Өчигдөр Америкийн Үндэсний Сансар судлалын Агентлаг (NASA) сансарт ажиллах нөөц нисэгчдийнхээ бүрэлдэхүүнд шинээр 12 хүн нэмж, нийт 56 нисэгчтэй болсон байна.
Тэдний долоо нь эрэгтэй, тав нь эмэгтэй юм. Сансрын нисэгч болох хүсэлтээ илэрхийлсэн 18,300 хүнээс тэднийг сонгожээ. Шалгарсан хүмүүсийн дотор янз бүрийн мэргэжлийн хүмүүс байгаа гэнэ. Агаарын цэргийн командлагчаас эхлээд далай тэнгисийн судлаач, SpaceX компанид инженерээр ажиллаж байсан хүн хүртэл тэдний дотор байна. Шинэ нисэгчдийн нас 29-42 байгаа юм. Тэд бие бялдрын хөгжил, мэдлэг, мэргэжлийн түвшин зэрэг олон шалгуурыг давсан байна.
АНУ 2011 оноос хойш өөрийн нутаг дэвсгэрээс сансарт хүн хөөргөөгүй байгаа. ОХУ-ын пуужинг ашиглан Байконураас сансарт нисдэг болсон юм. Тэгвэл Дональд Трамп 1960-1970-аад оны үед оргил үедээ байсан Америкийн сансар судлалыг дахин сэргээхээ амлаад байгаа юм.