Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дараах асуудлаар харилцан санал солилцлоо.
2015 онд Монгол, Франц хоёр улс боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, Засгийн газар дундын тэтгэлгээр жил бүр 10 оюутныг магистр, докторын хөтөлбөр хамруулж байна.
Энэ тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр ложистикийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хүсэлтийг уламжилж, Элчин сайд судалж хариу өгөхөөр боллоо.
Нэг нэгнийхээ хэл соёлыг сурах, судлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтарч ажиллана. Францад “Иналко” дорно дахины хэл соёлын дээд сургууль байдаг. Энэ дээд сургуульд хоёр монгол багш ажиллаж Монгол хэлийг Францын болон бусад орны иргэдэд заадаг байна. Монголд Франц хэлний багш нарын холбоо байдаг. Энэ холбоогоор дамжуулан Франц хэлийг сурах хүүхэд залуучуудад өргөн боломж нээхэд БШУЯ анхаарч ажиллана.
Цар тахлын үед Монгол, Францын хамтарсан дунд сургуулийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ирсэнд талархаж байгаагаа Элчин сайд Филипп Мэрлин илэрхийллээ.
Францад сурдаг монгол оюутнуудын визийг сунгах, байр сууцны асуудлыг хүндрэлгүйгээр шийдэхэд тус улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа гэв.
Мансууруулах бодисын талаар сурагчдад зөв мэдээлэл өгч, тэднийг урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болж Францаас зөвлөх авах, тусгай сургууль, цэцэрлэгийн багш нарыг тус улсад давтан сургах зэрэг өмнөх сайд нарын үед яригдсан хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов.
Судалгааны их сургууль, ШУА, хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг уялдуулан каластер хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Эх сурвалж: БШУЯ