“Хүн амын хоол тэжээл хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал сайжруулах арга зам” хамтрагч талуудын уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага МУ-д үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөллүүд оролцож байна.
“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны түүвэрт сонгогдсон 5 хүртэлх насны хүүхэдтэй 2250 өрхөөс 2249 нь судалгаанд хамрагджээ.
Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар хүүхэд эмэгтэйчүүдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр байна. Түрүү оны үндэсний IV судалгааны түвшингээс буураагүй байгааг тогтоожээ. Мөн илүүдэл жин таргалалтын тархалт нь бүс нутаг амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоосон байна.
Мөн Д аминдэмийн хангамжын түвшин туйлын хангалтгүй байгаа аж. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байгааг тогтоосон байна. Д аминдэм нь өөхлөг загас, загасны элэгний тос, өндөгний шар уураг, үхрийн элэг зэрэг цөөн тооны хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг. Нарын гэрлийн хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний арьсан дор нийлэгждэг байна. Д аминдэм дутал нь ясны өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс сийрэгжихэд хүргэдэг байна. Сүүлийн үеийн судалгаагаар Д аминдэмийн хангамж зохистой түвшинд байх нь зүрхний шигдээсээр өвчлөх, зүрхний өвчний улмаас нас барах эрсдэлийг бууруулдаг болохыг нотолжээ.