Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Намрын дунд сарын арван долоон

Монголчууд намрын дунд сарын арван долооны өдрийг хэзээнээс бэлгэшээж насны хань болох сэтгэлийн амрагтайгаа заяагаа зангиддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд бар өдөр давхцаж тал нутгийнхан унага тамгалах найраа хамтатган ёсолж байгаа. Эл билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд далан долоон хос гал голомтоо бадраах ёсоо үйлдлээ. Хөдөө нутагт ч олон хос тоонот гэрт толгой холбож, жаргалын дугараа мэлтрүүлж байгаа. Хүдэр залуус ороолон чавхдах унагадыг уургалан барилж, галд улайдсан тамгыг шархийтэл даран, хүлэг эрдэнээ эзний ёсоор тойлж байгаа. Намрын дунд сарын арван долооны өдөр орой намрын бороо шивэрч, уулсын орой будантан байна. Сэтгэлд гуниг, баяр ээлжлэн хургана. Угаас хүний амьдрал жаргалтай бас зовлонтой. Намар хэдий гунигтай ч залуу хосын сэтгэлд гэрэл гэгээтэй дурсамжаар дүүрэн үлддэгээрээ сайхан. “Жаргалтайн дэлгэр ээ” гэсэн уртын дууны шуранхай өргөө гэрийг нисгэх шахан жигүүрлэж, улаа бутарсан халмаг хүмүүс мөнөөх дууны үгийг гүйцэд мэдэхгүй ч “Ээ ээхийгээ” хэмээн баясгалантай сайхнаар түрэн дуулцгаана. Уяа шузга дээр мөнгөн тоног бүхий ганган боржигон эмээлтэй морьд молор эрдэнийн толгойгоо хаялан дүүхэлзэж, хазаарын амгайгаа хазлан эвшээцгээнэ. Залуу хос биесийг түшин жаргалтайхан залхуу маягаар талимааран хоймор голлоно. Өвгөд настан намбатайхан дүмбийцгээж, хэд гурван дугарааны дараа сургааль айлдан, “Халзан цагаан хонь, халтар гүүний унага аваарай” гэж халуун хошуут мал амлан мөнгөн аягатай сүүг цэнхэр хадган дээр мэлтэгнүүлэн барина. Найр хавтгайрч, өрх үүсгэж сум сунгасны жаргалтайн дэлгэр бүрдэнэ. Намрын дунд сарын арван долоонд найр хурим өрнөж, насны жаргал ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *