“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд 4 дэх өдрөө үргэлжилж байна.
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээнд оролцож ногоочид, үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Тэд борлуулалт тааруу байсан ч үзэсгэлэн эхэлснээс хойш нэмэгдэж байна гэв.
Үзэсгэлэнд оролцож байгаа ногоочдын хувьд эх орныхоо хөрсөнд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж ургуулж байгаа ч ургацаа хадгалах стандарт хангасан зоорь дутагдалтай байгааг ярьж байлаа. Энэ жилийн хувьд манай улс төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж, илүү гарсан ногоогоо нөөцлөх бодлого барьж байна.
Ногоочдод хамгийн тулгамддаг асуудал бол зоорь сав байдаг. Тиймээс тариалангийн бүс нутагт Польшийн хөнгөлөлттэй зээлээр зоорь барих ажлыг зохион байгуулж байгаа юм.
Хонины нэхийгээр гутал хүрэм үйлдвэрлэж байгаа компанийн зүгээс зөөлөн үстэй Орхон хонийг олноор нь үржүүлэхэд анхаарсан бодлого хэрэгтэй байгааг хэлж байлаа.
Энэ сарын 16-нд 24.5 сая, 17-нд 78.9 сая, 18-нд 110.8 сая, нийт 214.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Ерөнхий сайдын зүгээс эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээхэд Засгийн газар болон иргэдийн хамтын ажиллагаа чухал учраас хамтдаа хичээхийг уриалсан юм.