Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлох нь ихсэж түүнийг дагаад харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол багагүй гардаг.
Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 7-ны өдөр Налайхын уурхайд осол гарч нүүрс олборлож байсан гурван иргэн дарагджээ.Тодруулбал, Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны тунель тасарч, 38 настай эрэгтэй Э, 37 настай эрэгтэй Б, 32 настай эрэгтэй Б нар нурангинд дарагджээ.
Аврах тусгай салбарын дөрөвдүгээр бүлгийн 20 гаруй аврагч шуурхай арга хэмжээ авч тэднийг цаг алдалгүй эсэн мэнд авран эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чаджээ.
Байсхийгээд хүний амийг авч оддог Налайхын нүүрсний амуудыг холбогдох албаныхан хаах шийдвэр гаргаж, лацаддаг ч хэд хоногийн дараа хулгайгаар ажлаа явуулж эхэлдэг нь өнөөдөр асуудал болоод байна. Мэдээж хүний амь нас хохирч байгаа нь аюултай хэдий ч энэ жижиг амуудаар амьдралаа залгуулдаг олон иргэд байгаа. Тиймээс энд ажиллаж буй хувиараа нүүрс олборлогчдод хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг дүүргийн иргэд хэлж байна.