Жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцэгээгээс энэ талаар тодрууллаа.
Тэрбээр “Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалгааг жил бүрийн есдүгээр сард ХХААХҮЯ, НЗДТГ хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих, дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг. Энэ жил есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспод “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулах гэж байна. Есдүгээр сарын 19-нд нээлтийн үйл ажиллагаа, есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон “Алтан намар” амтат талх, есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”, есдүгээр сарын 23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөгийг зохион байгуулна. Нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн. Энэхүү арга хэмжээний үеэр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, шийдвэртэй танилцахаас гадна холбогдох албаны хүмүүстэй ажил хэргийн ярилцлага өрнүүлэх, салбарын хамт олонтойгоо туршлага хуваалцах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх зэрэг олон талын үр ашигтай. Органик хүнсний бүтээгдэхүүний журам гарсантай холбоотойгоор органикт шилжих боломжтой аж ахуйн нэгж иргэдийн бараа бүтээгдэхүүнийг тусгай лангуугаар борлуулахад нь дэмжлэг үзүүлж байна. Мөн оролцогч аж ахуйн нэгжүүдээс лангууны хураамж авахгүй үнэ төлбөргүй барааг нь сурталчилж байгаагаараа онцлогтой” гэв.