Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд нэг кг төмс 500 төгрөгийн үнэтэй байна

Sky их дэлгүүрийн гадаа талбайд “намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа болж байна. Үхрийн нүд, нохойн хошуу, нэрс гээд жимс жимсгэнээс эхлээд сармис, сонгино, төмс, лууван, байцаа, гоньд өрөөстэй. Үнийг нь сонирхвол манжин нэг кг нь 1000, лууван 1500, байцаа 600-800, тарвас 1500, сонгино 1800, нарийн болон навчит ногоо жин бага эзэлдэг учир 5000-6000 төгрөгний үнэтэй байна. Хулуу 3500, кимчиний байцаа 1500, боодол ногоон сонгино, гоньд, янцуй 1000, улаан лооль 5000, цагаан лууван 2000, төмс 500, сармис 15000-25000, зөгийн бал нэг кг нь 20000 төгрөгний ханштай байна. Өдөр өдрийн ханш бага зэрэг хэлбэлздэг болохыг худалдаачид хэлж байв.

Энэхүү худалдааг анх санаачлан зохион байгуулсан иргэн А.Лхагвадорж ярихдаа “сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Төв зэрэг аймгаас ногоочид ирж өөрсдийн тарьсан ногоог худалддаг. Одоогоор асруудаа гүйцээж бариагүй учир зарим аймгийн хүмүүс ирээгүй байна. нийт хоёр том, нэг жижиг асарт 120-иод ногоочныг байршуулна. Одоо байгаа ганц асартаа 40 гаруй ногоочныг шахан байршуулсан байгаа. Анх ногоочдыг үзэсгэлэн худалдаанд хамруулахад өөрсдөө ногоогоо үүрэх нь үүрч, машин түрээслэх нь түрээсэлж ирдэг байлаа.

Харин өнөөдөр нэг ногоочны ард 10-40 хүний хоршоолол бий болсон. Тарих нь тарьж, зөөвөрлөх нь зөөвөрлөж, худалдаалах нь худалдаалж хоршооллын хэлбэрээр ажилладаг болсон нь олон хүнд орлого бий болгож байгаа сайн талтай. Биднийг худалдаагаа эхлэхээс өмнө төмсний үнэ 2000 төгрөгт хүрээд байсан. Тэгвэл энэ үнийг бид 500 төгрөг болтол бурууллаа. Үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 18-нд эхэлсэн. Аравдугаар сарын 18-ны өдөр хүртэл хоёр сар үргэлжилнэ. Иргэддээ уриалахад намрын хоёрхон сард наймаачдаа биш, ногоочдоо дэмжээрэй гэж хүсэх байна. Одоогоор манайхаас өөр газар ногооны үзэсгэлэн гараагүй. Гарсан ч жинхэнэ ногоочид биш, худалдаачид л гарч ирнэ” гэлээ.

Худалдаа эрхэлж буй ногоочдын эргэн тойрон цэвэрхэн, ямар ч хоггүй. Мөн Мэргэжлийн хяналтын газраас байнгын хяналт шалгалт хийдэг. Бүгд гарал үүслийн гэрчилгээ, эрүүл ахуйн бичигтэй учир худалдан авагчид ам сайтай байв. Газар газраас цугласан тариаланчид хог хаях нь ер үгүй. Бүгд дор дороо хогоо цэвэрлэж, шуудай саванд хийж байгаа харагдана. Энэхүү үзэсгэлэн худалдааг анх 2006 онд хотын дарга асан Э.Бат-Үүл санаачлан эхлүүлж байжээ.

Ногооны лангуун дээр болц нь гүйцсэн улаан лооль, ногоон чинжүү, зэрлэг сармис гээд байхгүй ногоо энд алга. Самар, даршилсан өргөст хэмх, цэвэр зөгийн балыг эндээс авах боломжтой аж. Хамгийн гол нь Монголдоо тарьж ургуулсан, жинхэнэ ногоочдын гар дээрээс шууд худалдааг хүргэж байгаагаараа онцлог болохыг ногоочид, зохион байгуулагчид дахин дахин хэлж байв. Энэ үеэр ногоочин с.Уртнасантай уулзлаа.

“Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас ирсэн. Үхрийн нүд, чацаргана зэрэг жимсээ өөрөө тарьдаг. Харин нохойн хошуу, самраа байгалиас түүдэг. Хавартаа гантай байсан болохоор жимсний гарц муу байна. Тиймээс үнийн хувьд бага зэрэг нэмэгдсэн. Жимсний гарц ихтэй жил үнэ хямдардаг. Самар, үхрийн нүд, нэрс гэх байгалийн жимсний гарц ховор байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самар бага зэрэг ургасан. Өөр газар олдоц ховортой харагдлаа. Самар, жимс түүх бригад ууландаа байдаг. Тэднээс жимсээ худалдаж авдаг. Тээвэрлэлтийн горим гэж Монголд тодорхой заасан стандарт байхгүй. Бид гадилын хайрцагт хийж хүнсний скочоор битүүлэн өөрсдийн унаагаар зөөж хот руу оруулж ирдэг. Хөргөгчинд хадгалаад бага багаар зөөж авч ирээд зардаг. Иргэд жимс, жимсгэнийг хадгалахдаа хөлдөөгчинд хөлдөөсөн нь хамгийн зөв арга. Хөлдөөсөн жимс амт шимтийн хувьд ч илүү гоё болдог. Даршилсан ногооны хувьд хөмүүл, халиар, жууцай зэрэг байгаа. Жууцайгаа би өөрөө тарьж, түүнийгээ хэрчиж давсалж, амталдаг. Хөмүүл, халиарыг байгалиас түүж даршилна. Харин хөмүүлийг говиос нийлүүлдэг” хэмээлээ.

Жимс жимсгэний үнийн хувьд самар нэг кг нь 12000, үхрийн нүд, нэрс, хад 8000-10000, чацаргана 6000 төгрөгийн ханштай байлаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин Ц.Наранцэцэг “Би Хөдөө аж ахуйн ТМС-ийг ногооны чиглэлээр сурч төгссөн. Нарийн ногооны арваад, хүнсний ногооны бүх төрлийг тарина. Энд хотын дэлгүүрүүдээс хямд ханшаар ногоогоо зарж байгаа. Бүх ногоогоо өөрсдийн гараар тарьсан. Үзэсгэлэн нээгдсэн өдөр хүмүүс мэдээгүй учир худалдан авалт бага байлаа. Сүүлийн хоёр өдөр худалдан авалт сайжирч байна. Өнгөрсөн сард тасралтгүй орсон бороо ногоо ургалтад их нөлөөлсөн. Нартай өдөр ховор болохоор гадаа тарьдаг навчит ургамлуудын гарц удааширсан. Ус нь ихдэхээр ногоонд ялзрал үүсдэг сөрөг талтай” гэлээ.

Тээвэрлэлт хадгалалтын явцад цохигдоод гэмтэл авсан тарвасыг наймаачид сайн шалгалгүй зарсан. Түүнийг нь хүмүүс мэдэлгүй худалдан авч идээд хордлого авч болзошгүй. Гэмтэлгүй тарваснаас хордлого авахгүй. Түүнээс тарвас хордлого өгдөг гэсэн зүйл байхгүйг ногоочид хэлж байлаа. Хүнсний ногоог хадгалах газар сэрүүн, хасах нэг хэмтэй байх хэрэгтэй. Мөн харанхуй, гэрэл үзэхгүй орчин байх нь чухал. Ер нь зооринд хадгалах нь хамгийн зөв. Хотын төвийн байрны айлууд ногоог их хэмжээгээр хадгалахад тохиромжгүй учир бага багаар худалдан авах нь зөв гэж зөвлөж байлаа.

Говь, хангайн ногооны амт өөр байдаг тухай ногоочид ярив. Таана, мангир, хөмүүлийн үнэртэй холилдоод ч тэр үү, говийн ногоо илүү амт чанар сайтайг магтаж байв. Хангайд бороо хур элбэгтэй, нарны илч арай багатай учраас хүлэмжинд ногоогоо тарьдаг. Ингэснээр говийн ногооны амт чанарыг зарим талаар гүйцдэггүй хэмээн ярьцгааж байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *