Categories
мэдээ улс-төр

Наадмын комисс хуралдаж, баярын хөтөлбөрийг батлав

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдлаа. Хурлаар баяр наадмын бэлтгэл ажлын явцын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийв.

“Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталж, эрлийз буюу шинэ цагийн монгол морьдыг долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт уралдуулахаар шийдвэрлэлээ. Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг мөн баталлаа.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх салбар хороодын дарга нарт ажлаа сайтар нягталж, Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлыг долдугаар сарын 5 гэхэд дуусгаж бэлэн болгох, засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргад даалгасан байна.

Хурдан морьдын салбар хороонд шинээр батлагдсан журмыг уяачдад танилцуулж заавар өгөх, уралдаанд морьдыг эмээлтэй, унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гуталтай уралдуулах ажлыг одооноос сурталчилж ажиллахыг анхааруулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *