УИХ 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон асуудлаар МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монгол улсын 2020 оны улсын төсөв хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийн шатанд явж байна. МҮЭ-ийн холбоо гурван талт улсын хэлэлцээрт тусгагдсан иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг Төсвийн хуулийн дагуу 2019 оны 7 дугаар сарын 15-нд хүргүүлсэн.
Улсын төсөв ард иргэдийн нийтлэг, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулагдах ёстой. Ирэх он сонгуулийн жил. Нам, улс төрийн хүчнүүд сонгуультай холбогдуулж төсөв батлах ёсгүй.
Одоо хэлэлцэж байгаа төсвийн төсөлд бидний тавьж буй асуудлууд тусаагүй байна. Иймд дараах асуудлуудыг улсын төсөвт тусгуулах, шаардлагатай зарим арга хэмжээг авч ажиллах саналыг УИХ, УИХ-ын Төсвийн байнгын хороо, Засгийн газар, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандан хүргүүлсэн гэлээ.
МҮЭ-ийн холбооноос хүргүүлж буй гол 4 санал:
1. Төр, төсвийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг төсвийн зардлын ангилалд оруулж, Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх. /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2. Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна/
2. НХХ-ын сайдын 2004 оны 77 дугаар тушаал –“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д 1779 ажлын байруудад хийлгэсэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн үнэлгээ, дүгнэлтүүдийг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтайгаар оруулах, шаардлагатай хөрөнгийг Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх. /Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална/
3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх. /Монгол Улсын Засгийн Газар, Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд долоон төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн нь ХНЗГТ Улсын хэлэлцээрийн холбогдох заалтыг зөрчиж байсан болно/
4. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдүүлэх эх үүсвэрийг Улсын төсөвт баталгаажуулж, хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарах