Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэхээр нийт 557 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Баяр наадмын нээлт, хаалт болон Есөн хөлт цагаан туг залах, соёолонгийн уралдаан, Сүхбаатарын талбайн тоглолтын үеэр хөдөлгөөний чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим уулзвар, гарцыг хаах зэрэг зохицуулалт хийгдэнэ. Иймд FM 100.1, 100.5, 88.8, Авто радио 96.3-аар дамжуулан нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран зорчигчдод замын ачааллын мэдээллийг давтамжтайгаар наадамчин олонд хүргэхээр боллоо.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Энэ жил “А”, “Ж”, “DK”, “Ү”, “Г”, “улаан М”, “цэнхэр М” гэх нийт долоон төрлийн зөвшөөрөл олгогдож байна. Зарим тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг талбайн ойролцоо дүүргээр нь ангилж өгсөн. Жишээ нь “Г” төрлийн зөвшөөрлийг хоёр чиглэлд байршуулжээ. Нэг дэх байршил нь СБД, СХД, БГД, ЧД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Энхтайвны гүүрний зүүн дор байрлах “Усан парк”-ын зогсоол, хоёр дах нь ХУД, БЗД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны зогсоолд байрлуулна.
Зөвшөөрөл аваагүй иргэд Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоолд автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Мөн замын мэдээлэгдсэн байдлыг сайжруулах, жолоочид мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд “Чиг заасан мэдээлэх самбар”-ыг түгээмэл байдлаар байршуулжээ. Зөвшөөрлийг “Дүнжингарав” худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээ, НЗДТГ-ын нэг давхарт борлуулж байна.
Өмнөх жилүүдэд морины уралдааныг дамжуулах үед эхний зургаан байрыг л харуулдаг байсан. Энэ талаар уяачид гомдол, санал ихээр ирүүлсэн тул уралдааныг дуустал нь дамжуулахаар болжээ. Мөн хурдан морины уралдааныг дагаж явдаг машины тоог цөөлж, 16-аас дээш машин явах боломжгүй гэж үзсэн байна.
Энэ жил Үндэсний их баяр наадмыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа иргэддээ зориулж МҮОНРТ, TV9, TV5, NTV, UBS, SPS зэрэг телевизүүд шууд дамжуулан ажиллахаар болжээ. Бусад телевизүүдийн хувьд эдгээр телевизүүдээс сигнал аван шууд дамжуулна. Мөн гадны томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд болох BBC, Японы болон, Хятадын олон улсын радио зэрэг байгууллагууд баримтат кино, нэвтрүүлэг, мэдээ, сурвалжлагахийхээр болжээ.
Э.АНУДАРЬ