Чимэдсэлгээгийн Мөнгөндалай баруун аймгуудаар 167 хоногийн турш аялж, 15 аймгийн 210 сумын нутгаар дайрч 6200 км замыг туулаад ирлээ. Тэр ярьж чаддаггүй, сонсдоггүй. Мөрөөдлөө биелүүлэхэд хэл яриа, сонсголын бэрхшээл, ер нь юу ч саад болдоггүйг тэр харуулж чадлаа. Уг нь тэр сонсголтой байсан юм билээ. Хоёр настайдаа антиобтикийн хордлогод орсноос болж чих нь дүлийрч, ярьж чадахгүй болсон гэдэг. Гурав, дөрөв орчим настайдаа аав, ээжээсээ өнчирч Сэлэнгийн Хөтөлд хамаатнуудаараа дамжиж өсчээ. Түүний түрийвчинд ээжийнхээ өвөр дээр сууж байгаад авахуулсан зураг бий. Зургаас харахад өөрөө хоёр, гуравтай байсан болов уу гэмээр. Ээжийгээ тэр зургаар төсөөлдөг гэж ярьсан. Хамаатнууд нь түүнийг 29 дүгээр тусгай сургуульд оруулаад буцсанаас хойш холбоо барих нь багассан юм уу даа. Сургуулийнхаа дотуур байранд өсч, дунд сургуулиа дүүргээд Барилгын коллежид цахилгаанчаар сурч, мэргэжилтэй болсныхоо дараа сургуульдаа ажилд оржээ. Өөрийг нь гэх хамаатан садан байхгүй, гэр оронгүй, дугуйчдынхаараа хоног төөрүүлдэг, хөгжлийн бэрхшээлтэй гээд өрөвдмөөр амьдрал түүнд бий. Гэхдээ Ч.Мөнгөндалай өрөвдүүлэх дургүй. Тэр том мөрөөдөлтэй, түүндээ хөтлөгдсөн эрч хүчтэй залуу. Өөртөө үргэлж “Би чадна аа” гэж хэлдэг. Түүнийг мэддэг, ичнээ таньдаг хүн бүр “Чи чадна” гэж урмаар тэтгэдэг. Тэр үргэлж чаддаг. Чадсаар ч байх болно.
Дугуйн аяллынх нь тэмдэглэлийг бичих санал тавихад Ч.Мөнгөндалай эрхий хуруугаа гозойлгож (Сайн байна. Гоё санаа) угтсан юм. Бид хоёрыг ярилцахад “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Соёлмаа тусалж, орчуулга хийж өглөө. Бид гурав дундаа Монголын газрын зураг, бал цаас, гар утас, Ч.Мөнгөндалайн тэмдэглэлийн дэвтэр, ноутбүүк тавиад эхний өдөр тасралтгүй гурван цаг ярилцлаа. Ч.Мөнгөндалай аяллынхаа зураг нэг бүрийг тайлбарлана. Орчуулагч бид хоёр яриад байгаа газрыг нь газрын зураг дээр хуруугаараа дарж, дэвтэр дээрээ тэмдэглэнэ. Дохиогоор ярьдаг хүний сэтгэл хөдлөл, гомдол, баяр бүгд нүүрэн дээр нь ил байх юм. Зарим үед бид гурвуулаа чанга гэгч нь инээцгээнэ. Хааяа үзэг шар, шархийхээс өөр чимээгүй нам гүм болчихно. Удаан ярилцахаар зарим үгийг нь орчуулагчгүйгээр ойлгох янзтай. Бидний яриан дунд “Чи чадна аа”, “Чи мундаг”, “Маш сайхан байсан”, “Амжилт хүсье” гэдэг үг олонтаа давтагдсан юм. Хоёр гараа чанга атгаад өргөвөл “Чи чадна”, гарынхаа араар хацраа доороос дээшээ илбэл “амжилт хүсье”, цээжээ цохивол “Маш сайхан байсан. Бахархсан” гэж байгааг нь ойлгодог болчихлоо. Ингээд түүний ярьснаар аян замын тэмдэглэлийг нь хүргэе. Бидэнд орчуулга хийж байгаа Л.Соёлмаад баярласнаа илэрхийлье.
