Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмаар тав хоног амрах нь тодорхой боллоо

Ирэх долоо хоногийн мягмар гаригт УИХ-ын хав­рын чуулганыг зав­сар­луу­лахаар
төлөвлөжээ. Тиймээс одоо хэлэлцэж буй хуулийн төслүүдээ энэ өдрүүдэд амжиж батлахаар
өчигдөр бүх байнгын хорооны хурал­дааныг зарлав. Найман байн­­гын хороо хуралдаж
асуудлуудыг хэлэлцсэн юм.

Тухайлбал, Төрийн бай­гуулалтын байнгын хороо үндсэн гурван асуудлыг
хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Уг өөрчлөлтөөр Үндэсний
их баяр наадмын өдрүүд болох долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр
амардаг байсныг “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ
тав хоног амардаг байхаар тусгаад байгаа юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг
хийхэд асуулт асууж, санал нэмэх гишүүн байсангүй. Байнгын хорооны зургаан гишүүн
байснаас Н.Батцэрэг “хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя” гэсэн горимын
санал гаргасан. Түүний эл саналыг байнгын хорооны хуралдаанд суусан бүх гишүүн дэмжсэнээр
УИХ-ын нэгдсэн чуулганд оруулан хэлэлцүүлэхээр болов.

Тэрчлэн Монгол Ул­сын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай,
“Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын
төслийг хэлэлцлээ. Нийт 316 хууль, тогтоолын төсөл ирүүлснээс өргөн мэдүүлээгүй
боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, өргөн мэдүүлсэн
болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд
хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг тогтоолын төсөлд оруулжээ.

Харин Хууль зүйн байнгын хорооны хурлаар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг
хэлэлцлээ. Асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө “Хэн байнгын хороог даргалах вэ” гэдэг
дээр гишүүд багахан маргаан өрнүүлээд авав.

Байнгын хорооны дарга долоо хоногоос илүү хугацаагаар эзгүй байгаа
тохиолдолд орлогчийг сонго­но гэсэн хуулийн дагуу УИХ-ын дарга захирамж гарган Д.Ганбат
гишүүнийг орлогч даргаар томилсон нь маргааны эхлэл болсон юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү
“Ш.Түвдэндорж даргыг албан ёсоор байнгын хорооны даргаас чөлөөлөөгүй байхад яагаад
ийм асуудал үүсч байгаа юм” хэмээн Д.Ганбат гишүүнийг даргын суудалд суух болоогүй
хэмээн зүтгэсэн ч асуудал түүний хүссэнээр шийдэгдсэнгүй. Д.Ганбат гишүүн хуралдааныг
эхлүүлж алх цохьсноор О.Баасанхүү болон Ж.Батзандан нар хууль бус хуралд суухгүй
гээд гарч одсон юм. Ингээд асуудлыг хэлэлцэж эхлэхэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
Хууль сахиулахын их сургуулийн барилгын ажлын талаар тод­руулсан бол УИХ-ын гишүүн
Б.Бат-Эрдэнэ хууль зүйн сал­барын урсгал зардал хүрэл­цэж байгаа эсэх, түүнийг танас­наар
ямар бэрхшээл учирч байгааг тодруулж байв. Ийнхүү байнгын хороо асуудлыг хэлэлцээд
санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болсон.

Энэ өдөр хуралдсан Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө
аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан ч мөн л хэлэлцэх асуудалтай хол­боотой
маргаанаар эхлэв. УИХ дахь бие даагчид болон гишүүн Г.Уянга нар хуулийн төслийг
шүүмжилж тус хуулийн төслийн 5.3, 5.4, 5.5 дахь заалтуудыг авах­гүй бол
бид хуралдаанд орол­цохгүй гэж мэдэгдсэн. Уг заалтуудад стратегийн орд, төрийн хувь
хэмжээг тогтоох гэх мэт асуудлуудыг тусгасан байв. Түүний энэ саналыг төслийг санаачлагчид
хүлээж аваагүй нь дургүйцлийг нь төрүүлэв бололтой “АН-ынхан та нар тойрч суугаад
энэ хуулиа хэлэлц. Бие даагч, сөрөг хүчин, “Шударга ёс” эвсэлгүйгээр ярилц. Та бүх­ний
энэ байдал ардчилсан зарчим биш шүү” гэж хэлээд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нартай
гарч одоход АН-ын арав гаруй гишүүн л танхимд үлдсэн юм. Тэднийг гарахад Д.Ганбат
гишүүн “Та нар яах гээд байдаг юм. Хуралдаа суу. Би ард түмнээ хүндэтгэдэг учраас
энд сууж байна” гэхэд Ц.Даваасүрэн гишүүн “Чи өөрийгөө байнгын хорооны дарга болсон
гэж бодоод байна уу” гэж тавлав. Харин Д.Ганбат гишүүн “Болохгүй байсан ч яадаг
юм” гэж мөчөөр­хөхөд “Болоогүй нь дээр” гэж хэлээд хуралдааныг орхисон. Байнгын
хороо асууд­лаа хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулснаар хуралдаан
дуусав.

Нийгмийн бодлого, бо­ловс­рол, соёл, шинжлэх ухаа­ны байнгын хорооны
хурал­даанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоо­лын
төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны  гишүүд хуралдааны эхэнд Эрүүл мэндийн сайдын төсвийн
багцын  2013 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх
товч танилцуулгыг сонсов.

Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын нийт зардал 2013 онд
463,890.1 сая төгрөг батлагдсанаас 415,823.8 сая төгрөг болж 89.6 хувийн гүйцэтгэлтэй
гарчээ. Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын төсвийн багцын нийт зардал өнгөрсөн
2013 онд 121,747.5 сая төгрөг бат­лагд­санаас 104,128.4 сая төгрөг болж 85.5 хувийн
гүйцэт­гэлтэй гарчээ. Өмнөх оноос 10.2 хувиар буурсан байна. Харин Боловсрол, шинжлэх
ухааны сайдын багцын төсвийн гүйцэтгэл 2013 оны тодотгосон төсвөөр 1,037.5 тэрбум
төгрөгөөр батлаг­джээ. Тэрбээр 90.8 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.

Тэгвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцын төсвийн
гүйцэтгэл 97,3 хувьтай гарсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46.1 хувиар
буюу 165.522.0 сая төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Мөн Хөдөлмөрийн сайдын нийт зарлага 24,994.4 сая төг­рөгийн хэмнэлттэй
гарчээ.

Төсвийн байнгын хорооны хурлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн,
улс хоорондын шуудангийн илгээмжийг татвараас чөлөөлөх тухай Гаалийн тариф, Гаалийн
тат­варын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай
хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Баяр­цогт зөөв­рийн компьютерийг шуудангийн илгээмжээр
явуу­лахдаа тат­вараас чө­лөөлье гэсэн санал гар­гав. Байнгын хорооны гишүүд хэлэлцээд
үнийн дүнг нэмж, оруулах давтамжийг харгалзан төсөлд тусгах са­налыг дэмжиж төс­лийг
нэгдсэн чуулганы хуралдаанаар хэ­лэл­цүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын
тог­тоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр
байнгын хо­роо­ны хурлаас завсарлага авав.

М.МӨНХ,

Л.ТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *