“Таван толгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг хил давж зугтсан гэх мэдээлэл гарсан билээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Ойрын хугацаанд нийгмийн сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хил давж зугтсан байна гэх мэдээлэл явж эхэллээ. Та одоо яг хаана байна вэ?
-Би компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын Korea national railway, Koreal компаниудтай танилцахаар томилолттой явж байна.
Бид Гүро галт тэрэгний СТС диспетчерийн нэгдсэн удирдлагын төв, Коrеаl оператор байгууллага, GTX-A төмөр замын барилгын ажил, галт тэрэгний туннель барих технологийн талаар туршлага судлах зэрэг томоохон зорилготой явна. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй юм.
-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс таван толгой компани дээр онц дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томиллоо. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Энэ талаар мэдээлэлгүй байна.
-Эхний байдлаар нийгэмд очиж байгаа мэдээллээр бол энэ оны сүүл гэхэд төлбөрийн тэнцэл болох 500 сая ам.долларыг Эрдэнэс таван толгой дансандаа төвлөрүүлэх ёстой. Тийм боломжгүй болсон учраас Засгийн газар онц дэглэм тогтоосон гэх юм аа. Энэ талаар таны байр суурыг сонсъё?
-Надад одоогоор авсан мэдээлэл байхгүй болохоор мэдэхгүй байна.
-Эцэст нь асуухад, Засгийн газрын хуралдаанд цагдаа хүчнийхэн мэдээлэл өгсөн байна. Үүнийг та юу гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар ТТЗ компанийг татан буулгах асуудал яригдсан гэх юм. Энэ үнэн үү?
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар надад одоогоор мэдээлэл алга байна.