“МОНГОЛ ОРНЫХОО САЙХНЫГ ХАРАХЫГ ХҮССЭН”
Ч.Мөнгөндалай багаасаа л аялах дуртай. Гэхдээ түүнд аялаад байх боломж байгаагүй. Барилгын коллежид сурч, анхны цалингаа авснаас хойш дугуй унаж, түүгээрээ аялах мөрөөдөл тээх болжээ. Хүссэн дугуйгаа ч авч. Монголын залуучуудын холбооны “Залуу дугуйчдын холбоо” клубт гишүүнээр элссэнээс хойш Монгол орноороо аялах мөрөөдөл нь илүү ойр санагдаж эхэлжээ. Клубийнх нь залуус түүний хувьд гэр бүл нь байлаа. Мөрөөдлөө холбооныхондоо хэлэхэд “Чи чадна аа” гэцгээж. Ч.Мөнгөндалай ч аяллаа хаанаас, хэзээ эхлэхээ судалж эхэлжээ. Хамгийн үзэсгэлэнтэй байгальтай гэж баруун аймгийг сонгосон гэнэ. Ярьж, сонсч чадахгүй учраас Монгол орныхоо сайхныг нүдээрээ харахыг хүссэн нь тэр. Ингээд судалгаагаа хийж байтал дугуйгаа хулгайд алдчихаж. Клубийнхэн нь түүнд үнэтэй дугуй бэлэглэж, америк найз нь 100 мянган төгрөг хандивласнаас эхлээд түүнд маш олон хүн тусалсан. Төрсөн нутгийнх нь ах буюу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга 100 мянган төгрөг, “Compass” аяллын дэлгүүр майхан, “Атилла” клуб дугуйны сэлбэг хэрэгсэл өгсөн гээд тусалж дэмжсэн хүн маш олон. Спортын сэтгүүлчдийн холбоо түүний талаарх мэдээллийг олонд хүргэж, Монголын залуучуудын холбоо аяллынх нь ар талыг хариуцахаар болжээ. Ингээд “Нарантуул” захаас солих хувцас, борооны цув, аяны тогоо, цэвэр ус, боорцог, зэрэг ойр зуурын хэрэглээгээ бэлдэж ачаагаа баглачихав.
2013 оны зургадугаар сарын 7-ны өдөр Чингис хааныхаа хөшөөнд мөргөөд аяллаа эхэлжээ. Залуучуудын холбооныхон түүнийг 45 км дагаад буцав. Аяллаа эхлээд шөнөжин давхиад үүрээр Лүн сумын цайны газарт очиж амсхийжээ. Сэтгэл хөдөлж, маш хурдан давхиснаас болж нүд нь хавдаж, хөлийн булчин зангираад сүйд болж. Тэндээ гурилтай шөл идээд цааш хөдөлж. Зөрж өнгөрөх зарим машины жолооч цонхоороо “амжилт”, “сайн шүү”, “хичээгээрэй” гэж байгаагаа дохиогоороо илэрхийлнэ. Тэгэх бүрт сэтгэл нь хөдөлж, хурдан давхиснаас болж хөлийнх нь шөрмөс татчихна. Газар хэвтэж, хөл гараа гозогнуулж байгааг нь харсан жолооч нар хурдаа сааруулж ирээд гайхна. Засмал зам засч байгаа газар шороон замаар явахаар зөрж өнгөрсөн машины тоосонд булагдчихна. Элсэн тасархайд очоод байгалийн сайхныг биширснээ цээжээ цохиж ирээд илэрхийлэв. “Тэмээ, манхан, заг… Ямар гоо үзэсгэлэнтэй вэ”.
Давхисаар эхний суурин газар болох Хархоринд очиход хүмүүс хамт зургаа авахуулъя гээд тэр хавьдаа л бужигнаан болж. Гэр бүлээрээ мотоцикльтой давхиж ирээд дугуйн дээр нь бөөгнөрч суугаад гэр бүлийн зураг авахуулав. Машинтай хүмүүс ирээд хамт зургаа авахуулчихаад facebook-тээ “Дугуйчин Мөнгөндалайтай тааралдав” гэж тавина. Зураг хамт авахуулсан хүн бүр хоол унд, ус ундаа өгнө. “Хоол идсэн, ус байгаа” гэж бичээд харуулсан ч “илүүдэхгүй. Аваад яв” гэцгээх аж. Хүний өгснийг хаялтай нь биш. Гэлээ гээд ачаад явахаар дугуй нь хагарчихвал яах билээ. “Од” байхын зовлон эхнээсээ мэдрэгдэж эхлэх нь тэр. Зарим хүн дугтуйтай мөнгө өгөхөөр нь үнэтэй чихэр (twix, самар, чипс) аваад үлдсэнийг нь хадгалчихаж.
ЭЭЖИЙН ЭНХРИЙЛЭЛ
Хархориноос цааш хөдлөөд шороон замаар тоосонд булуулж явсаар Бат-Өлзий суманд ирэв. Тэр дунд бороонд цохиулж, даараад багахан зутарсныг эс тооцвол саадгүй Арвайхээрт очжээ. Тэнд Залуучуудын холбооны ажилтан, Ч.Мөнгөндалайн аяллын ар талыг хариуцаж байгаа Сансархүүгийн ээж бий. Тэднийд очоод найзынхаа зургийг хараад маш их санаснаа мэдэрчээ. Тэгэхдээ л “Нэг гэр бүлийнхэн холдохоороо нэгийгээ ийм их санадаг юм уу” гэж бодсон гэдэг. Найзынхаа ээжээр хар шөл хийлгэж идээд нам унтчихаж. Өглөө нь босоод явах гэтэл Сансархүүгийн ээж “Ийм ядруу царайтай яаж явах юм. Дахиад нэг хоно” гэж тас загнаад хонуулчихаж. Ээжийн энхрийлэлд хоёр хоносон хүн бөөн эрч хүчтэй гараад давхичихаж. Нар шарна гэж жигтэйхэн. Цэвэр усаараа толгойгоо шавшаад ч нэмэргүй. Малгайгаа норгоод хэдхэн минут болоод хатчихна. “Үнэтэй усаа дэмий үрэхгүй” гэж бодовч халуун нарыг яалтай билээ. Цайны газар таарахгүй болохоор ойролцоо айлд очно. Очсон айл бүр дайлж цайлаад “дугуйгаар яваад нуруу чинь өвдөж байгаа” гээд хоймрынхоо орон дээр унтуулах гэнэ. “Айлын хойморт унтах их ичмээр. Тэр их хүндэтгэлийг хүлээх эвгүй юм билээ” гэж ярилаа.
БОРООНД ЦОХИУЛЖ, ҮЕРТ БООГДОВ
Баянхонгор хүрэхэд 45 км дутуу байтал гэнэт мөндөр нүдээд эхэлж. Гялгар цаасаар ачаагаа баглачихаад, цуваа өмсөөд дугуйгаа жийж өгч. Урдах зам харагдахгүй. Нүүр нүдгүй мөндөр цохиод ухаан балартах шахам байж. Мөндөр ширүүн бороогоор үргэлжилж явахын аргагүй болжээ. Ашгүй, дэргэдүүр өнгөрсөн машин буцаж ирээд жолооч нь “Чамайг телевизээр харсан. Хичээгээрэй” гээд гар барихад бээрсэн гар нь салганаад ичмээр байсан гэнэ. Осгож үхэхийн даваан дээр Баянхонгорт хүрч зочид буудалд усанд орж байж амь оржээ. Зочид буудалд байхад нь залуучуудын холбооныхон ирж, дайлж цайлсныг ярихдаа сэтгэл нь ихэд хөдөлж байгаа бололтой байв. Баянхонгор сумын Засаг дарга Төмөрбаатар 70 мянган төгрөг хандивласныг дэвсгэрт нэг бүрээр нь дэлгэж байгаад зургийг нь дарж facebook дээрээ тавьчихаж. Ч.Мөнгөндалайн нэрийн хуудас “Залуучуудын холбооны “Залуу дугуйчин клуб”-ийн гишүүн. Дугуйгаар 5500 км аялахаар 2013 оны зургадугаар сарын 7-нд Улаанбаатараас гарсан. Чи чадна аа” гэсэн дөрвөлжин цаас. Очсон газар бүртээ түүнийгээ үзүүлээд, бичиг цаасаар ойлголцчихно. Залуучуудын холбооныхон нь тосч аваад аймаг, сумын удирдлагуудтай уулзуулна. Хотод байгаа нөхдүүддээ хаана яваагаа мессежээр мэдэгдчихнэ. Замын сум, аймгийн эмнэлэгт биеэ үзүүлээд дусал залгуулчихна. Ер нь зохион байгуулалт сайтай явсан нь тэр. Харин замд булчин нь чангарч, шөрмөс татах нь хамгийн том зовлон. Хурдтай явж байгаад зургадугаар сарын 24-нд шагайгаа гэмтээж, цаг алдсанаа харамсангуй ярив.
Баянхонгороос Говь-Алтай руу явах замдаа Байдрагийн гол гарахад бараг усгүй байж. Гол гараад цайны газар хоол идчихээд гараад иртэл хоёр талаар үерийн ус улаанаараа эргэлдээд буугаад ирж. Бараан үүл нүүгэлтээд байхаар нь яарч цайны газарт очиж аврагдсан нь тэр. Голын наана цайны газар, цаана нь хоёр айл. Тэр хоёр айл малаа авч чадахгүй, Ч.Мөнгөндалай аяллаа үргэлжлүүлж чадахгүй нэг өдөр үерт боогдож хоножээ. Хотоос баруун тийш явж байгаа, хот руугаа дөхөж яваа машинууд голын хоёр талд боогдчихсон. “Утасны сүлжээ ч барихгүй. Дэлгүүрт нь цөөн бараатай. Уйтгартай байсан” гэж ярихдаа байдгаараа ярвайх аж. Байдрагийн голын гүүр эвдрээд ус даваад гарчихсан. Үерийн усанд газрын хөрс идэгдээд ангал үүсчихсэн тун айхавтар гэрэл зургуудыг үзүүллээ.
Үерт боогдож хоносныхоо маргааш өглөө нь арай гэж гол гатлаад, замдаа ортол хөл доор чулуу нүүгээд байгаа мэт мэдрэмж төржээ. Тэгтэл яг хажуугаар нь үерийн ус бууж байж. Сонсохгүй болохоор яалтай билээ. Золтой үерт урсчихаагүй гэнэ. “Үхэхээсээ их айсан. Үер яг хажуугаар урсахаар, амжиж гарсандаа ёоё л гэж бодсон” гэж ярихдаа залбирах юм. Шаварт суугаад яахаа мэдэхээ больчихоод байж байтал гадаадын аялагчид ирж мотоциклиороо дугуйг нь чирч өгчээ.
Бууцагаан суманд очихдоо “wow” гэж дуу алджээ. “Шинэ сум” төсөл хэрэгжиж аймгийн төв шиг тохижсон байгааг хараад гайхамшигтай санагдсан гэнэ. Сумын эмнэлэг нь хотын дүүргийн эмнэлгээс том харагдсан аж. Сумын төвөөрөө засмал замтай. Хүмүүс бөөгнөрчихсөн баяр хийж байгаа бололтой байхаар нь манай хүн давхиад оччихож. Шинэ эмнэлгийн нээлтээ хийгээд сумынхан тэр чигээрээ зугаалж байсан нь тэр. Очсоныхоо дараа ичээд сүйд болж. “Би их нүүрэмгий. Өөрөө өөрийгөө уриад л яваад оччихож байгаа юм чинь” гэж яриад тас тас инээв. Тэнд байсан хүмүүс халчихсан болоод ч тэр үү, өөрийнх нь тухай мэдээлэл авсан уу угтаж аваад дайлж цайлж. Сүүлдээ ичихээ ч больж бүгдтэй нь зургаа татуулж, тэрүүхэндээ “од” болох нь тэр. Бүсгүйчүүд нь бүчиж аваад л зургаа татуулаад, зарим нь “Би хажууд нь зогсоно” гэж зүтгээд байхаар нь дахиад иччихэж. Үүнийгээ ярихдаа нүүрээ дараад сүйд. “Би борооноос зугтаад машинд суух гэхээр бүсгүйчүүд гаръя гээд…” гэж ярихдаа нүүр нь улайчихав.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР