Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай тушаалыг бүх шатны эрүүл мэндийн байгууллага гаргаж, баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг урьдын адил хангаж ажиллана. Нийслэл, аймгуудын эрүүл мэндийн газрууд шуурхай штабын хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдлыг хангах юм.
Ингэхдээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх төв буюу өрх, сумын эрүүл мэндийн төвүүд долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.
Өрхийн эрүүл мэндийн төв тус бүр дээр жижүүр их эмч, сувилагч нар ажиллах бөгөөд товлосон төлөвлөгөөт эмийн эмчилгээ хийгдэхгүй. Тухайн өвчтөнд ямар нэг зовуурь илэрсэн, эмчид хандах шаардлага гарсан тохиолдолд жижүүр эмч нар үүргээ гүйцэтгэнэ.