Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хязгаарлана. 20,9 км авто замыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.
Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино. Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.