Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нарантуул”-ын өргөтгөлийг хааснаар бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүснэ гэлээ

“Нарантуул” захын өргөт­гөл буюу хүнсний худал­дааны хэсгийг өчигдрөөс эхлэн хаалаа. Энэ талаар сурвалжлахаар тус худалдаа­ны төвийг зорьсон юм.

Барааны захын хэсэг болон хөдөө орон нутгийн зогсоолын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Харин хүнсний худалдааны хэсэг буюу хүмүүсийн нэрлэж заншсан “Өргөтгөл”-ийн хэсэг рүү орох хаалгануудыг төмөр цоожоор түгжжээ. Гэсэн ч хаалганы завсраар харахад олон хүмүүс нааш, цааш холхилдож байгаа харагдана.

Бусдын нэгэн адил цоожтой хаалганы завсар зайгаар дотогш орлоо. Энд ажиллаж байгаа нэг ч павильон алга. Гэхдээ түрээслэгчид бужигналдаж байна. Тэдний дундаас чанга яригч барьж, бусдадаа заавар зөвлөгөө өгч буй эмэгтэйтэй уулзлаа. Түүнийг А.Намчинсүрэн гэдэг бөгөөд буцаад ажлын байраа олж авах зорилго бүхий түрээслэгчдийн түр хорооны гишүүн гэнэ.

Түүний хэлснээр Нийслэ­лийн Мэргэжлийн хяналтын газраас бараа бүтээгдэхүүний чанар алдагдсан, бохир заваан орчинтой, худалдааны павильонууд нь дулаалгагүй буюу гадаа нөхцөлтэй гэсэн гурван үндсэн шалтгаанаар “Өргөтгөл”-ийг хаажээ. Тиймээс түрээслэгчдийн хувьд өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийе хэмээж, орчин тойрноо цэвэрлэн ийн бужигнаж байгаа аж.

Тэрээр мөн “Манай өргөт­гөл бол хуучны бэлтгэн нийлүү­лэх баазын үүрэг гүйцэтгэдэг. Энд 30-36 мянган хүний ажлын байрны эрх ашиг яригдаж байгаа. Энэ тоонд зөвхөн түрээслэгчид төдийгүй эндээс очсон барааг нийслэл болоод орон нутагт зарж, борлуулдаг олон мянган хүн, орон нутагт ачаа зөөдөг автомашины жолооч нар ч багтаж байгаа. Тэдгээр хүмүүсийн 20, 30 жил амьдралаа залгуулж ирсэн асуудал хөндөгдөж байна. Тиймээс энэ бол ганцхан Ш.Сайхансамбуугийн бус бидний өөрсдийн хэрэг учир ажлын байрныхаа төлөө тэмцье хэмээн ярилцаад өнөөдөр тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх гэж байна” гэлээ.

“Нарантуул” захын өргөтгөлд 450 павильон худалдаа үйлчилгээ үзүүлж, хүнсний бүтээгдэхүүн худалддаг бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч сарын 16-19-ний хооронд явуулсан шалгалтаар худалдаалж буй зарим бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн, чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон байна. Гэхдээ ийм асуудлаар “бүдэрсэн” нь цөөн хэдэн павильон байгаа юм байна. Харин 450-ууланг нь зэрэг хаасан шалтгаан нь зориулалтын дулаан байргүй гэсэн шалтгаан байжээ.

Өргөтгөлийн нэг павильонд л гэхэд ачих, буулгах, худалдах зэрэг үүрэг бүхий таван хүн ажилладаг гэж байгаа. Ингээд бодоод үзвэл хоёр мянга гаруй хүний ажлын байр тасалдахад хүрч байгаа гэнэ. Тасалдахад гэсний учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн Улсын ахлах байцаагчийн актанд “хугацаагүйгээр” буюу зөрчил арилах хүртэл хугацаанд үйл ажиллагааг зогсоох ёстойг заасан байгаа юм.

Түрээслэгчдийн түр хорооны дарга Ч.Жаргалсайхан болон гишүүн А.Намчинсүрэн нарын хэлж буйгаар бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, бохир орчноо цэвэрлэсэн ч дулаан байртай болох боломж ойрын хэдэн сардаа л байхгүй тул мэргэжлийн хяналтын газрын актыг биелүүлэх боломжгүй болж таарах нь. Үүнийг дагаад “Өргөтгөл”-ийн хэсэг нээгдэж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Үүнд л түрээслэгчид гол анхаарлаа хандуулж, бухимдаж байгаа юм байна.

Ийн түр хорооны гишүүдтэй уулзаж байх зуур түрээслэгчид тохиролцсон ёсоороо Өргөтгөлийн төв хэсгийн талбайд уриа, лоозон барьж жагссан юм. Тэд “50 мянган ажлын байрны төлөө”, “Бид төр засгаас юу ч гуйгаагүй”, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрхэм та бидний банкны өр зээл болон амьжиргаанд баталгаа гаргаж өгөх үү”, “Ард түмний захаар бүү оролд” зэрэг уриа лоозон барьжээ. Харин тэднийг ийн жагсаж, чанга яригчаар хашгирах зуурт “Нарантуул” худалдааны төв байрлах Баянзүрх дүүргийн XIV хорооны хороо хариуцсан цагдаа С.Батхуягаар ахлуулсан цагдаа нар ирж, жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөлтэй эсэхийг шалгасан юм. Түрээслэгчдийн хувьд “Бид жагсаал цуглаан хийгээгүй. Эвлэлдэн нэгдэх ардчиллаар олгогдсон эрх чөлөөгөө л эдэлж байна. Бид элдвийн шуугиан гаргаж жагсахгүй. Зөвхөн цаашид хэрхэн ажлын байраа авч үлдэх тухайгаа ярилцах зорилготой” хэмээж байлаа.

Түрээслэгчдийн хэлж буйгаар энд ажиллаж байгаа хүмүүсийн дунд банкны зээлгүй нэг ч хүн байхгүй гэнэ. Түүгээр ч зогсохгүй өдөр бүр зээл төлөлт хийж, мөнгө тушаадаг нэгэн ч бий ажээ. Тиймээс ажилгүйчүүдийн тоог нэмж байна хэмээн бухимдах нэгэн ч байв. Зөвхөн бэлэн мөнгөөр зээл төлөлт хийдэг түрээслэгчдээс гадна лизингээр автомашин худалдан авч, орон нутагт бараа зөөдөг олон зуун жолооч нарын тухай ч энд яригдах ажээ. Ер нь эндээс бараагаа татдаг 21 аймаг, гурван хотын хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаа бүрэн мөсөн зогсоход хүрэх гэнэ. Ингэж барааны хомсдол үүссэнээр үнийн хөөрөгдөл дээд цэгтээ хүрнэ гэдгийг олноороо цугласан түрээслэгч нар тал талаас учирлах ажээ. Нөгөө талаас тус худалдааны төвд бараа нийлүүлдэг дотоодын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд доголдол үүсэх гэнэ. Учир нь дотоодын томоохон үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний 70 хувийг тус худалдааны төв буюу түрээслэгч нар авч худалдан борлуулж өгдөг ажээ. Павильонуудын үйл ажиллагааг ингэж хааснаар нэг павильон өдөрт 5-6 сая төгрөгийн алдагдал хүлээх гэнэ.

Түрээслэгч нарын хувьд алдаа дутагдалтай гэдгээ хүлээн зөвшөөрч байв. Тиймээс ч өөрсдөөс шалтгаалах зүйлээ цаашид ч хийх тул ажлын байрыг нь л ингэж бүрмөсөн хаахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүсч байгаа юм байна. Тиймээс энэ өдөр цугласан түрээслэгч нар 500 хүний гарын үсэг бүхий өргөх бичгийг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад өгөхөөр бэлджээ.

Төрд хандсан ямар нэг бичиг баримтын хариуг эргүүлж өгөх хугацаа хуулийн хүрээнд 30 хоног байдаг. Гэвч түрээслэгч нарын хувьд орлого, зарлага нь өдөр, цагаар хэмжигдэж байдаг тул тийм удаан хүлээх боломжгүйгээ хэлж байв. Тэдний хэлж буйгаар мягмар гариг буюу өнөөдөр тус худалдааны төв амрах ёстой. Харин маргааш буюу лхагва гариг гэхэд Өргөтгөл хэвийн ажиллаж байх шаардлагатай ажээ.

Д.ТҮВШИНБАТ: ЗАХЫН УДИРДЛАГЫН ЗҮГЭЭС ЯМАР НЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БОЛОМЖГҮЙ

Гаднах талбайд ийн үйл явдал өрнөж байх зуурт дотогш орж, “Нарантуул” трейд компанийн гүйцэтгэх захирал Д.Түвшинбатаас дараахь тодруулгыг авлаа.

-Гадаа түрээслэгч нар бужигнаж байна. Үүнд захын удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бидэнд зөрчил байсан. Өнөөдөртөө шийдвэрлэж болох, бүр тодорхой хугацаа шаардах ч зөрчил бий. Энэ нь үйл ажиллагаа явуулж буй павильонуудыг ажлын байрны шаардлага хангахгүй гэсэн. Үүнийг шийдэхийн тулд дулаан байр барих шаардлагатай. “Нарантуул” 1999 оноос эхлэн өнөөдрийн ашиглаж байгаа ажлын байртай явж ирсэн. Тиймээс худалдааны төвийн удирдлагын зүгээс одоо шууд ямар нэг арга хэмжээ авахад хүндрэлтэй байна. Түрээслэгч нар эсэргүүцлээ илэрхийлнэ гэж байна. Бид үүнд нь оролцох боломжгүй. Ямар ч байсан эхний ээлжинд төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээд үйл ажиллагааг нь зогсоочихоод байж байна.

-Ер нь энэ асуудал үргэлж яригддаг. Яагаад эртнээс яригдсан уг асуудлыг шийдчихэж болдоггүй юм бэ?

-Одоогийн байрыг бид судалж үзсэн. Халаалт оруулах ямар ч боломжгүй. Хэрэв оруулбал дулааны алдагдалтай. Тиймээс бидний хувьд зүгээр байгаагүй. Өөрөөр хэлбэл, томоохон хэмжээний худалдааны төв барихаар зураг төслийг нь гаргаад Хотын захиргаанд батлуулах гээд өгчихсөн. Одоо энэ өргөтгөлийн газар дээр барих юм. Гэсэн ч хотын захиргаанаас гарын үсэг зурах буюу зөвшөөрлийг нь өгөхгүй байна. Хэрэв энэ зөвшөөрлийг өгчихвөл уг асуудал шууд шийдэгдчих боломжтой юм.

-Хотын захиргаанд зураг төслөө хэзээ өгсөн юм бэ. Яг ямар албан тушаалтан гарын үсэг зурах ёстой юм?

-Бараг нэг жил болох гэж байна. Энэ хэсгийг барилгажуулах хотын ерөнхий төлөвлөгөөнд л оруулах гэж өгсөн хэрэг шүү дээ. Өнөөдөр яг хаана, ямар хүн дээрээ гацчихаад байгааг мэдэхгүй байна.

-Танайх нэг түрээслэгчээс хичнээн төгрөг авдаг юм бэ?

-Павильонуудаас нэг сарын 190 мянган төгрөг авдаг. Харин бараан захын жижиг лангуунаас 30-60 мянган төгрөгийн түрээс авдаг.

-Танай зах дотооддоо бараа бүтээгдэхүүндээ хяналт тавьдаггүй байсан юм уу?

-Байлгүй яахав. Манайд эрүүл ахуйг хариуцсан байцаагч, бараа бүтээгдэхүүнийг шинжилдэг лаборатори ч бий. Нөгөө талаас манайх түрээслэгч нэг бүртэй түрээсийн гэрээ байгуулдаг. Энэ гэрээнд чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн худалдаална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн үйл ажиллагаа нь тодорхой хэдэн хүмүүс түрээсийн гэрээгээ зөрчиж далд, нууц байдлаар шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаж байснаас үүдэлтэй. Тиймээс удирдлагын зүгээс түрээсийн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа.

Д.ЭНХБАТ:”НАРАНТУУЛ”-ЫН УДИРДЛАГА ОЛОН УДААГИЙН ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ

“Нарантуул” худалдааны төвд үүсээд буй нөхцөл байдлын талаар акт тогтоосон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Нарантуул” захын хүнсний худалдааны хэсэгт акт тогтоосны улмаас бужигнаан үүсээд байна. Мэргэжлийн байгууллага ямар учраас ийм шийдэлд хүрсэн юм бэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан манай улсын байцаагч нарын тавьсан, хүргүүлсэн шаардлага өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй тул бид ийм арга хэмжээ авсан. Манайхаас тавьж буй хамгийн гол асуудал нь энд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөөд байна. Энд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдаж байна. Үүнд захын удирдлагын зүгээс арга хэмжээ аваач гэж хэсэгчлэн хаасан нь энэ юм. Тиймээс наймаачдын хувьд удирдлагууддаа ажиллах нөхцөл байдлаа сайжруулах, ялангуяа дулаан байртай болгох асуудлыг тавих ёстой юм.

-Актанд зориулалтын байртай байх гэсэн байсан. Түүнийг барьтал хугацаа шаардлагатай болно. Тэр болтол ажлын байргүй болох нь хэмээн түрээслэгчид бухимдалтай байна лээ?

-Зориулалтын байр гэж заагаагүй. Одоо байгаа байраа л дулаанд холбодог ч юмуу, эсвэл цахилгаанд холбодог ч юм уу. Ямар л арга байна, тэр бүхнээр шийдэх шаардлагатай гэсэн. Ер нь бол уг асуудлыг ганцхан өнөөдөр шаардаж байгаа юм биш. Олон удаа шаардсан, биелүүлэхгүй байгаа.

-Захын удирдлагын хэлж буйгаар одоогийн байрны дулааныг цахилгаан гэх мэт асуудлаар шийдэх боломжгүй гээд байна лээ. Заавал л шинэ барилга барьж таарах нь. Тэгээд л хугацаа гээд байна л даа?

-Эднийх дандаа ийм тайлбар хийдэг юм. Зургаа өгчихсөн л гэнэ, хүлээж байгаа л гэнэ. Хамгийн гол нь ийм тайлбартай яваад байвал дахиад хэдэн ч жил явж мэднэ.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *