Манай энэ удаагийн зочин тэртээ 20 жилийн өмнө МУИС-ийн Физик электроникийн сургуулийн С.Ганцог багштай физикийн ангийнхан юм. Энэ жил төгсөлтийнх нь 20 жилийн ой тохиож, ангийнхан юу хийхээ удаан ярилцсаар сая нэг шийдэлд хүрчээ. Тэд Тэрэлж орж амарч зугаалах саналыг дэвшүүлсэнгүй. Харин эсрэгээрээ “Үндэстэндээ хэрэгтэй зүйлийг үлдээе” гэсэн санаачилга гаргаад ажил хэрэг болохоор сэтгэл шулууджээ. Энэ тухай ангийн хэсэг нөхөд ярилцаж байхад нь уулзаж таарлаа.
С.Ганцог багштай физикийн ангид 1995 онд 70 гаруй хүүхэд элсчээ. 18 аймаг, дүүргийн сургуулиудаас физикийн шалгалтад нэг, хоёроор гарч ирсэн хүүхдүүд энэ ангид элсдэг байж. Элсэж ирээд дахин шалгалтаар шүүсээр физикийн ангийг 20 гаруйхан хүүхэд төгсчээ. Шилэгдэж, шигшигдэж төгссөн залуус ёстой нэг мэргэжлийнхээ, сургуулийнхаа нэрийг гадаад, дотоодод гарган амжилттай ажиллаж яваа нь бахархал төрүүлэхээр юм. Тэртээ 1999 онд Д.Дамбасүрэн, Х.Түвшин-Эрдэнэ, Ц.Гантөмөр, Н.Тэгшбаяр, Ч.Содбилэг, О.Хуягцогт, Б.Баярбадрах, Д.Бат-Эрдэнэ, Д.Наранбаатар, Б.Болортуяа, Уранчимэг, Мөнгөнбөгж, Ч.Одгэрэл, Булган, Д.Амарсайхан, Р.Чагцалсүрэн, М.Доржпалам, Баяраа, Б.Мөнхбат, Ш.Сарангэрэл, Төрбат, Чогсомдорж, М.Энхчимэг, Буянжаргал, Мэргэнсонор, Р.Батсүх, М.Доржпагма, К.Долгорсүрэн нарын 20 гаруй залуус оюутны ширээнээс гарчээ. Одоо бол эдний ангиас тав нь докторын зэрэгтэй, дөрөв нь докторант, бусад нь магистрын зэрэгтэй, ажилласан салбартаа амжилт бүтээлтэй явна.
Д.Дамбасүрэн гэхэд Стандартчилал хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга, Х.Түвшин-Эрдэнэ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын дарга, дэд хурандаа цолтой, Ц.Гантөмөр Канадад “McGill”-ийн сургуулийн профессор. Зочин ангийнханд гадаадын өндөр нэр хүндтэй сургуулиудад доктор хамгаалж, тэндээ ажилладаг цөөнгүй залуус байна. Бүр дэлхийн Үндэсний агаарын тээвэр ба сансрын нислэгийн алба гэгддэг НАСА-д судлаачаар ажилладаг ганц монгол залуу эдний төгсөлтийнх юм байна. Түүнийг Б.Баярбадрах гэдэг. МУИС-иа төгсөөд АНУ-ын анхны атомын бөмбөг зохион бүтээсэн Лос Алмосын лабораторид ажиллаж байж. Түүний дараагаар Монголдоо ирж Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн газрын даргын албыг нэг хэсэг хашиж байгаад 2015 оноос ийнхүү НАСА-д судлаачаар ажиллах болжээ. Ч.Содбилэг гэхэд ХБГНУ-д “Bielef”-ийн сургуульд докторын зэрэг хамгаалж ирээд Физик технологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна.
Ангидаа хамгийн хошин наргианч гэгддэг О.Хуягцогт эдийн засагчаар Австралид зэрэг хамгаалж ирчихээд Сангийн яаманд газрын дарга хийж байгаад БСШУЯ-нд иржээ. Ангийн анд Т.Төрбатын хувьд Хэнтий аймагт “Петровис”-ыг удирддаг гэнэ. Ангидаа бийлэгжүү нэгэн байсан Д.Бат-Эрдэнэ эдүгээ уулын спортын мастер. “Оном” сангийн Наранбаатарыг монголчууд андахгүй. Элэгний В, С вирусийн эсрэг эмчилгээг Монголд оруулж ирсэн, “Эрүүл элэг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа мундаг залуу зочин ангийнхантай нэг төгсөлт аж. Төгсөлтөөсөө гурав нь мэргэжлээ хойч үеийнхэндээ өвлүүлж яваа гэнэ.
Тэд бол Б.Болортуяа, Ц.Насанбуян, Уранчимэг, Б.Мөнхбат нар юм. Нутагтаа багшлахаас гадна улсын математик, физикийн багш нарын олимпиадыг үргэлж тэргүүлж дуулддагийг ангийнхан онцлон ярьж байв.Мөнгөнбөгж, Одгэрэл хоёр эдүгээ ИНЕГ-т ажилладаг юм байна. Булганы хувьд уул уурхайн компанид ХАБ-ын дарга хийдэг бол Д.Амарсайхан олон улсын байгууллагад ажилладаг. Р.Чагцалсүрэн, Буянжаргал, Доржпалам нар мэргэшсэн нягтлан бодогч. С.Сарангэрэл УБЕГ-т ажилладаг, Чогсомдорж “Алтай Халиун” компанид удирдах албан тушаалтай, М.Энхчимэг Швейцарьт ажиллаж амьдарч байгааг нэг бүрчлэн дуулгалаа.
Эдний ангийн дарга Н.Тэгшбаяр. Тэрээр Цөмийн энергийн газрын дарга, Геологи төв лабораторийн даргын албыг хашиж байв. Одоо тэрээр доктор хамгаалахаар судалгааны ажилдаа шамдахын сацуу хувийн бизнес эрхэлж байгааг дуулгасан юм.
Төгсөлтийнхөн багш нараараа ихээхэн бахархдаг юм байна. Онолын физикийн гавьяат багш Цоохүү, орны онол зааж байсан одоогийн УИХ-ын гишүүн Ундраа, Улам-Оргих, атомын физикийнг доктор Баярхүү,Очирбат, гавьбат багш Хүүхэнхүү, Одбадрах, Энхтөр, Галбадрал гээд нэрлэж байна. Хатуу зарчимч ч гэлээ хүүхдүүдийн төлөө сэтгэлтэй Чулуунцэцэг багшдаа талархаж явдгаа энэ дашрамд дамжуулсан билээ. Дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн мундаг багш нараар физикийн онолыг заалгаж байсан залуус муу явах, мэргэжлээ гутаах эрхгүй гэдгээ тэд сайн ухамсарлажээ. Тийм ч учраас салбар бүртээ нэр хүндтэй ажиллаж байгаагаараа бахархан ярина лээ. Ерөөс физикийн шинжлэх ухаан байгалийн шинжлэх ухааны суурь гэгддэг учир энэ салбарын мэдлэгийг эзэмшсэн хүн аль ч салбар руу хөрвөх чадвартай болдгийг тэд ажил амьдралаараа харуулж явна.
Тэд хэчнээн номын ч гэлээ залуус хойно задгай явсан үе бишгүй олон гэнэ. Атгасан гар шиг бат бөх, нэгдмэл явж ирснийх физик математикийн ямар ч олимпиадад тэргүүн байруудыг эзэлж байдаг, спортын төрлийн тэмцээн уралдаанд ч амжилттай оролцож явж. Чих халууцуулах муу зүйлд ч тэд холбогдож явсан удаатай гэнэ. Оюутны дөрвөн жил гэдэг хамгийн дурсгалтай сайхан үеүдийн нэг. Тийм ч учраас хөгжилтэй, дурсамжтай мөч тэдний дунд бишгүйдээ тохиолдож байж. Нэг жил Эмэгтэйчүүдийн баяраар охидоо баярлуулахаар ангийн анд Д.Бат-Эрдэнийн гэрт хүлээж авахаар бэлтгэл хийжээ. Хуушуураар сюрприз барихаар бэлдсэн ч хүйтэн усанд гурилаа зуураад гэрээр нэг тос цацарч, сюрприз биш, айлын гэрийг тосоор будаж орхисон хөгжилтэй явдал болжээ. Бас нэг удаа ангиараа Зайсан гарахаар болоход мөнгөтэй хүн байсангүй. Автобусны билетийг хэн нь даахаа ярилцсаар ангийн дарга Н.Тэгшбаяр үүрэг авч, автобусанд сууцгааж. Ангийнхан ороод хамгийн сүүлд ороод тасалбарынхаа тооцоог хийх үүрэгтэй Н.Тэгшбаяр “Би та нарыг танихгүй юм байна” гэж хэлээд автобуснаас ангиараа хөөгдөж бууж байсан түүхтэй гэнэ. Түүнээс болж ангийнхнаараа усанд шидүүлж байсан хөгжилтэй явдлаа тэрээр дурсан ярив. Мөнгөгүй үе оюутан насанд бишгүй олон. Ганцог багшийн ангийнхан сургуулиудын шалгалтын улирал эхлэхээр ШУТИС орчмоор эргэлдэж шалгалтын бодлого бодож мөнгө олдог байжээ. Нэг бодлогыг 170 төгрөгөөр боддог. 10 бодлого бодоод 1700 төгрөг олоод ангиараа “Орон зай” бааранд орж шар айраг хааяахан хүртдэг байжээ.
Ийнхүү дурсамжтай, хөгжилтэй оюутны дөрвөн жилээс хойш эдүгээ 20 жилийг тэд үджээ. Тэмдэглэлт ой нь тохиож байгаа энэ жил МУИС-ийн нэгдүгээр курсийн оюутнуудад салбар бүрээр физикийн лекц уншихаар бэлтгэж эхэлжээ. Ирэх сараас эхлэн сар бүр нэг төгсөгч лекц уншиж оюутан залууст энэ салбарын шинжлэх ухааны талаар мэдлэг олгохоор болж.
Төгсөлтийн ойн эцэст дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа ангийнхнаа цуглуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.ЭНХЗАЯА