Энэ сарын 16-ны 21.00 цагийн үед Баянгол дүүрэгт таван хүн нас барсан хэрэг гарсан. Нас барсан иргэдийн цуснаас метилийн спирт илэрсэн тухай холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Нас барсан иргэдийг үхэлд хүргэсэн метилийн спирт нь шил арчигч болон аяга таваг угаагч ахуйн хэрэглээний шингэнд агуулагддаг байна. Иймд албаны хүмүүсийн тайлбарласнаар нас барсан иргэд “Гайхмаараа” шил цэвэрлэгч шингэнээс хордсон байх магадлалтай аж.
Метилийн спирт нь ахуйн цэвэрлэгээ, технологийн зориулалттай бөгөөд уусан тохиолдолд шууд үхэлд хүргэх аюулт бодис гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тайлбарлалаа. Тэрбээр нас барсан таван иргэний дөрөв нь хордож нас барсан бөгөөд нэг иргэн өвчний улмаас нас барсан болохыг мэдээллээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 59 шил архинаас дээж авч, шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээгээр уг архинууд стандарт, чанар аюулгүй байдлыг хангасан болохыг тогтоосон байна.
“Найрсаг” архины үйлдвэр болох “Мөнхжин од” компанаас шалгалтын явцад тодорхой зөрчил илэрсэн байна. Тухайлбал, архины таглаа саарал болон цэнхэр гэсэн хоёр өнгөтэй байжээ. Үйлдвэрийн ажилчид иргэд гар аргаар дуурайлган үйлдвэрлэж буй талаар хэлсэн ч уг хоёр өөр өнгийн таглаа үйлдвэрээс нь олдсон тул улсын байцаагч нар хуурамч архи үйлдвэрлэж байж болзошгүй гэж үзэн энэ сарын 17-ноос үйл ажиллагааг нь зогсоожээ.