Categories
мэдээ нийгэм

Н.Учрал: Зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг нь бүртгэлгүй эм эзэлж байна DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Учрал Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо” байгуулах тогтоолын төслийг зарим гишүүдийн хамт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал” Иргэд эм худалдан аваад байдаг. Гэтэл үйлчлэл нь гаднын өндөр хөгжилтэй орнуудынхтай харьцуулаад үзэхэд 3-4 дахин бага байна. Манай улсад эмийн аюулгүй байдал ямар түвшинд байна вэ гэдэг анхаарах асуудал боллоо” хэмээв.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн салбарын нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон эмийн чанар, эм тээвэрлэх ложистикийг чанартай байлгахад тогтолцоо нь сайн байхаас өөр аргагүй. Тендерээр хямд үнэ авсаар, чанаргүй, муу эмээр эрүүл мэндийн салбар дүүрчээ.

Улмаар чанартай эмээр 7 хоногт эмчлэх хүнийг чанаргүй эмээр 14-21 хоног эмчилж байна. Өвчнийг хурдан эмчилж, хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах нь эмийн чанартай шууд холбоотой. Тийм учраас маш чухал тогтоолыг бид өргөн барилаа” гэв.

УИХ-ын гишүүн Э.Батшугар “Нийт худалдаалж буй эмийн 14 хувь стандарт бус, 19 хувь нь бүртгэлгүй. Тэгэхээр зах зээлд борлуулж буй эмийн 33 хувь нь хүний биед эрсдэл учруулж байна гэсэн үг.

Хувь хүн ОХУ-д очоод эмийн сангаас нь чемодан дүүрэн эм аваад гардаг. Бүртгэлтэй, стандарттай эсэх хамаагүй авч ирээд эмийн сангуудаар зарж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *