Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар: Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн хугацаанд нийтдээ 18 бүлгийн 29 холбогдогчтой 76 хохирогчтой 23 гэмт хэргийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Нийт 76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Жишээлбэл Эрдэнэт хотоос насанд хүрээгүй гурван хүүхэд Улаанбаатар хотод ажил хийхээр ирснийг далимдуулан Х гэгч этгээд охидын эцэг эхийн хараа хяналтгүй байдлыг ашиглан хүчээр биеийг нь үнэлүүлж, зорчих эрхийг нь хязгаарлаж бэлгийн мөлжлөг явуулж байсныг илрүүлсэн. Мөн Б гэдэг этгээд насанд хүрээгүй охидыг удаа дараагийн байдлаар цахим хаягаар олзлон авч хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг үйлдсэн. Сүүлийн үед цахим орчинд садар самууныг сурталчилсан бичлэг тавих мөн хувь хүний зураг, бичлэгийг ашиглан дарамтлах хэлбэрээр хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэргүүд мөн бүртгэгдсэн.
Садар самууныг сурталчилсан, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан нийтдээ 28 цахим хуудсыг хаалгах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ. Мөн садар самуун, биеэ үнэлэлтийг илрүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудад шалгалт явуулжээ. Энэ хүрээнд 42 буудлыг хаалгах саналыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газах хүргүүлжээ.
Бага насны хүүхдүүд өөрийн зураг, бичлэгээ цахим орчинд алдах үүний улмаас бэлгийн мөлжлөг явуулж буй хүмүүст олзлогдох явдал ихээр гарч байгаа юм. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
Бэлгийн мөлжлөг явуулсан хүнийг Эрүүгийн хуулийн 13.2-т зааснаар 12-20 жил хүртэлх хорих ял шийтгэлтэй аж.