Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй өнөөдөр уулзлаа.
Уулзалтад Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэн юм.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаас “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Улсын Их Хурлын бүтэцд 26 гишүүнтэй түр хороог байгуулсан талаар дурьдаад энэхүү түр хороо нь салбарын мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэсэн холбоотой нягт хамтран ажиллаж, мэргэшсэн хүмүүсийн үгийг сонсон, ажил хэрэг болгоход анхаарах зорилгоор чөлөөт уулзалт зохион байгуулж байгааг тэмдэглэв.
Тэрбээр мөн Цахим бодлогын түр хорооны ажлын төлөвлөгөөний төслийг гаргасан бөгөөд түр хороогоор хэлэлцэж батлахаасаа өмнө уг төсөлдөө салбарын мэргэжлийн холбооны саналыг тусгах зорилготой байгаагаа илэрхийллээ.
Цахим бодлогын түр хороо нь,
Төрийн албанд хэрэглэж буй болон шинээр нэвтрүүлэхээр төлөвлөсөн программ хангамж, түүний үр ашиг, аюулгүй байдал, уялдаа холбоог, мөн өмнө нь хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, үр ашгийн тал дээр хяналт шалгалт, үнэлгээ хийх,
Үнэлгээнд үндэслэн Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх хүрээнд төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай зөвлөмж боловсруулах,
Төрийн албаны цахим шилжилттэй хобоотойгоор холбогдох хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, орчин үеийн чиг хандлагатай нийцүүлэх санал боловсруулах,
Олон нийтийн сүлжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зэргээр хийх ажлын төлөвлөгөөний төслөө гаргасан байна.
Төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг мэргэжлийн түвшинд, шуурхай, уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх зорилгоор Мэдээллийн технологийн аюулгүй байдал, Блокчейн технологи, Төрийн албаны цахим шилжилт, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх, Олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэсэн чиглэлүүдээр ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэгт салбарын мэргэжлийн хүмүүсийг оруулж ажиллуулна гэдгээ Цахим бодлогын түр хорооны дарга хэлсэн.
Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ц.Чулуунзагд мэргэжлийн туслалцаа болон дэмжлэгийг бүх талаар үзүүлж ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлэв.
Мөн энэхүү уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ оролцож, байр сууриа илэрхийллээ.
Төгсгөлд нь уулзалтад оролцогчид мэдээлэл технологийн салбарын бодлогын талаар болон Цахим бодлогын түр хорооны ажлын төлөвлөгөөний төсөлд тусгаж болох саналууд гаргаснаар уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.