Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй охидын жирэмслэлт их байна

Эрүүл мэндийн яам өсвөр насны охидын жирэмслэлттэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. НҮБ-ын Хүн амын сангийн тайланд хөгжиж байгаа орнуудад жил бүр 7 саяас дээш тооны охид 18 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлж байгаа талаар дурджээ. Хүүхэд насандаа ээж болж байгаа энэхүү үзэгдэл нь өсвөр үеийнхний жирэмслэлтийн асуудлыг гэр бүл, хамт олон, төр засгийн үйл ажиллагаатай холбон үзэх цаг болсныг илтгэж байгаа.

Манай орны хувьд 1997 оны байдлаар 1000 амьд төрөлтийн 38 нь өсвөр насны ээж байсан бол 2000 он гэхэд энэ тоо 14 болтлоо буурч байжээ. Гэсэн ч 2006 оноос өсч 1000 амьд төрөлт тутмын 33 нь өсвөр насны ээж байна.

Энэ мэдээллийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас өсвөр насны охидыг жирэмслэлтээс хэрхэн хамгаалах, яамнаас ямар бодлого барьж байгаа тухай тодрууллаа.

Ж.Амарсанаа: Хууль бусаар үр хөндөлт хийсэн эмчид захиргааны арга хэмжээ авна

  -Өсвөр насны охидын жирэмслэлт сүүлийн жилүүдэд байнга өсч байгааг мэдээллээ. Нэг хэсэг нь хүүхдээ төрүүлж байхад нөгөө хэсэг нь үр хөндөлтийг сонгодог. Яамнаас энэ чиглэлд ямар байдлаар анхаарч ажиллаж байгаа вэ?

-Бид анхаарч ажиллаж байгаа. Гэртээ үр хөндөлт хийхийг бид эсэргүүцдэг. Эмчийн хяналтгүй үр хөндөлт хийх нь хувь хүнд төдийгүй, эмнэлгийн салбарт ч маш их бэрхшээл авчирдаг. Энэ нь Монголын эрүүл мэндийн салбарт төдийгүй хүн амын бодлогод муугаар нөлөөлж байна.

  -Монгол улсын хэмжээнд хувийн эмнэлэг хичнээн байна. Ихэвчлэн хувийн эмнэлгээр үр хөндөлт хийлгэдэг шүү дээ? 

-Маш их шүү дээ. Нарийн тоог Нийслэлийн эрүүл мэндийн газраас авч болно.

  -Хууль зөрчин өсвөр насны охидод үр хөндөлт хийсэн тохиолдолд эмчид ямар хариуцлага тооцдог вэ?

-Хууль зөрчиж үр хөндөлт хийгээд, түүнээс шалтгаалж ямар нэгэн хүндрэл, эндэгдэл гарсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна. Манай яамны зүгээс захиргааны арга хэмжээ авдаг. Эмчийн эмчлэх эрхийг нь цуцлах, цалингийн тодорхой хэмжээгээр торгох, цаашлаад ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна. Гэхдээ эрүүгийн шинжтэй бол Хуульзүйн яамтай холбогдоно л доо.

  -Яамнаас өсвөр насны охидод чиглэсэн сургалт сурталчилгааны ямар ажил хийж байна. Ялангуяа жирэмслэлтээс сэргийлэх тал дээр?

-Олон арга хэмжээ авч байгаа. Хамгийн гол нь жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөх асуудал чухал. Сэргийлэх тал дээр олон улсын байгууллагуудтай хамтраад арьсан доорх суулгацыг нэвтрүүлсэн. Энэ нь 2-3 жил жирэмслэлтээс аюулгүйгээр хамгаалах боломжтой суулгац. Ард түмэнд хангалттай мэдээлэл хүрээгүй байгаа учраас хэрэглээ маш бага байна. Цаашлаад жирэмслэлтээс хамгаалах маш олон арга  байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *