NASA-гийн илгээсэн сансрын хөлөг анх удаа наранд хүрсэн тухай тус байгууллагын судлаачид өчигдөр Америкийн Геофизикийн Холбооны хурал дээр зарлажээ.
Өөрөөр хэлбэл өмнө нь огт судлагдаж байгаагүй нарны атмосфер буюу нарны титмийн захад хүрсэн юм байна.
Parker Solar Probe (PSP) нэртэй хөлөг энэ оны дөрөвдүгээр сард наранд найман удаа ойртохдоо нарны титмийн зах хэсэг рүү гурван удаа шумбаад гарсныг NASA мэдээлжээ.
Энэхүү үйл явдлын мэдээллийг PSP хөлгөөс татаж авахад хэдэн сарыг, дараа нь боловсруулахад дахиад хэдэн сарыг зарцуулсан тул одоо нийтэд зарлаж байгаа юм байна. Шумбах үед хөлгийн хурд секундэд 100 км хүрсэн гэнэ.
2018 онд дэлхийгээс хөөрсөн PSP хөлөг нарны титмийн захад хүрэхдээ нарны төв цэгээс 13 сая километрийн зайд байжээ. Нарны титмийн захад хүрснээр нарнаас соронзон шуурга яаж үүсдэг, яаж халдаг, хэрхэн сансрын уудамд тардгийг ойлгоход чухал хэрэгтэй мэдээлэл цуглуулах юм байна.
PSP хөлөг наймдугаар сард ес дэх удаагаа наранд ойртохдоо дахин нарны титмийн зах руу шумбасан гэж NASA тооцоолж байгаа гэнэ. Гэхдээ үүнийг батлахын тулд хугацаа шаардах ажээ.
Өнгөрсөн сард хөлөг арав дахь удаагаа наранд ойртсон гэнэ. PSP хөлөг 2025 он хүртэл ажиллахдаа наранд улам илүү ойртож, титэм рүү нь улам гүн шумбахаар төлөвлөжээ.
NASA-гийн өчигдөр танилцуулсан судалгааны материалын дэлгэрэнгүй “American Physical Society” сэтгүүлд нийтлэгдсэн байна.