Categories
мэдээ улс-төр

Намрын чуулганы хугацааг сунгалаа

Хуулиараа УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн хоёрдугаар сарын 10-нд завсарлуулах ёстой ч эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх тул түүнийг хэлэлцэхтэй холбогдуулж, хугацааг 8 хоногоор сунгасан байна.

Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг эхлүүлэхийн өмнө онцолсон юм. Ингэснээр УИХ-ын намрын чуулганыг хоёрдугаар сарын 18-нд завсарлуулахаар болжээ.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн танилцуулснаар УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 11, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 1, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 5, Төрийн байгуулалтын байнгын хороо 6, Төсвийн байнгын хороо 8, Эдийн засгийн байнгын хороо 7, Хууль зүйн байнгын хороо 6, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 35, Монгол Ардын намын бүлгээс 12, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25, Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгосон байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Ганбат, Х.Болорчулуун нараас 8 санал тусгайлан ирүүлжээ.

Тиймээс УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүд, өргөн мэдүүлээгүй боловч УИХ-ын даргын захирамжаар төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр хугацаа заасан төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгах зарчим баримталсан байна. Мөн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хяналтын тухай, Нийтийн сонсголын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай зэрэг хуулийн төслүүд, түүнчлэн Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд зэрэг хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхээр нэр зааж тусгасан байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд өргөн мэдүүлээд нэлээд удаж байна. Гэтэл энэ төслийг хэлэлцэхгүй, хэлэлцэх асуудалд багтаахгүй цаг их алдаж байна. Тэгсэн хэрнээ улстөрчид өөрсдийгөө хамгаалсан Эдийн засгийн өршөөлийн тухай зэрэг хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэхээр багтаасан нь ямар учиртай вэ” гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн тайлбараар бол Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байж, Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэж гишүүд үзсэн тул хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалд багтаагаагүй. Хаврын чуулганаар Эрүүгийн хуулийг хэлэлцэхээр тусгасан, түүний дараа уг төслийн асуудал яригдана гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *