах Их Британийн санаачилгыг дэмжихийг хүссэн байна.

Сайд нар Украинд үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлэх ёстой гэдэгт санал нэгдэж, Европ, АНУ Украины өөрийгөө хамгаалах үйлсийг дэмжиж, 200 гаруй тэрбум еврогийн тусламж үзүүлсний гуравны хоёрыг Европын холбоо болон түүний гишүүн орнууд гаргасан гэдгийг сануулав. Сайд нар “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд ямар нэг байдлаар буулт хийж, найр тавих бодлого байх ёсгүй”-г онцолж Оросын цэрэг Украин руу довтолсон нь ийм бодлого “гэнэн байсныг нотолсон” гэж мэдэгдэв. Мөн сайд нар Европын холбоотнууд “НАТО-гийн хамтын ачааны зохих хувийг үүрэх ёстой” гэж мэдэгдээд “Европын батлан хамгаалахын төлөө илүү хариуцлага хүлээх хүсэлтэй байгаагаа бид харуулах ёстой” гэжээ.

Иймээс холбоотнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахад зарцуулж, зэвсэглэлээ тасралтгүй сайжруулах шаардлагатай бөгөөд үндэсний батлан хамгаалах компаниудтай засгийн газрууд заавал биелүүлэх урт хугацааны гэрээ хийн засгийн газраас тэдний бүтээгдэхүүнд худалдан авах баталгаа гаргаж өгч байхаар тохиролцов. Харин Москва “НАТО 75 жилийн ойгоо угтаж хүйтэн дайны үеийн сэтгэлгээндээ эргэн орлоо” гэж мэдэгдэв.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *